COP17 бага хурлын ногоон бүсэд “Эрдэнэс Тавантогой” ХК оролцож, усны ашиглалт, нөөцийн талаар танилцууллаа. Тус компани өнгөрсөн онд нийт 520.2 мянган шоо метр ус ашиглаж, нөөцийн төлбөрт 350 сая төгрөг төлсөн байна. Ашигласан усыг зориулалтаар нь харвал, хамгийн их буюу 41.7 хувийг замын тоосжилт дарахад хэрэглэсэн бол ашигт малтмал баяжуулахад 26.5, ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээнд 18.4 хувийг зарцуулжээ. Ингэхдээ нүүрс баяжуулах үйлдвэрт 96.6 хувьд нь усыг дахин ашиглаж буй аж.

Харин усны нөөцийг хамгаалах чиглэлээр мөн онд 480 сая төгрөг зарцуулснаас 72.7 саяыг орон нутгийн малчдын усны хангамжийг сайжруулах, 4.5 саяыг булгийн эх хамгаалах гэх мэтэд зориулсан байна.

Энэ үеэр “Эрдэнэс Тавантогой” ХК-ийн байгаль орчны ахлах инженер Б.Оргилоос зарим зүйлийг тодрууллаа.

-Ер нь усны нийт хэрэглээгээ багасгах, зохистой ашиглах, хэмнэхийн тулд ямар бодлого баримталж байна вэ?

-Манай хэрэглээг үндсэнд нь хоёр ангилж болно. Нэгдүгээрт, нүүрс баяжуулах үйлдвэрийн технологи нь усыг 96 хувиар эргүүлэн ашигладаг. Бусад баяжуулах үйлдвэр шиг хаягдлын далан байдаггүй, шингэн хаягдал гардаггүй учраас усаа хангалттай хэмнэж байгаа. Хоёрдугаарт, тоосжилт дарахад зарцуулж буй ус. Энэ чиглэлийн хэрэглээг бууруулахын сацуу хүрээлэн буй орчин, агаарын чанарт үзүүлж байгаа сөрөг нөлөөллөө хэмжиж, анзаарах ёстой. Өөрөөр хэлбэл, усны хэрэглээг бууруулна гэхээс илүү зориулалт, эх үүсвэрийг өөрчлөхөд анхаарал хандуулж байна. Гүний усны оронд хурын болон саарал ус ашиглах чиглэлд анхаардаг.

-2025 онд гэхэд ашигласан нийт усныхаа 41.7 хувийг замын тоосжилт дарахад зарцуулсан байна. Зөвхөн тоос дарах зорилгоор ус цацаж ашиглаж буй энэ хэмжээг бууруулах чиглэлээр арга хэмжээ авч байна уу?

-Юуны түрүүнд, үүнд газрын гүний бус, аль болох гадаргын ус цуглуулж ашиглах зорилго тавин ажиллаж байна. Үр дүнд нь 2024, 2025 онд найман байршилд хөв цөөрөм байгуулж, нийт гурван сая шоо метр усыг хуримтлуулах хүчин чадалтай болоод байна. Цаашид ч хөв цөөрмийн тоог боломжит бүх байршилд нэмэгдүүлэх зорилготой. Ямартай ч одоогоор бүх хөв цөөрөм маань усаар дүүрч буй. Жилдээ уурхайн хэмжээнд тоосжилт дарахад нийт 2.1 сая шоо метр ус шаардлагатай гэсэн тооцоо бий. Өөрөөр хэлбэл, хур бороо элбэгтэй жилд тоосжилт дарахад гүний ус ашиглалгүй, зөвхөн борооны ус хэрэглэх боломж бүрдсэн гэсэн үг. Гэхдээ жил бүрийн хурын хэмжээ харилцан адилгүй. Өмнөх хоёр жилд хур элбэгтэй байсан бол энэ оны эхний хагаст хөв цөөрмөөс 30 мянга гаруй шоо метр ус ашигласан байна. Сая наадмын дараа л бороо ахиу орж байх жишээтэй.

Түүнчлэн саарал усны хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлж байна. 2024 онд саарал усны хэмжээ нийт ашигласан усны гурван хувьтай дүйж байсан бол 2025 онд долоо болтол нь өсгөсөн. Энэ онд одоогоор 28 хувьд хүргээд байна. Бид зөвхөн ажилчдын кэмпээс гарсан саарал усыг ашиглахаас гадна Цогтцэций сумын төвлөрсөн цэвэрлэх байгууламжаас авч байгаа учраас хэрэглээ, хэмжээ нь ингэж огцом нэмэгдсэн. Саарал усыг зөвхөн тоосжилт дарахад ашиглаж байгаа.

-Тоосжилтыг уснаас өөр зүйлээр дарах арга, технологи бий юү?

-Олон улсад зам, талбайн тоосжилтыг бодисоор дарах дэвшилт технологи бий. Жишээ нь, өдөрт зам дээр дөрвөн удаа усалгаа хийдэг бол энэ бодисыг хоногт нэг л удаа ашигладаг. Энэ хэрээр усны хэрэглээ буурна. Гэхдээ энэ бодис нэлээд өртөг өндөртэй. 2025 онд таван км автозамд туршихад ойролцоогоор 1.7 тэрбум төгрөгийн зардал гарсан. Энэ онд 12 км замд ашиглана гэж тооцоолон ажиллаж байна. Ерөнхийдөө бодис хэрэглэхэд санхүүгийн хувьд хүндрэлтэй байдаг.