ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтын хамаарал бүхий “Эй Жи Жи Эс” компани нь халиун буга амь үрэгдсэн асуудлаар Богдхан уулын 1.8 га талбайгаа цуцлуулсан ч 11 га ашиглах эрхтэй үлдэв. Тодруулбал, 2026 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 23-р хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд байрлах “Эй Жи Жи Эс” компанийн барьсан стандарт бус хашаанд халиун буга гэмтэж, амь үрэгдсэн. Уг асуудалтай холбоотойгоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тушаал гаргаж, стандарт бус хашаа барьсан “Эй Жи Жи Эс” компанид нийт 55.4 сая төгрөгөөр торгох шийдвэр өнөөдөр гаргалаа. Түүнчлэн газар ашиглалтын талбайг хэсэгчлэн цуцалж, хэмжээг нь 18.149 мкв-аар багасгахаар шийдвэрлэсэн юм.
Уг компани нь Богдхан уулын дархан цаазат газар Нүхтийн аманд 2011 онд 9.92 га, Зайсангийн аманд 2017 онд 2.9 га талбай ашиглах тусгай зөвшөөрөл авчээ. Харин өнөөдөр БОУАӨ-ийн сайдын тушаалаар 1.8 га талбайгаа цуцлуулж байгаа энэ юм.


“Эй Жи Жи Эс” компани нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтын хамааралтай компани гэгддэг. Учир нь тус компанийн гүйцэтгэх захирал Д.Базаргүрүү хэмээн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд бүртгэгджээ. Харин эцсийн өмчлөгчөөр ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтын төрсөн дүү нар болох Сандагийн Балжинням, Сандагийн Баянчулуун нар бүртгэлтэй байна.

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтын харилцан хамаарал бүхий компаниуд Богдхан уулын Дархан цаазат газарт газар эзэмшиж буй асуудал үүгээр дуусахгүй. Бид цувралаар хүргэх болно.















