Монгол Улсын Их Хурлын даргын санаачилгаар Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран “Бонд Форум-2025” арга хэмжээ өнөөдөр /2025.04.17/ зохион байгуулав. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд болж буй уг арга хэмжээг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нээж хэлсэн үгэндээ, бонд гаргах эрх зүйн орчин, нөхцөлийн талаар нээлттэй хэлэлцэж, энэ зах зээлийн ололт амжилт, хэтийн ирээдүйн талаар ажил хэрэгч саналууд солилцоно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн. Мөн тэрбээр УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар танилцуулж, уг хууль нь Улсын Их Хурал, Засгийн газар, яамдууд салбарын эрх ашгийг хөндсөн чухал асуудалд оролцогч талуудын саналыг сонсож, тухайн шийдвэрээ гаргадаг эрх зүйн орчныг бий болгох зорилгод чиглэсэн. Тодруулбал, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимыг бүрдүүлж байгаа төрийн бус байгууллагууд, танхимын гишүүдээр ажиллаж байгаа хувийн хэвшлийнхэн та бүхэнд үйл ажиллагаа явуулах тогтвортой эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд илүү бодитой оролцох боломжийг бий болгоно гэж байлаа. Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан цаашдаа Улсын Их Хурал банк, санхүү зээлийн асуудал, эл салбарын бодлого нь иргэд, бизнесийг дэмжсэн зорилготойгоор үйл ажиллагаа явуулж буй эсэх талаар өргөн хүрээнд хэлэлцэх тул төрийн бус байгууллагуудын санал үнэтэй хувь нэмэр болохыг онцлов.