Эрүүл мэндийн салбарынхан өнгөрсөн оны 10, 11-дүгээр сард ажил хаях акц өрнүүлж байв. Аравдугаар сарын дундуур эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд Сүхбаатарын талбайд долоо хоног суулт хийсэн бол арваннэгдүгээр сарын эхээр Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос хугацаагүй ажил хаялт зарлахаа мэдэгдсэн. Үүний үр дүнд эрүүл мэндийн салбарынхны цалинг 75 хувиар нэмэгдүүлж 3.5 саяд хүргэх шийдвэрийг Г.Занданшатарын Засгийн газар гаргаж, тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Үйлдвэрчний эвлэлийн холбоотой гурван талт хэлэлцээр хийж, гарын үсэг зурснаар албан ёсоор баталгаажуулсан. Ингэж хоёр тал гар барьж зөвшилцсөнөөр эмч, эмнэлгийн ажилтнууд акцаа зогсоосон байдаг.
Үүний дараа буюу Н.Учралын Засгийн газар байгуулагдангуут дөрөвдүгээр сарын 13-ны даваа гарагт эрүүл мэндийн салбарынхантай уулзаж мөн л 75 хувь нэмэх шийдвэрийг танилцуулж, цалингийн зөрүүг арилгалаа хэмээн баахан пиар хийсэн.
Ингэхдээ Ерөнхий сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нар эмнэлгүүдээр явж салбарыхантай уулзаж, асуудлыг нь цогцоор шийдлээ хэмээн ганган контент цацсан. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал “Эмч ажилчдын цалинг 2026 онд багтаан 75 хувь нэмэх Засгийн газрын шийдвэр гарсан. 8, 9, 10, 11, 12 дугаар саруудад тус бүр 9 хувиар нэмэгдэж, 2026 оны төгсгөл гэхэд 75 хувь нэмэгдэх юм. Эрүүл мэндийн салбарынхны цалин нь үндсэн, нэмэгдэл, илүү цаг, үр дүнгийн урамшуулал гэсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй. Эдгээрээс илүү цагаас бусад нэмэгдлийг 30 хувь нэмэгдээгүй цалингаас тооцон олгож байсныг ойрын хугацаанд өөрчилж нэмэгдсэн цалингаас бүх төрлийн нэмэгдлийг тооцож олгох ажлыг зохион байгуулж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Э.Батшугарт үүрэг болголоо” гэж хэлж байв.

Гэтэл түүнээс хойш бараг хагас жил болж байхад эрүүл мэндийн салбарынхны цалин нэг хувиар ч нэмэгдсэнгүй. Ерөнхий сайд, салбарын сайд нарын хэлснээр бол наймдугаар сард 9 хувь, есдүгээр сард мөн л тодорхой хувь нэмэгдэх байлаа.
Харамсалтай нь өнөөдрийн байдлаар эмч, эмнэлгийн ажилтнууд нэмэгдсэн цалингийн бараа хараагүй, хий дэмий горьдож сууна.
Засгийн газар эдгээр өдрүүдэд ирэх оны төсвийн тодотголоо парламентаар хэлэлцүүлж байна. Гэтэл төсвийн тодотголд эрүүл мэндийн салбарынхны цалинг оны өмнө буюу арваннэгдүгээр сарын 1-нээс 20 хувь, 2026 он гараад 10 хувь нэмэхээр тусгаж оруулж иржээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газар эмч, эмнэлгийн ажилтнуудад удаа дараа амласан бодлогоосоо буцаж 75 хувийн нэмэгдлээс 45 хувийг нь танах нь. Ийм нөхцөл байдал үүсчихээд байхад Эрүүл мэндийн сайд Э.Батшугар салбарынхныхаа цалин, нийгмийн хамгааллын асуудлыг хөөцөлдөж хамгаалах оролдлого хийсэнгүй. Харин ч бүр эсрэгээрээ эмч нар ажлаа хийхгүй кофе ууж байна хэмээн түмний элэг доог болж, эмч, ажилчдынхаа дургүйг хүргэж явна.
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос төсвийн тодотголтой холбоотойгоор Сангийн яаманд шаардлага хүргүүлсэн ч тодорхой хариу өгөөгүй аж. Тиймээс эмч, эмнэлгийн ажилтнуудын цалингийн нэмэгдлээс 45 хувийг хасах дээрх шийдвэр хэвээр батлагдвал дахин ажил хаяхаар бэлтгэж, гарын үсэг зуруулж эхэлжээ.










.jpg)

.jpg)






