Дэлхийн хамгийн их хүн амтай, бүхий л талаараа олон улсын нөлөө бүхий орнуудын Гадаад хэргийн сайд нар манай улсад ээлж дараалан айлчилж байна. Долоо хоногийн өмнө Хятадын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчлаад буцсан. Өнөөдөр Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субраманьяам Жэйшанкар Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар албан ёсны айлчлал хийхээр манай улсад хүрэлцэн ирлээ. Өнө эртний түүхээр холбогдсон, оюун санааны хөрш гэгддэг Бүгд Найрамдах Энэтхэг Улстай дипломат харилцаа тогтоогоод 70 гаруй жилийг үдэж, өдгөө стратегийн түншлэлд хүрээд буй бөгөөд үүнээс өмнө 2018 онд тус улсын Гадаад хэргийн сайд Шушма Свараж манай улсад айлчилж байв.  

“Хүннү эйр”Улаанбаатар-Дели чиглэлд шууд нислэг үйлдэнэ

Сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, үр дүнгийнхээ талаар хэвлэлийнхэнд мэдээлсэн. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Энэ удаагийн айлчлал нь манай хоёр улсын төр, засгийн тэргүүн нарын улс төр, эдийн засгийн хүрээнд тохиролцсон ажил, арга хэмжээг ажил хэрэг болгох, үр дүн гаргахад чухал ач холбогдолтой боллоо. Эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааг нэмэгдүүлэхээр талууд ярилцсан. Монголоос Энэтхэг рүү коксжих нүүрс болон уул уурхайн бусад бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийг судлах ажлыг өргөжүүлэхээр санал нэгдлээ. Шууд болон транзит нислэгийг хөгжүүлэх чиглэлээр ярьж тохирсон” гээд “Хүннү эйр” компани ирэх наймдугаар сард Улаанбаатар-Дели чиглэлд шууд нислэг үйлдэхээр бэлдэж буйг дуулгав. Мөн хөдөө, орон нутгийн сургуулиудын англи хэлний багш нарыг чадавхжуулах хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлэхээр тохирсон байна.

Сайд нар хэлэлцээнийхээ үр дүнгийн талаар мэдээлэл хийв
Ингэхдээ Энэтхэгээс англи хэлний багш нарыг урьж орон нутагт ажиллуулахаар ярилцсан бөгөөд манай талаас ойрын үед өөрсдийн хэрэгцээ, шаардлага ямар байгаа тухай мэдээллээ нөгөө талд илгээх гэнэ.

Хоёр улсын хамтын ажиллагааны тод илэрхийлэл болсон томоохон төсөл бол Монгол Улсад хэрэгжүүлж иж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт юм.Сайд Б.Батцэцэг, Субраманьяам Жэйшанкар нар маргааш газрын тосны үйлдвэрийн төслийн талбайд ажиллах аж. Мөн Энэтхэгийн фермерүүд малын бэлчээр, эрүүл мэндийг ухаалаг технологиор хянаж буй туршлагаас судалж, хамтран ажиллах саналыг Энэтхэгийн тал тавьж, ажил хэрэг болгохоор тохиролцов.

Энэ өдөр сайд Субраманьяам Жэйшанкар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Монгол Улсын Төрийн тэргүүн Энэтхэг Улсыг манай “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь итгэлт түнш хэмээн үздэгээ илэрхийлэн, хоёр улсын стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт тогтвортой өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Стратегич

Энэтхэг бол дэлхийн хамгийн том ардчилсан улс төдийгүй эдийн засгийн өсөлт, технологийн хөгжил, олон улсын нөлөөллөөрөө дэлхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж буй гол тоглогчдын нэг. Орчин үеийн Энэтхэгийн гадаад бодлогын үзэл баримтлалыг боловсруулж, хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан нөлөө бүхий дипломатчдын нэгээр олон улсад үнэлэгддэг, олон улсын харилцааны нэрт стратегич доктор Субраманьям Жайшанкарын энэхүү айлчлал нь манай хоёр орны харилцаанд төдийгүй бүс нутгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой.

Өдгөө 71 настай Субраманьяам Жэйшанкар нь 2018 онд дипломат албаа орхиж, тэтгэвэртээ гарсан ч ердөө жилийн дараа буюу 2019 оноос Гадаад хэргийн сайдаар ажиллаж эхэлжээ.

Тэрбээр 1977 онд Москвад томилогдсоноор гадаад харилцааны салбар дахь ажлын гараагаа эхлүүлж, Сингапур, Хятад, Америкт Элчин сайд байв. Ингэхдээ БНХАУ-д 4.5 жил сууж Энэтхэгээс тус улсад хамгийн удаан хугацаанд ажилласан Элчин сайд болсон төдийгүй хоёр улсын хилийн маргааныг дипломат аргаар шийдвэрлэхэд голлох үүрэг гүйцэтгэжээ. Түүнчлэн 2015-2018 онд Энэтхэгийн Гадаад хэргийн Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байж.