Говь-Алтай аймгийн Цогт сумын уугуул Монгол Улсын Гавьяат малчин Гаанжуурсүрэнгийн Амарсанаа “Шүлгийн нэртэй ном” шүлгийн анхны түүврээ хэвлүүлж, номын нээлтээ хийлээ. Сайн шүлгүүдтэй ном уншигчдад очих нь дээ гэж би бэлгэшээв. Гаанжуурсүрэнгийн Амарсанаа Монгол малчин хүн шүү дээ. Би энэ үгийг ялгаж, доромж талаас хэлээгүй. Бахархал талаас омогшин чангаар хэлж байна. Ялангуяа нутаг, уул усны шүлгүүд монгол найрагчийн задгай их зөн билэг. Ийм эгэл атлаа цаанаа чанад уянгатай шүлгийг хүн зохиодоггүй юм. Тэнгэртэй ярьж буулгадаг юм гэж төрийн шагналт, СГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар номын мялаалга өргөн бичжээ. Түүнтэй номын нээлт дээр хуучилснаа толилуулж байна.

Анхны номын нээлтээ хийж буй сэтгэгдэл ямар байна вэ?

- Мэдээж сайхан бна. Аав ээж минь эгэл малчин хүмүүс хэдий ч хувийн соёл, зөв дадал зуршилтай мундаг хүмүүс байсан. Аав минь насаараа өдрийн тэмдэглэл хөтөлсөн. Тэмдэглэлээ нээхдээ тэр жилдээ хийх ажлаа төлөвлөж, хаахдаа тэр жилд тохиосон онц гойд үйл явдлуудыг жагсаана. Мөн надад чи юм бичдэг хүн байна, ном болгоорой гэж аминчлан захьсан. Тиймээс алтны дэргэдэх гууль шарладаг гэгчээр миний тэмдэглэлийн сүүлийн арваад жилийн дэвтрүүдийн өмнө шүлгийн түүвэр хэвлүүлэх гэж бичсэн байгаа юм. Тэгээд л тохироо нь бүрдэж 2025, 2026 он дамнуулан номоо минь хэвлүүллээ.

- Анхны шүлгийн номоо гаргана гэж шийдэхэд юу хамгийн их нөлөөлөв?

- Олон хүчин зүйл байсан. Мэдээж аав ээжийн захиас, ах эгч дүү нарын хүсэлт, анд нөхдийн дэмжлэг, мөн “Жаргалантын яруу айзам” бүлгэмийн ах эгч нарын үлгэрлэл зэрэг нөлөөлсөн.

- Яруу найрагтай анх хэрхэн, хэзээ холбогдсон бэ?

- Нэлээд хожуу 20 орчим наснаасаа нутаг ус, аав ээж, ах эгч дүү, мал ахуйн тухай бичиж эхэлсэн.

- Номын гол сэдэв, уур амьсгал юу вэ?

- Энэ номны голлох сэдэв бол эх нутаг, ээж аав, хайрын тухай. Миний номын эхийг Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Шагдарсүрэнгийн Гүрбазар гуай уншиж, өмнөх үг бичиж өгсөн.

Тэрээр номыг минь “уул ус, нутаг хайрхан, ээж ааваа бичсэн, жинхэнэ монгол шүлэг, намайг “тэнгэрээс буусан задгай их зөн билигтэй монгол найрагч” гэж үнэлж бичсэнд өчүүхэн малчин найрагч би хязгааргүй их баярлаж, урам зориг төрж байгаа.  

- Уншигчид энэ номоос ямар мэдрэмж, бодлыг аваасай гэж хүсэж байна вэ?

- Монгол хүн болж төрснөөрөө бахархах, мөн санаа сэрэмж сэхээрэл өгөх.

- Танд хамгийн ойр, онцгой санагддаг шүлэг аль нь вэ? Яагаад?

- Нутгийн тухай шүлгүүд. Яагаад гэвэл би малчин хүн. Малчин хүн чинь хамаг цагийг ганцаараа, малын бэлчээрт өнгөрөөдөг. Тэгэхээр нутаг ус бол аав ээж шиг, хань нөхөр шиг ойр дотно, түшиг тулгуур байдаг юм даа.  

- Энэ ном таны амьдралын ямар үеийг илүү их илэрхийлж байгаа вэ?

- Миний залуу зандан насны үед ихэнх шүлэг минь төрсөн

- Шүлгүүд тань бодит амьдралын туршлагаас хэр их урган гарсан бэ?

- Нутаг ус аав эжийн тухай шүлгүүд бодит амьдралаас урган гарсан. Харин хайрын шүлгүүд төсөөлөл мөрөөдлийн шинж агуулгатай

- Та шүлэг бичих үедээ өөрийгөө илүү эмзэг болгодог уу, эсвэл эдгээдэг үү?

- Ер нь бол санаа мөр гэнэтхэн орж ирдэг, түүнийгээ ургуулан баяжуулж бичдэг. Шүлэг бичих үедээ бүхнээс ангижирч тасардаг

- Таны шүлгийг хэн уншаасай гэж хүсэж байна вэ?

- Би өөрийн шүлгүүдээ эхнэр хүүхдүүдээ уншаасай гэж хамгийн ихээр хүсэж байна. Учир нь гэр бүлийнхэндээ хэлэхийг хүссэн үгээ шүлэгтээ багтаадаг болохоор гэх үү дээ.

- Дараагийн ном бүтээлийн төлөвлөгөө бий юу?

- Гэр бүлийн шинжтэй ном болох дайны шүлгүүд бий. Түүнийгээ эмхэлнэ дээ.

- Анхны номоо гаргах гэж буй залуу уран бүтээлчдэд юу гэж зөвлөх вэ?

- Шүлэг уран зохиол оролддог, бичдэг хүмүүст илүү их уншаарай гэж би хэлнэ. Мэдлэг авьяасыг чимдэг.

- Яруу найраг таны амьдралд цаашид ямар байр суурь эзлэх бол?

- Яруу найраг миний амьдралд ямагт баттай байр суурь эзлэх болно. Намайг үнэлүүлэх, хүндлүүлэх зүйл бол шүлэг бичих юм.