Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн оны зургадугаар сард дууссан ч ажилласан хэвээр буй. Мөн Цэцийн гишүүн Л.Өлзийсайхан өнгөрөгч арваннэгдүгээр сард ажлаасаа чөлөөлөгдөн, УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон. Түүний оронд өнөөдрийг хүртэл хэн нэгнийг томилсонгүй.
Г.Баясгалан, Л.Өлзийсайхан нарыг УИХ-аас санал болгон томилсон бөгөөд тэдний оронд хэнийг “тавих” вэ гэдгийг үндсэндээ спикер Н.Учрал шийднэ.
Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилохын өмнө УИХ нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах хуулийн зохицуулалт нь Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн гэж Цэц 2024 оны зургадугаар сард их суудлын хуралдаанаараа эцэслэн шийдвэрлэсэн. Ийнхүү Цэцийн гишүүд өөрсдөө өөрсдийг нь сонсголгүйгээр томилох шийдвэр гаргах явцад Л.Өлзийсайхан, О.Мөнхсайхан, Э.Энхтуяа, Ц.Цолмон, Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон байдаг. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүн, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, АТГ-ын дарга, дэд дарга, Сонгуулийн ерөнхий хороо, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл болон Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Ерөнхий аудитор, Монголбанкны ерөнхийлөгч, тэргүүн дэд, дэд ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны дарга, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гишүүн, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн гээд олон албан тушаалтныг томилохдоо УИХ сонсгол зохион байгуулж, хэнийг хаана томилох гэж буй талаараа нээлттэй байж, олон нийтийг мэдээллээр хангадаг.
Тэгвэл Үндсэн хуулийн цэц дахиад л өөрсдийг нь сонсголгүйгээр томилдог зохицуулалттай холбоотой асуудлаар маргаан үүсгэсэн байна.
Тодруулбал, эхэнд дурдсан 2024 оны шийдвэртэй нь УИХ-ын хяналт шалгалтын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалт агуулгын хувьд харшилж байна гэж үзэж өдгөөгөөс сарын өмнө маргаан үүсгэн, хянан шалгах ажиллагаа явуулж эхэлжээ. Тэдгээр нь дараах заалтууд бөгөөд Үндсэн хуулийн 49.1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана”, 64.2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна”, мөн зүйлийн гурав дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана”, 65.1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилно” гэснийг зөрчсөн гэж нэр бүхий иргэд мэдээлэл гаргасныг Цэц хүлээн авсан хэрэг.
30 дугаар зүйл. Нэр дэвшигчийн сонсгол
30.1. Эрх бүхий этгээдээс хуульд заасны дагуу санал болгосон нэр дэвшигчтэй холбогдуулан Улсын Их Хурлаас дараах нэр дэвшигчийн сонсгол явуулна:
30.1.1.Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүн, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн, Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Ерөнхий аудитор, Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд, Дэд ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны дарга, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гишүүн, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүний албан тушаалд томилуулахаар Улсын Их Хуралд санал болгосон нэр дэвшигчийн талаарх томилгооны сонсгол;
30.1.2.Улсын Их Хурлаас нэр дэвшигчийн сонсгол явуулахаар хуульд тусгайлан заасан, эсхүл Улсын Их Хурал танилцах, зөвшилцөх, томилохоор хуульд заасан албан тушаалтны хувьд танилцах, зөвшилцөх, томилгооны сонсгол явуулахаар Улсын Их Хурлын 15-аас доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол.
УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулиас
104 дүгээр зүйл. Цэцийн гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэх журам
104.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Улсын дээд шүүхээс Цэцийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлсэн саналыг хүлээн авснаас хойш энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. Хууль зүйн байнгын хороо нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш ажлын 5 өдрийн дотор тухайн тайлан, эрх бүхий этгээдийн саналыг хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиас
















