УИХ-ын дарга Н.Учрал томилогдсоныхоо арав дахь хоногийн ой дээр Монголын төр хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудалд дуугүй суухгүй хэмээн мэдэгдсэн. Бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан 16 настай охины ээжтэй уулзах үеэр энэ үгийг хэлж байв. Улмаар Ч.Шинэсаран охины гэгээн дурсгалд зориулж, түүний нэрээр шинээр ашиглалтад орж байгаа түр хамгаалах байрыг нэрлэнэ гэх зэргээр хүүхэд хамгааллын асуудлаар имидж хийж эхлэв.
Тэгвэл УИХ-ын дарга Н.Учрал хэлсэн энэ үгэндээ эзэн болж өвлийн хахирган хүйтэнд морь унаж уралдан, сурч боловсрох, амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чадахгүй байгаа уралдаанч хүүхдүүдийн эрхийг хамгаалж өгнө үү. Намын дарга болоод чуулган завсарласан хугацаанд орон нутагт олон хоногоор ажиллахдаа энд тэндгүй хурдан морины үсэргээн сунгаан явагдаж байгааг эрх биш харсан байлтай. Хэрэв хараагүй бол хотоос хэдхэн км зайд Төв аймгийн Сэргэлэн суманд өдөр бүр уралдаан болж сурагчид морь унаж, уяад сургууль бараг эзгүй шахам байгаа. Мөн балчир хүүхдүүд идэр есийн хүйтэнд эрүүл мэндээрээ яаж хохирч байгааг тэнд очоод харж болно. Бодит нөхцөл байдлыг манай mongoliapress.mn газар дээрээс нь сурвалжилсан билээ. Энэ мэтээр сар шинэ болохтой зэрэгцээд уралдаанч хүүхдүүдийн эрх ноцтой зөрчигдөж байхад дуугүй суухгүй, хүүхдүүдийг хамгаална гэсэн Их хурлын даргын амнаас үг унасангүй. Үйлдэл бүр ч хийсэнгүй.
Энэ зуур хотоос 20-30 км зайд Засгийн газрын тогтоолыг үл хайхран, идэр есийн хүйтэнд уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулж хүүхдийн эрх ноцтой зөрчигдсөөр. Бүр бага насны хүүхэд мориноос унаж амь насаа алдлаа.
Ганцхан жишээ дурьдахад, Шүүх шинжилгээний ерөнхий газраас гаргасан мэдээллээр өнгөрсөн 10 жилийн хугацаанд 46 хүүхэд мориноос унаж, амь насаа алдсан. Эдгээр хүүхдүүдэд задлан шинжилгээ хийхэд гавал тархины битүү гэмтлийн улмаас амь насаа алдсан нь тогтоогдсон байна.
Энэ хоёрдугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн Галт суманд бас нэг хүүхэд хурдан мориноос унаж амь насаа алдсан.
Арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэл хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 хүртэлх насны хүүхдийг хурдан морь унуулахгүй байх Засгийн газрын шийдвэр гарсан ч энэ мэтээр уяачид төрийн шийдвэрийг уландаа гишгэж уралдаан сунгаа зохион байгуулж, хүүхдүүд амь насаа алдсаар байгааг зүгээр хараад суух уу. Эсвэл хүнд алуулж, хүчирхийлэлд өртөөгүй л бол хүүхдийн эрхийг хамгаалахгүй хэрэг үү.
Тэр дундаа Улаанбаатар хотын “61-ийн гарам”, Төв аймгийн Сэргэлэн, Баян, Дорнод аймгийн Баянтүмэн, Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Сүхбаатар аймгийн Онгон, Дорноговь аймгийн Хатанбулаг зэрэг нэр бүхий сумдад хурдан морины уралдааныг удаа дараа зохион байгуулж, холбогдох албаны хүмүүс нь зогсоож чадахгүй байна. Тиймээс 126 гишүүнтэй парламентын спикер хууль дүрэм үйлчлэхээ байсан эл үйл явдалд цэг тавьж хүүхэд хамгааллын манлайллаа уралдаанч хүүхдүүдээс эхлүүлнэ үү. Монголын төр хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудлыг зүгээр хараад суухгүй гэдэг үгэндээ хүрч идэр есийн хүйтэнд ч морь унаж уралдж байгаа уралдаанч хүүхдүүдээ хамгаална уу. Хэрэв УИХ-ын дарга нь хүртэл уяачдад найр тавьж хүүхдийн амь нас, эрүүл мэнд, сурч боловсрох эрхийг хөсөр хаях юм бол хүүхдийн нэр барьж шоудахаа болих хэрэгтэй.

















