Байгаль орчин, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн сорилт, шийдлийг дэлхийн анхаарлын төвд аваачиж буй COP17 олон улсын хурлын бас нэг хүчтэй дуу хоолой, тод дүр нь малчин эмэгтэйчүүдийн цаг наргүй амьдрал, цалингүй хөдөлмөрийг харуулсан бодит түүх байлаа.
COP17 хурлын ногоон бүс, Science and Community асар, 35-р павильон буюу Монголын зүүн, баруун хязгаараас бодит түүх, туршлагаа хуваалцахаар хэдэн мянган бээрийг туулж ирсэн малчин эмэгтэйчүүдийн асар хөл хөдөлгөөн ихтэй, зочин гийчин олонтой бужигнаж өнжлөө. Ялангуяа, гадны зочид “Малчин эмэгтэйчүүдийн 24 цаг” болон асрахуйн эдийн засгийн интерактив хөтөлбөрүүдийг ихээхэн сонирхож, гүнзгий тайлбарлуулж харагдана. Тэдэнд нүүдэлчин монголчууд, тэр дундаа малчин эмэгтэйчүүдийн ажил нар мандахаас эхэлж, харуй бүрий болсон ч үргэлжилсээр хоногийн 24 цаг хүрэлцдэггүй талаар, мөн байгалийн давагдашгүй хүчин зүйл, эрсдэлтэй нүүр тулдаг талаарх түүх тунчиг сонин содон байгаа нь харваас илт. Энэ бүхнийг олон улсын дээд хэмжээний уулзалтыг зорьж ирсэн зочдод таниулах, тэдний “чихийг дэлдийлгэх” ажлыг “Монфемнет” үндэсний сүлжээнийхэн, Жендэрийн үндэсний хороо хамтран хийсэн нь цагаа олж, “бай”-гаа оносон санаачилга байлаа.

Иргэний нийгмийн зүтгэлтнүүд уйгагүй хөдөлмөрлөж хөөцөлдсөний үр дүнд ачааны хүндийг хөлсгүй үүрч буй асрахуйн эдийн засаг төр засгийн бодлогод тусад, анхаарлын төвд орж ирсэн. Товчхондоо, малчин эмэгтэйчүүд өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө л хамгийн сайн мэднэ. Мөн гарц шийдлийг ч өөрсдөө тодорхойлох учиртай. Үүний тулд бүлэг болж хамтдаа хөгжиж эхэлсэн нь олон талын үр дүн, өгөөж бий болгожээ.
Д.Энхжаргал: COP17 хурлын төвд нүүдэлчин малчин эмэгтэйчүүдийн асрахуйн ачаалал байх ёстой юм шүү хэмээн дуу хоолойгоо өргөж байна

“Монфемнет” үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал “Хоёр жилийн өмнө эмэгтэйчүүдийн чуулганаар асрахуйн эдийн засгийг олон нийтийн анхаарал, бодлогын төвд авчрах эхний алхмаа хийж байсан. Дараа нь УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт тусгуулах нөлөөллийн ажил амжилттай болсон. Гурван намын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусаж, энэ дагауу парламентын түвшинд Ажлын хэсэг байгуулагдаж бие даасан хуулийн төсөл боловсруулах шатандаа явж байна.
Бид НҮБ-д тусгай тайлан бичсэний дагуу Засгийн газарт зөвлөмж ирсэн. Зөвлөмжийнхээ биелэлтийг дөрвөн жилийн дараа тайлагнах учраас хяналт тавьж ажиллах зэргээр шат шараатай алхмуудыг хийж байна.
Монгол бол асар их онцлогтой, нүүдлийн соёл, уламжлалтай орон. Тийм ч учраас өөрсдийнхөө онцлогийг асрахуй эдийн засгийг төр засгийн бодлогын анхаарлын төвд оруулж орхихгүй явах ёстой. Энэ хүрээнд “Нүүдэлчин ээжүүд” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Малчны хотонд боловсролын анхан шатны үйлчилгээ, эрүүл мэндийн яаралтай тусламж, халамж, хамгаалал гээд цогц үйлчилгээ байхгүй шүү дээ. Ээж хүн 108 гартай гэдэг бол малчин эмэгтэйчүүд 216 гартай юм шиг л ээж, эмч, багшийн бүхий л үүргийг 24 цагийн турш гүйцэтгэж байна. Дээрээс нь нутаг усаа хамгаалах, мал сүргээ арчлах, гэр бүлийн өвчтэй гишүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүн байвал арчлах гээд л гэх мэтээр бүх зүйл дээр анхаарлаа ингээд төвлөрүүлэх шаардлагатай. Тэгснээрээ өөрийгөө бас орхиод байна л даа.
Тийм учраас “Монфемнет” үндэсний сүлжээ малчин эмэгтэйчүүдийн асрахуйн ачааллыг төрийн халамж хамгааллын бодлогын төвд оруулж ирэхээр зорьж ажиллаж байгаа.
Зөвхөн малчин эмэгтэйчүүд гэлтгүй малчин өрхийн өвөрмөц онцлог, хэрэгцээнд нийцсэн цогц үйлчилгээ байна уу гэж бид өөрсдөөсөө асууж эхэлсэн. Гэтэл яг малчин эмэгтэйчүүд, малчин өрхийн онцлогт нийцсэн цогц үйлчилгээ алга. Малын хөлийн татвар гээд л аваад байгаа хэр тэр нь орон нутгийн хөгжлийн сан руу орчихдог. Яг малчин эмэгтэйчүүд, малчин өрхийн хүмүүсийн онцлогт нийцсэн цогц үйлчилгээний загварыг гаргаж ирэхээр ажиллаж байна. Энэ бүхнээс харахад малчин эмэгтэйчүүд өөрсдийнхөө асуудлыг хамгийн сайн мэднэ. Шийдлийг ч тэр эмэгтэйчүүд өөрсдөө сайн мэднэ. Тэгэхээр асуудал, шийдлээ өөрсдөө тодорхойлох, хамтын зохион байгуулалтад ороход нь дэмжлэг үзүүлж ажиллах нь оновчтой зөв юм байна. Тэгэхээр үүнийг зөвхөн үндэсний хэмжээний бодлого, анхаарлын төвд авчраад зогсохгүй, цөлжилт, газрын доройтол, ган гачиг яригдаж байгаа COP17 хурлын төвд нүүдэлчин малчин эмэгтэйчүүдийн асрахуйн ачаалал байх ёстой юм шүү хэмээн дуу хоолойгоо өргөж байна" гэлээ.

COP17 Монголд болж байгаа нь нүүдэлчин амьдралын онцлогийг гаргаж ирэх, тэр дундаа цөлжилт, газрын доройтол, ган гачгийг дангаар нь ярих хангалтгүй.
Яагаад гэвэл энэ бүхний сөрөг нөлөөллийг малчид биеэрээ мэдэрч амсаж байгаа, өдөр тутмынх нь амьдрал, орлого, амьжиргаанд нь нөлөөлж байгаа учраас энэ бүх ачааг нүүдэлчин ээжүүд, малчин эмэгтэйчүүдэд давхар “үүрч” байгааг Баян-Өлгий болон Дорнод аймгаас зорьж ирсэн эмэгтэйчүүдийн бодит түүх, туршлага харуулж байна.
“Нүүдэлчин ээжүүдэд” амралтын цаг гэж байдаггүй

Малчин эмэгтэйчүүдийн зөвхөн нэг өдрийн ажлыг дурдвал:
-Өглөө харанхуй байхад л малчин эмэгтэйчүүд сэрдэг. Өвөл бол 6 цаг, зун бол бүр 5 цаг гэхэд босчихсон байна. Гэрийнхэн унтаж байх зуур цайгаа тавьж, хүүхдүүддээ хоол бэлдэнэ. Заримдаа цай ууж амжилгүй шууд гадаа гарч, үнээгээ сааж, малдаа тэжээл өгнө. Энэ ажил дор хаяж 2 цаг үргэлжилнэ. Өглөөний саалийн дараа ажил дуусахгүй. Малаа усална, бууц цэвэрлэнэ, хурга ишиг хөхүүлнэ. Гэрт орж амсхийх зав гарвал цай ууна, үгүй бол шууд аяга таваг, гэр цэвэрлэх ажилдаа орно. Хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт зөөх, эсвэл дотуур байранд хүргэх ажил давхар явагдана. Өдрийн турш ажил тасрахгүй. Малын ажил, хоол хийх, сүү хөөрүүлэх, тараг бүрэх, өрөм загсаах гээд ахуйн болон боловсруулалтын ажил зэрэгцэнэ. Үүний хажуугаар хонь хариулах, услах, тэжээл өгөх гээд асрахуйн ажлууд давтагдана. Амрах цаг гарлаа гэж бодох үед дахиад л малдаа өвс тавих, хоол бэлтгэх ажил хүлээж байдаг.
Орой болохоор ажил багасахгүй, харин давтагдана. Өглөө хийсэн сааль, малын ажлууд дахин эхэлнэ. Хүүхдүүдээ асарч, усанд оруулж, хичээл давтуулна. Гэр орноо цэгцэлж дуусахад ихэнхдээ 21 цагаас хойш болно. Зарим өдөр 23-24 цагт л унтана. Гэвч нялх хүүхэдтэй бол шөнө 2–3 удаа босож хөхүүлнэ. Маргааш нь яг энэ өдөр дахин давтагдана.
Улирал солигдох тусам ажил өөрчлөгдөнө. Хавар мал төллөх, зун сааль, сүү, ноос ноолуур, намар хадлан, ургац, өвөл хүйтэн, зам, түлш гээд өөр өөр ачаалал нэмэгдэнэ. Гэхдээ нэг зүйл өөрчлөгддөггүй - ажил тасардаггүй, амралт бараг байдаггүй.
Малчин эмэгтэй нэг өдөрт мал аж ахуй, өрхийн ажил, асрахуйн үүргийг зэрэг үүрдэг. Гэр дотор ч, гадаа ч тасралтгүй хөдөлмөрлөж, өөртөө зориулах цаг бараг гардаггүй. Түүний өдөр цаг хугацаатай уралдсан, давтагддаг, завсаргүй хөдөлмөрөөр тодорхойлогддог.....
Малчин эмэгтэйчүүд хамтдаа хөгжин дэвшиж, нэгэндээ итгэл урам зориг өгч, үйлдвэрлэл эрхлэх үүдийг нээсэн "Дэмжих бүлэг"

Харин “Дэмжих бүлэг”-т хамрагдсанаар гэр бүлийн харилцаанд ч эерэг өөрчлөлт гарч байгаа талаараа хуваалцжээ. Я.Мөнхзул нөхөр болон гурван охиныхоо хамт амьдардаг. Тэрээр Хүний Эрх Хөгжил Төв ТББ-ын дэмжлэгтэйгээр ажилладаг орон нутгийн хуримтлалын бүлгийн ахлагч бөгөөд мөн сумын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр ажилладаг. Тус хуримтлалын бүлэг 2017 оноос хойш амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд бүлгийнхэн өөрсдийн олон нийтийн зориулалттай байртай болж, ашиглагдахгүй орхигдсон 5.3 га газрыг эргэлтэд оруулан, 100 тонн хүртэлх багтаамжтай зоорийг сэргээн засварлаж, хүнсний ногоо тариалж эхэлжээ.Энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан Мөнхзул малчин эмэгтэйчүүдийн ур чадвар, нөөц боломжийг нэгтгэн, сумандаа илүү олон ажлын байр бий болгож, ялангуяа сүү, сүүн бүтээгдэхүүн болон гар урлалын чиглэлээр жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг зорьж байна.Дорнод аймгийн Баяндун сумын малчин Я.Мөнхзул малчин эмэгтэйчүүд бүлэг байгуулж хамтдаа хөгжин дэвшиж, нэгэндээ итгэл урам зориг өгч, үйлдвэрлэл эрхэлж байгаа талаарх туршлагаа хуваалцлаа. Тэрбээр “Малчин эмэгтэйчүүд цаг наргүй, амралтгүй хөдөлмөрлөдөг. Харин бүлэг байгуулснаар нэгнээ дэмжиж урам зориг өгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх зэргээр олон талын өгөөж, үр дүн гарч байна. Бид сард нэг удаа уулзаж ажлаа төлөвлөдөг” гэлээ.
“Манай эгч дүү гурав дэмжих бүлэгт хамт оролцож байгаа. Өмнө нь бид хоорондоо дотно харилцаатай байсан ч өдөр тутмын ажил, гэр бүлийн ачааллаас болоод сэтгэлээ нээж ярилцах, бие биенийхээ мэдрэмжийг ойлгох боломж төдийлөн гардаггүй байсан гэдгээ ойлгосон. Дэмжих бүлгийн уулзалтуудад оролцож эхэлснээс хойш эгчийгээ илүү ихээр ойлгож, хүндэтгэх болсон. Түүний туулж байгаа ачаалал, санаа зовнил, хүсэл мөрөөдлийн талаар илүү гүнзгий ойлгож эхэлсэн.
Өмнө нь бид зарим зүйл дээр өөр өөрийнхөөрөө бодож, тэр бүр ярилцалгүй өнгөрдөг байсан бол одоо бие биенийгээ сонсож, дэмжиж, зөвлөлдөж сурч байна. Эгч маань ч бас надад илүү нээлттэй хандаж, бидний харилцаа улам ойртсон мэт санагддаг. Энэ бүлэгт хамт оролцсоноор зөвхөн хувь хүн талаасаа биш, гэр бүлийн харилцаанд маань ч эерэг өөрчлөлт гарч байна. Би эгчийгээ улам ихээр хайрлаж, хүндэтгэх болсон бөгөөд бид бие биедээ түшиг тулгуур болж чадна гэдгээ илүү мэдэрсэн. Сумын хуримтлалын бүлэг болон малчин эмэгтэйчүүдийн бүлэг нь жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад нээлттэй байна” хэмээн малчин эмэгтэй өөрт гарсан бодит түүхээ хуваалцаж байна.
Энэхүү чухал ажлыг Жендэрийн үндэсний хороо болон Канад улсын Засгийн газрын санхүүжилттэй, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь (2025–2030)” төсөл дэмжин ажиллалаа.
















.jpg)
