Сүүлийн жилүүдэд Монголд жуулчин татах, Монголыг гадаадад сурталчлах ажил идэвхжиж энэ чиглэлд хувь, хувьсгалгүй л бодлого шийдэл гаргаж байна. Монгол Улсын Засгийн газраас "Go Mongolia" төслийн хүрээнд урилгаар авчирсан гадны инфлүүнсерүүдийн бүхий л зардал санхүүжилтийг гаргасан байдаг.

Гадны оддоор Монголыг дэлхийд таниулах бодлого 2023 оноос идэвхтэй хэрэгжсэн. Солонгосын загвар өмсөгч, инфлүүсер, контент бүтээгч Ssun BIKI Монголд аялахаар ирэх үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзахдаа “Цаашид БНСУ-д алдартай, салбар бүрийн influencer -ийг Монгол Улсад аялуулах, тэднээр дамжуулж Монгол орны онцлог, дөрвөн улирлын аялал жуулчлалыг сурталчлах, хамтран ажиллана” гэсэн юм. Үүний дараагаас Монголыг зорих гадаадын оддын цуваа тасарсангүй. Гэхдээ хувийн хэвшлийн шугамаар ирэх нэрийдлээр төрөөс их бага хэмжээгээр төлбөр төлж ирсэн.  

Сүүлийн хоёр жилд л гэхэд Соёлын яамны урилгаар цөөнгүй инфлүүнсер манай улсад ирсний дотор АНУ-ын алдарт инфлүүсер Аштон Холл, Америкийн алдарт YouTuber, стример IShowSpeed буюу Даррен Уоткинс Жр. Мөн Өмнөд Солонгосын К-попын алдарт дуучин, жүжигчин "Rain" Монголд тоглолтоо хийсний дараа аялал жуулчлалын хүрээнд монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудаар аялсан.

Түүнчлэн БНСУ-ын дуучин, жүжигчин Ким Хён Жун, артист Bloo нар ирсэн. Энэ дундаас хамгийн их дуулиан тарьсан нь дэлхийн алдартай контент бүтээгч “Nas Daily”-ийн үүсгэн байгуулагч Nuseir Yassin. Тэрбээр цахим орчинд давхардсан тоогоор 70 гаруй сая дагагчтай нэгэн. Nuseir Yassin олон улсын контент бүтээгчдийн “Nas Summit” арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулав. Энэ мэтээр Монголоо сурталчлуулахын тулд дэлхийн оддыг Монголд урьж хэдэн зуун тэрбумаар хэмжигдэх мөнгө төлж байна. Мэдээж гадны инфлүүнсэрүүдийн нөлөөгөөр Монголын талаар мэдэж тэр хэрээр аялагчдын тоо нэмэгдсэн нь лав. Үгүйсгэх аргагүй. Гэхдээ л Монгол гэдэг нэр, Монгол ахуйг зураг дүрсээр өнгөцхөн харуулаад л өнгөрч буй.

Харин сүүлийн үед дэлхий нийтийг байлдан дагуулаад буй Netflix, "Physical Asia" шоу Монголыг жинхэнэ утгаар нь таниуллаа. Тэр дундаа Монголыг төлөөлж оролцсон Монгол Улсын арслан Б.Орхонбаяр, холимог тулаанч Б.Энх-Оргил, 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн, гар бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн, жүдогийн Үндэсний шигшээ багийн тамирчин А.Адьяасүрэн, МУГЖ, уран нугараач Э.Лхагва-Очир нарын хүч чадал, тэсвэр тэвчээр, багийн ажиллагаа, ур ухаан, тайван бас өөртөө итгэлтэй дайчин чанар Монголыг дэлхий дахинд цуурайтууллаа. Монголыг дэлхийд таниулах хамгийн гол онцлог нь Монгол соёл уламжлал, Монгол онцлог, ялгарал, мөн чанар юм гэдгийг нийтээрээ харж, хүлээн зөвшөөрсөн өдрүүд өнгөрч байна. Тиймдээ ч монголчууд зөвхөн хүч чадлаар буc ур ухаанаар, сэтгэл зүйгээр, даруу төлөв, эелдэг найрсаг зан чанараар, өрсөлдөгчөө хүндлэх ухаанаар энэ тэмцээнийг дуусгалаа.

Монгол Улсаа эерэгээр сурталчлан таниулах тун сонирхолтой, оновчтой санаачлага гарган бодит ажил хэрэг болгож чадлаа. Монголыг гадны инфлүүнсерүүд биш Монгол ялгарал дэлхийд таниулна. Монголыг сурталчлахад зөвхөн жуулчдаар тогтохгүй бизнес, хөрөнгө оруулалт гээд маш олон талыг харах учиртай болж байна гэдгийг "Physical Asia" шоунд оролцсон Монгол багийн “Дайчид мориндоо” харуулж, ухаарууллаа гэсэн монголчуудын сэтгэгдэл хөвөрсөөр байна.

Улсын арслан Б.Орхонбаярын хэлснээр “Бид биеийн хүчээр дутуу ч багийн нэгдэл, тактик, хар ухаанаараа илүү байсан” буюу Монгол үндэстэн, мөн чанарыг харуулж тэмцээний турш стратегич байлаа.

Бүр дэлхий нийтэд “....Монголчууд үнэхээр гайхалтай байлаа. Би солонгос хүн ч энэ нэвтрүүлгээр тэд ялах байх гэж найдаж байсан. Гэхдээ одоо миний хувьд ялагч хэн болох нь чухал биш боллоо. Монгол баг үнэхээр гайхалтай байсан. Тэд дэлхийд хүч, ухаан, багийн сэтгэл, тэд дайчин бүргэдийн байдлаа харууллаа...”

“...Монголын төрийн далбаанд хүндэтгэл үзүүлсэн тэр үзэгдлийг би хэзээ ч мартахгүй. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн эдгээр авьяаслаг хүмүүсийг үзэх сайхан байлаа, би тэд бүгдэд хүндэтгэл илгээж байна. Ялангуяа Монголд, би чин сэтгэлээсээ дэмжиж байна....” зэргээр Монголын баг, Монголын талаар эерэг сэтгэгдэл, хэлэлцүүлэг өрнөж байна.

Монгол дайчид дэд байрт шалгарсан ч алдар хүнд, хүндлэлээр дүүрэн ирлээ.