Либертари намын дарга, комедиан Д.Амартүвшин “Нүүрсний гэх хэргийг мөрдөж байсан АТГ-н 3 комиссар ЭТТ ХК-ны газрын захирлаар 5 сарын 6-нд томилогджээ. Захиргаа удирдлагын газрын дарга Э.Батбаяр, Уурхайн салбарын захирал С.Гансүх, Дотоод хяналтын газрын дарга Т.Хатантөмөр, Хүний нөөцийн газрын дарга Атарцэцэг болсон гэнэ.

Энэ бол цэвэр сонирхолын зөрчил. Авлигатай тэмцээд байгаа юмуу? Авлига дэлгэрүүлээд байгаа юм уу” гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Олон нийт ч шүүмжлэлтэй хандаж буй.

Тэгвэл үүнд АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг “АТГ-ын 3 комиссар төрийн өмчит компанид шилжин томилогдсон нь огтхон ч жигшүүртэй явдал биш юм аа. Төрийн өмчит хуулийн этгээдийн засаглалыг сайжруулах ёстой гэж олон арван жил ярилаа. Ийм цаг үед авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг гаргуулахгүй байх, компанийнхаа дотоод хяналтыг сайжруулахын тулд АТГ-ын нэр бүхий мэргэшсэн ажилтнуудад хүсэлт тавьж томилон ажиллуулж байгаа юм. Компани нь өөрөө хүсэлт тавьсан юм. Авлигаас ангид ажиллая гэж зорьж байгаа төрийн өмчит компанийг буруутгах биш харин ч сайшаах ёстой. Ийм жишиг олон улсад байдаг. Secondment гээд. Маш энгийндээ бол ажил сайжруулах зорилгоор Хонконгийн IACA, Сингапурын CPIB, Малайзын MACC гээд авлигатай тэмцэх байгууллагаас мэргэжилтнүүд нь төрийн оролцоотой тендер, мега төсөл, томоохон хөтөлбөр дээр хяналтын чиг үүргээр томилогдон ажиллаж байдаг.

Манай улсад энэ жишиг анх удаа болж байгаа юм биш. Гурван жилийн өмнө тухайн үеийн Байгаль орчны сайд Б.Бат-Эрдэнэ өөрөө хүсэлт тавьж АТГ-аас нэг мэргэжилтэнг дотоод хяналтын чиг үүргээ хариуцуулж сэлгэн томилж байсан. Үүний үр дүнд энэ салбар дахь тусгай зөвшөөрөл цэгцэндээ орсон.

АТГ-ын комиссарууд нь авлига үүсэх шалтгаан, нөхцөлийг тодорхойлж чаддаг, илрүүлж мэддэг, үүсгэхгүй байж мэддэг, арилгаж бас чаддаг юм. "Эрдэнэс Таван толгой" руу манай хамгийн шилдэг 3 ажилтан явсан. Тэд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах хангалттай мэдлэг, туршлагатай хүмүүс” гэсэн тайлбарыг өгчээ.