Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн уржигдар буюу 2026 оны зургадугаар сарын 03-ны өдөр болж дараагийн Ерөнхий шүүгчийг тодруулав.
УДШ-ийн Ерөнхий шүүгчид Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, шүүгч Ч.Хосбаяр, Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт нар нэр дэвшин, санал хураалтын дүнгээр шүүгч Ц.Цогт олонхын саналыг авснаар түүнийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтсон юм.
Улсын дээд шүүхийн 22 шүүгч нууцаар санал хураалт явуулснаас 11 нь Ц.Цогт шүүгчийг дэмжиж саналаа өгсөн бол хоёр нь Ч.Хосбаяр шүүгчийг дэмжиж 9 нь цагаан хуудас өгчээ. Ингээд Ц.Цогт шүүгч олонхийн саналаар Ерөнхий шүүгчид дэмжигдсэнд хууль шүүхийн салбарынхан төдийгүй олон нийт ам сайтай байна. Энэхүү үйл явдлаас харахад өнөөгийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг дахин нэр дэвших эрхээ эдлээгүй нь Монголын шүүх эрх мэдэлд шинээр үүссэн соёл, зөв жишиг боллоо. Харин үүнийг төрийн тэргүүн дэмжих үү эсвэл дахин эргэлзээ үүсгэх үү гэсэн хэлэлцүүлэг нийгэм даяар өрнөж буй. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Монголын хууль шүүхийн хараат бус байдал, шүүх эрх мэдлийн шударга ёсны манлайллыг хамгаалах уу, гацаах уу гэдэг нь 14 хоногийн дотор шийдэгдэх учиртай. Гэвч өнөөдрийн байдлаар Ерөнхий шүүгчээр Ц.Цогтыг томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Тэгвэл шүүгчдийн зөвлөгөөний дараагаас эхлэн Дээд шүүх бужигнаж, шүүгчдийн зөвлөгөөнөөс тодорсон Ерөнхий шүүгчийн нэр солигдож ч мэдэхээр болжээ. Тодруулбал, одоогийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг уржигдар болсон шүүгчдийн зөвлөгөөний шийдвэрийг хүчингүй болгуулахаар зүтгэж байгаа аж.
Тэрбээр Дээд шүүхийн шүүгчидтэй уулзаж шүүгчдийн зөвлөгөөнийг хүчингүй болгон дахин зарлаж Ерөнхий шүүгчид Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, шүүгч Ч.Хосбаярыг томилуулах тохироо, даалгавар өгч буй бололтой. Хэрэв шүүгчдийн зөвлөгөөнийг дахин хуралдуулах юм бол цагаан хуудас өгсөн есөн шүүгчээс эхлээд Ч.Хосбаярыг сонгох магадлал өндөр. Энэ тохиолдолд олон нийтийн таамаглаж байсанчлан Ерөнхий шүүгчээр Ч.Хосбаярыг сонгоод дараа жил Д.Ганзориг эргэн ирэх спенарь үнэн болж таарах нь. Хэрхэхийг харах үлдлээ.













