Нийслэлчүүд цахилгаан хязгаарлах хуваарьт ороод долоо хонолоо. Засгийн газрын тэргүүн, салбарын сайд нар ээлж дараалан очиж “Удахгүй зүгээр болно, аргална” гэж мэдэгдсэн ч нөхцөл байдал улам хүндэрлээ. Одоогоор хэзээ цахилгааны хязгаарлалт хэвийн болохыг хэн ч хэлж мэдэхгүй байна.
Энэ хугацаад лаа, шүдэнз, газны эрэлд гарч гэр, ажил дээрээ даарч зутарсан хүмүүс хамгийн түрүүнд Эрчим хүчний сайдаас хариуцлага нэхсэн. Атал Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хэн нь ч хэн нэгэнтэй хариуцлагын асуудал ярьсангүй. Харин бүр эсрэгээрээ олон нийтийг тавлаж байгаа аятай шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.
Б.Чойжилсүрэн сайдад ажлаа сайжруулах 100 хоногийн хугацаа өгчээ. Энэ цаг тоолол өнөөдрөөс эхлэлээ гэхэд тавдугаар сард буюу урин дулаан орж “зун” болох нь. Тэр хүртэл хүйтний эрч суларч эрчим хүчний ачаалал багасч бүх зүйл мартагдана. Ер нь хугацаатай үүрэг даалгавар гэдэг бол асуудлыг сарниулах, мартагнуулах, хариуцлагаас бултах улстөрдийн "хар" технологи гэдгийг монголчууд гадарлахтайгаа болсон.
Дахиад өвөл болно. Дараагийн сайдыг дахиад л "гал" унтраа гээд 100 хоногийн хугацаа өгөх үү. Хамгийн хоржоонтой нь Ерөнхий сайдын өөрт нь өгсөн 100 хоногийн хугацааны талаар Б.Чойжилсүрэн сайд тайлбар хэлэхдээ “Эрчим хүчний асуудлыг 100 хоногт амжиж шийдвэрлэхэд хүндрэлтэй. Ажлаа өгөх ёстой бол өгнө” гэв. Эндээс харвал салбарын сайд нь ажлаа өгье гээд байхад Ерөнхий сайд нь “Байж бай” гээд байгаа болж таарав уу. Монголын төрд эрчим хүчний салбарыг удирдчих өөр хүн байхгүй хэрэг үү.















