Боловсролын зээлийн сангийн "хулгай" нийгэмд дуулиан тариад 3-4 жил өнгөрлөө. Тухайн үед өнөөгийн УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, БЗС-гийн Ажлын албаны дарга О.Сийлэгмаа нар олны анхааралд оруулж шүгэл үлээж байв. Ингэж татвар төлөгчдийн мөнгийг боловсролдоо зарцуулсан хүмүүсийн төрийн дансанд тушаах ёстой 360 гаруй тэрбум төгрөгийн асуудал сөхөгдсөн ч өнөө хэр нь хангалттай төлөгдөөгүй байна. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн хэдэн зуун саяар гадаадын өндөр төлбөртэй сургуульд суралцаад түүнийгээ буцааж төлөөгүй эсвэл салбарын сайдаар нь тэглүүлсэн тушаал гаргуулчихдаг хүмүүсийн дунд төрийн өндөр албан тушаалтан, тэдний хамаарал бүхий хүмүүс, олны танил эрхмүүд цөөнгүй байгаа юм.

Бид татварын төлөгчдийн мөнгөөр гадаадад өндөр төлбөртэй сургуульд сурчихаад зээлээ төлөхгүй тэглүүлсэн төрийн өндөр албан тушаалтан болон тэдний хамаарал бүхий хүмүүсийн мэдээллийг хүргэж байна.

Тэдний дунд одоогийн УИХ-ын гишүүн болон тэдний хамаарал бүхий хүмүүс нийлээд есөн хүн бий. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн дүү Б.Баттогтох 2008-2010 оны хооронд суралцсан 50 сая, УИХ-ын гишүүн Д.Бум-Очир 2001-2004 оны хооронд суралцсан 172 сая, УИХ-ын гишүүн С.Лүндэг 2012-2014 оны хооронд суралцсан 114.0 сая, УИХ-ын гишүүн Б.Заяабал 2004-2006 оны хооронд суралцсан 121 сая, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2003-2005 оны хооронд суралцсан 33.0 сая, Барилга хот байгуулалтын сайд Э.Бат-Амгалангийн дүү Э.Батбаяр 2003-2005 оны хооронд суралцсан 173 сая, УИХ-ын гишүүн П.Сайнзориг 2008-2010 оны хооронд суралцсан 114 сая төгрөгийн зээлээ төлөхгүйгээр тэглүүлсэн.

Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд 2007-2009 оны хооронд суралцсан 114.0 сая, УИХ-ын гишүүн А.Ганбаатар 2010-2012 оны хооронд суралцсан 114.0 сая, УИХ-ын гишүүн А.Ундраа 1998-2000 оны хооронд суралцсан 213.0 сая төгрөгийн төлбөрөө тэглүүлсэн бол УИХ-ын гишүүн асан Н.Энхболдын Э.Одмөнх 2008-2012 оны хооронд суралцсан 114.0 сая, гишүүн асан Х.Баделханы Б.Арна, Б.Галия нар 230 сая, гишүүн асан Д.Муратын М.Арайлям 2020-2011 оны хооронд суралцсан 241 сая, гишүүн асан А.Бакейгийн Б.Асхар 2016-2017 онд суралцсан 57 сая төгрөгийн төлбөрөө тэглүүлжээ. Ийнхүү татвар төлөгчдийн 1.8 тэрбум төгрөгөөр гадаадад сурчихаад зээлээ тэглүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг АТГ-аас тогтоож, үе үеийн Боловсролын сайд нарын зээл тэглэсэн тушаалыг хүчингүй болгох албан бичгийг ЗГХЭГ-т хүргүүлээд байгаа юм.

Бүр тодруулбал, 2008 оноос хойш боловсролын салбарыг удирдсан зургаан сайдын 17 тушаалаар 800 орчим суралцагчдын зээлийг тэглээд байгаа. Энэ нь өнөөдрийн ханшаар 87.6 тэрбум төгрөг болж байна. Тэгвэл эдгээр сайд нарын зээл тэглэсэн тушаал хууль бус гэдгийг  АТГ-аас тогтоосон.

Ийн хуулиас давсан 17 тушаалаар 87.6 тэрбум төгрөг тэглэж ийм хэмжээний хохирлыг төрд учруулж, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан сайд нар хэн бэ гэдэг нь ил болоод байгаа билээ. Тодруулбал, боловсролын зээлийн сангийн хууль бус тушаалыг үе үеийн боловсролын сайдаар ажиллаж ирсэн Ц.Цогзолмаа, Ё.Баатарбилэг, Ж.Батсуурь, Л.Гантөмөр, Л.Цэдэвсүрэн, Л.Энх-Амгалан нар гаргасан байдаг. Харин одоо ЗГХЭГ эдгээр сайд нарыг татвар төлөгчдийн мөнгийг дур мэдэн тэглэсэн тушаалыг хүчингүй болгочихвол боловсролын зээлийн сангаар суралцаж байгаа дараа дараагийн хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлөх боломж нээгдэх юм.