“Бүтээлч хот”-ын хүрээнд зохион байгуулагдаж буй “Улаанбаатар Биенналь 2025”-ын уран бүтээлч Х.Сүрэнгийн (Сузи) “Дурсамжаар бүтээв”цуврал үзэсгэлэнгийн төгсгөлийн бүлэг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгэгдлээ.
“Дурсамжаар бүтээв” цуврал нь уран бүтээлчийн 2019 оноос эхлэн хэрэгжүүлсэн төсөл юм. Тэрээр 20 жил хадгалсан ургамал, цэцгийн хатаамал цуглуулгадаа тулгуурлан, дурсамж, хувь танин мэдэхүй, цаг хугацааны тухай сэдвийг эргэцүүлжээ.
Төгсгөлийн үзэсгэлэнгийн гол онцлог нь бүтээлүүд дурсамж шиг бүх хүртэхүйд хүрэлцээтэй байхаар төлөвлөжээ.
Цианотип, торгон хэвлэл, дуу, тактиль дүрслэл, инсталляц зэрэг олон техникээр урласан бүтээлийг үзэгчид харахаас гадна сонсох, гараар мэдрэх зэргээр дурсан санах, мэдрэх, хуваалцах орон зайг бүтээсэн байна. Түүнчлэн үзэсгэлэнгийн бүх бүтээл харааны болон хэл ярианы бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй буюу брайл үсэг, аудио хөтөч, мэдрэгдэх буюу товгор бүтэцтэй дүрслэлтэй аж.
Уран бүтээлч Хашийн Сүрэн нь 2016 онд Итали улсын Болонья хотын Урлагийн академийг зураасан зургийн зураач мэргэжлээр төгсжээ.
Өмнө нь тэрээр ноос ноолуур, дизайн, брендингийн салбарт ажилласан бол өдгөө уран бүтээлчийн хувиар урлагийн төсөл санаачлан хэрэгжүүлж, бар зураг, цинотопын сургалтууд зохион байгуулж, хэвлэлийн арт директороор ажиллаж байна.
Тэрээр уран бүтээлдээ мултидисиплинары буюу олон аргын нийлэмжийг шингээхийг зорьдог бөгөөд бүтээлүүд нь Итали, Япон, Чех, Тайваний олон улсын үзэсгэлэнд оролцож байжээ. Үзэсгэлэнгийн бүтээлүүдийг олон нийтэд хүртээмжтэй болгоход Xасбанк ХХК, Шунхлай ХХК компаниуд ивээн тэтгэжээ. Үзэсгэлэн 2025 оны зургаадугаар сарын 17-ноос 25-ныг хүртэл үргэлжилнэ.
Фото зургийг: ZAYAJARGAL BATJARGAL