Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар өнөө маргаашгүй албаа өгөхөөр боллоо. Ерөнхий сайд маргааш буюу лхагва гарагийн 14:00 цагт Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох асуудлыг чуулганд танилцуулахаар товлосон.

Гэтэл үүнтэй зэрэгцээд өчигдөр гэнэт ХҮН намынхан үдээс хойш шуурхай хурал зарлаж Боловсролын сайд П.Наранбаяр чөлөөлөгдөх өргөдлөө өгөхөөр болсныг мэдэгдэв. Мөн араас нь эрчим хүчний салбарыг сонирхож буйгаа илэрхийллээ. Зөвлөлийн дарга П.Ганзориг “Манай нам 2024 оноос Засгийн газарт хамтарч, шинэчлэл хийхээр зорьж байгаа салбаруудын нэг нь эрчим хүч. Энэ ч үүднээс манай намын бодлого Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон. Тиймээс зөвшилцлийн хүрээнд бас нэг яригдаж байгаа салбар эрчим хүч мөн” хэмээж сайд болох сонирхлоо битүүхэн илэрхийлсэн. Энэ зөвхөн түүний ч санаа биш биз. Засгийн газрын хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буй энэ үед ядаж ХҮН намын кнопыг авч үлдэх гэсэн тохироо байх талтай.

Гэхдээ 30 жил шинэчлэл хийгээгүй эрчим хүчний салбарыг гурвантаа сайдаар ажилласан Б.Чойжилсүрэн сайжруулж чадахгүй бууж өгч байхад боловсролын салбарт жулдсан ХҮН намынхан энэ чухал салбарт очоод өөрчлөлт шинэчлэл хийх үү. Үнэндээ Б.Чойжилсүрэнг П.Ганзориг юм уу Т.Доржхандаар солиод ямар үр дүн  гарах уу.

Т.Доржханд эрчим хүчний салбарыг өөрчилнө шинэчилнэ гээд багагүй хугацаа өнгөрлөө. Гарт баригдаж нүдэнд харагдахаар зүйл алга.

Хэрэв Ерөнхий сайд Г.Занданшатар Б.Чойжилсүрэнг ХҮН намын хэн нэгнээр солих юм бол эрчим хүчний салбар дахиад л тартагтаа тулж төд удалгүй Засгийн газрын “шүдний өвчин” болж эхэлнэ. Бүр Засгийн газрыг огцруулах хэмжээнд хүргэнэ л гэсэн үг. Тиймээс ингэж нүгэлийн нүдийг гурилаар хуурах хэрэггүй байлтай. Үндсэндээ боловсролын салбарт жулдсан ХҮН эрчим хүчийг өөд нь татах уу.

Угтаа эрчим хүний салбар бол Монгол Улсыг тог цахилгаантай, дулаан байлгаж буй хамгийн гол алба. Гэтэл улс орны цохилох зүрх болсон салбарыг улс төрийн наймаанд явуулж, ХҮН-д “бэлэглэх” үү гэдэг нь маргааш тодорно.