Монголын анхны мультимедиа агентлаг Mongoliapress.mn УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэгтэй хамтран хууль тогтоох дээд байгууллага парламентад иргэдийг төлөөлөн ажиллаж буй улс төрийн нам, эвслийн төлөөлөл 32 эмэгтэй гишүүнийг онцолж цуврал контент бэлтгэн хүргэж байгаа билээ.
Энэ удаагийн зочноор "Монтажгүй яриа" буландаа МАН-аас УИХ-д сонгогдон ажиллаж буй Отгоны Саранчулууныг урьж мэдлэг, туршлага, хийж хэрэгжүүлж байгаа ажлуудыг илүү ойроос таниулахыг зорилоо.
- Нью-Йорк хотын марафонд Монголын нуман хөлтэй бүсгүй амжилттай оролцож шуугиан тарьж байснаас хойш дариу 10 гаруй жил өнгөрчээ. 42 км-ийг найман цагийн турш туулсан гэхээр итгэмээргүй санагдаж байна л даа. Тэр үеийнхээ түүхээс хуваалцаач?
-Харин тийм байна, цаг хугацаа үнэхээр хурдан өнгөрчээ. Тэр үед би сэтгэгдлээ хуваалцаж, “Нар жаргахаас өмнө” гэсэн богинохон бичвэр нийтэлж байсан юм. Нью-Йорк хотын марафон жил бүрийн арваннэгдүгээр сарын эхний ням гарагт болдог уламжлалтай. Манхэттэний гудамжаар намрын хүйтэн салхи сүлжин үлээсэн тэр нэгэн өглөөний 05:00 цагт би марафоны гараанд зогссон хэдэн арван мянган хүний дунд зогсож байлаа. Хоолой өвдөж, халуурчихсан байсан болохоор үнэндээ эмээгийнхээ хийсэн банштай цайг уугаад гэртээ хэвтэж баймаар хүйтэн өдөр байж билээ.
"Ахиллис" олон улсын байгууллагын хамт олон бидэнд эх орноо төлөөлөн энэ том тэмцээнд оролцох боломжийг олгосон юм. Тэр өглөө миний бие тааруу байгааг мэдсэн Гэрэлцогт эгч маань цагаан гаа, зөгийн бал, нимбэгтэй халуун цай авчирч өгсөн нь зөвхөн халуун ундаа биш, цааш алхах асар том итгэл, дулаан энергийг өгсөн. Марафон бол ердөө 42 километрийн уралдаан биш гэдгийг би тэр өдөр биеэрээ ойлгосон. Тэр замын ард хэдэн сарын цуцалтгүй бэлтгэл, шантрал, эргэлзээ, гэмтэж бэртэхээс болгоомжилсон түгшүүртэй өдрүүд байдаг.
Харин гарааны зурваст ирсэн хүн бүр "Барианд хүрэх" гэсэн ганцхан зорилгоор нэгддэг. Зам дагуу цугларсан хэдэн зуун мянган хүн цамцан дээр тодоор бичсэн нэрийг минь дуудан уухайлж, “Сараа, чи чадна!”, “Урагшаа!” гэж хашхирах бүрд үл таних хүмүүсийн дэмжлэг хүнийг ямар их хүчирхэг болгодгийг мэдэрсэн.
Гэвч замын хагасаас эхлээд бие минь хүндэрч, хөлөө яг л цементэд цутгуулчихсан мэт өргөхөд бэрх болсон юм. Зогсмоор, суучихмаар, бүр больчихмоор санагдах мөч олон байлаа. Жаахан амсхийхээр суухад эргээд босож чадахгүй, марафонд “зогсож болохгүй” гэдэг үгийн жинхэнэ утгыг яс махандаа тултал ойлгосон. Яг тэр хамгийн хүнд мөчид "Ахиллис"-ийн багийнхан тэргэнцэртэй нэгэн тамирчныг тойрон дэмжиж, урагш ахиулж явахыг харлаа. Тэр тамирчин гараараа биш, хөлөөрөө өөрийгөө ухрааж түлхсээр урагшилж байсан юм. Түүнийг хараад би өөрөөсөө “Би ийм амархан шантрах гэж үү?” гэж асуусан. Тэр мөчөөс хойш өвдөлт маань арилаагүй ч бодол, хандлага маань бүрмөсөн өөрчлөгдсөн дөө.

Бариа хүртэл 9 км дутуу байхад буюу 33 дахь километр дээр Монголынхоо далбааг барьсан элэг нэгтнүүд маань, Америк найзууд, намайг дэмжихээр ирсэн танилууд замын хажууд зогсож байхыг хараад сүүлчийн хүчээ шавхсан. Тэр үед би өөрийгөө мэргэжлийн тамирчидтай харьцуулахаа аль хэдийн больчихсон байсан. Харин энэ урт зам надад бусдын дэмжлэгээр урагшилж, өөрөө ч бусдад хүч өгч амьдрахын үнэ цэнийг ойлгуулсан юм. "Нар жаргахаас өмнө барианд орчих юм сан" гэж тэмүүлсээр гүйсэн ч Манхэттэний өндөр барилгуудын цаагуур нар хэдийн жаргаж, харанхуй нөмөрсөн хойно би барианы зурвасыг давсан. Медалиа зүүлгэж, хүмүүсийн халуун тэврэлт, баярын үгсийг хүлээж авахдаа юу мэдэрснээ ч сайн санадаггүй юм. Харин нэг зүйл маш тод үлдсэн. Бэлтгэлийн үеэр “дахиж хэзээ ч марафонд гүйхгүй” гэж өөртөө амлаж байсан би барианы зурвасыг давангуутаа л “дараагийн марафон хаана болох бол?” гэж бодож байлаа. Энэ бүх марафончдын мэдэрдэг л мэдрэмж юм даа...
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөх марафоноос бодлого тодорхойлох хүртэл “гүйсээр” байна-
- Тэр үеэс эхлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө гүйлтийн замаас бодлого тодорхойлох хэмжээнд хүртэл “гүйсээр” байгаа гэж ойлгож болох уу. Энэ хүртэлх зам хэр бартаатай байв?
-Тийм ээ, тэгж хэлж болно. Үнэндээ их сургуулиа төгсөж ажилд орсноос хойших 20 гаруй жилийн хугацаанд, хүүхдээ төрүүлэхийн өмнөх ба дараах хоёр зуныг эс тооцвол би нэг ч зун амар тайван амарч үзсэнгүй. Яаж ийж байгаад л өөртөө ажил олчихдог, наадмаар эрхбиш нэг амсхийсэн болоод л ажлынхаа ард гарсаар өдий хүрчээ. Ээж маань, эмээ маань ч бүүр зүгээр сууж чаддаггүй хүмүүс байсан юм. Бусдын төлөө үргэлж сайхан зүйл бүтээх гэж хичээдэг, "хүний төлөө хийсэн бүхэн буян шүү" гэж ойлгуулдаг байсан тэр хүмүүжил надад гүн суучихсан хэрэг л дээ (инээв). "Эмээ та амраач" гэхээр "Тэртэй тэргүй мөнх амрах тул энэ биеийг амьд дээр нь ашиглаж, цаг хугацаа байгаа дээр зөв үйл хийж буян хураа" гэдэг байв.
Миний эзэмшсэн мэргэжил (Нийгмийн ажил) хүний давуу тал, нөөц бололцоог олж харах, түүнд нь түшиглэн амьдралынхаа өмнө хариуцлага үүрч, бие даахад нь туслах зорилготой. Гэтэл марафонд гүйх, бэлтгэл хийх шийдвэр гаргахаас эхлээд хүний өдөр тутмын амьдралын том, жижиг сонголтууд дээр хүмүүс хичнээн их савладаг, өөртөө эргэлздэг, айдастай байдгийг олж харсан. Ерөөсөө л бид хувь заяаныхаа эзэн нь өөрөө байх ёстой гэдэг тэр зориг, сэтгэл зүйн дархлааг багаас нь тун бага суулгаж өгдөг юм шиг санагддаг. Заавал ямар нэгэн дарга, ахмад, аав ээж, хэн нэгнээс зөвшөөрөл авч байж хөдөлдөг баригдмал сэтгэлгээ нь маш олон хүнийг бодит шийдвэр гаргахаас зугтаалгаж, эрсдэл үүрэхээс айлгаж, хойш нь суулгадаг. Бүр зорилгынхоо төлөө тууштай яваа нэгнээ ад үзэхэд ч хүргэдэг.
Тэгэхээр миний алсын том зорилго бол хүн бүр багаасаа өөрийн амьдрал, хувь заяандаа эзэн байх тийм сэтгэлийн хат, хариуцлагыг суулгахад хэрэгтэй бүх алхмыг бодлогын түвшинд хийх, нөлөөлөх, хэрэгжүүлэх юм.
Энэ нь зөвхөн биеийн тамир, мэдлэг, ур чадвараас гадна ийм иргэнийг төлөвшүүлэхэд чиглэсэн байгууллагын бодлогоор дэмжигдэх ёстой. Жишээ нь, өнөөдөр тэтгэвэрт гарч буй 60 настай эрэгтэйд ирээдүйн ямар төлөвлөгөө байна вэ? Ихэнх нь тэтгэвэрт гараад эхний 10 жил дотроо л эрүүл мэндээрээ унаад өгч байна. Тэд амьдралдаа эзэн болж, насныхаа тэн хагаст хийх ажлаа төлөвлөөгүйн улмаас эдийн засаг, сэтгэл санааны хувьд хүнд он жилүүдийг өөртөө үүсгэж байгаа юм. Мэдээж тэдний аав ээж нь үр хүүхдэдээ 50, 60, 70 насандаа яаж амьдрахыг зааж сургаагүй байж болох ч бид одоо энэ тогтолцоог өөрчлөх ёстой.
- “Achilles International Mongolia” ТББ байгуулагдаад багагүй хугацаа өнгөрчээ. Нийгэмд ямар өөрчлөлтийг нутагшуулсан гэж та дүгнэдэг вэ?
-"Ахиллис" бол “Бүх нийтийг биеийн тамирт хамруулах замаар хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрийг нийгмийн амьдралд татан оролцуулж, өөртөө итгэлтэй болгох” зорилготой олон улсын байгууллага юм. Бид Монгол дахь салбараа байгуулаад 11 жил болж байна. Анх "Ахиллис Хүүхэд" хөтөлбөрийг эхлүүлэхдээ, дунд сургуулийн биеийн тамирын хичээлд суудаггүй байсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг долоо хоног бүр тогтмол алхуулж, гүйлгэдэг дадал суулгахын тулд гадаадын сайн дурын ажилтныг гэртээ байрлуулан ажлаа эхлүүлж байлаа. Тухайн үед тусгай сургуулиудын биеийн тамирын хичээлийн цаг, агуулга, нэгдсэн үнэлгээ байдаг эсэхийг судалж үзээд, "Энэ хүүхдүүдэд зүгээр л алхалт, гүйлт заалгачихъя" гэж гуйн, ангийн болон биеийн тамирын багш нарт нь спорт хувцас, хэрэгсэл бэлдэж, сургалт ордог байв.
Хөтөлбөрт хамрагдаад долоо хоног бүр идэвхтэй гүйж, алхалт бүрээ урамшуулалтай холбоод ирсэн чинь хүүхдүүд үнэхээр сэргэсэн. Тэдэнд зорилго бий болж, хүүхэд бүр “би чадах юм байна” гэдэг өөртөө итгэх итгэлтэй болж хичээж эхэлсэн нь хамгийн том ололт.
Өнөөдөр тэр хөтөлбөрөөс маань хэд хэдэн хүүхэд дээд сургуульд суралцаж, мэргэжил эзэмшсэн байна. Тэр байтугай хүүхдүүдийг дэмжиж, хажууд нь хамт шогшиж байсан олон сайн дурын оюутан залуус гадаадад суралцах тэтгэлэг хожсон доо.
Мөн жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өмнөх амралтын өдөр бид "Багачуудын хөгжөөнтэй гүйлт"-ийг зохион байгуулдаг болов. Анх гүйх хүүхэд олдохгүй, бүртгэл явдаггүй байсан бол энэ жил бүртгэл нээнгүүт 1000 хүүхэд хэдхэн өдрийн дотор бүртгүүлчихсэн байсан. Өнгөц харахад зүгээр л нэг гүйлт мэт боловч үүний ард хүүхдүүд багаасаа амьдралын зөв дадал зуршилд суралцаж байгаа юм. Гүйхийн тулд идэж уух, өмсөх хувцасаа зохицуулна, цаг нартаа хичээлээ амжуулна, алдвал өөрөө хариуцлага хүлээнэ гэдгийг сурдаг. Ер нь төрөлхийн эсвэл бага насандаа хөгжлийн бэрхшээлтэй болсон хүүхдүүдтэй ажиллахад, тэднийг хүрээлэл нь ойлгоод, дасан зохицоод эхлэхээр хүүхэд өөрөө аргаа маш хурдан олчихдог юм билээ. "Ахиллис Хүүхэд" хөтөлбөр маань энэ жил орон нутгийн 3 аймагт, харин насанд хүрэгчдийн хөтөлбөр 2 аймагт шинээр эхэлж байна.

Хэрэв бид үр нөлөөг хэмжих гэвэл жилд хэдэн хүн гүйсэн бэ гэдэг механик тооноос илүүтэйгээр, сургуульд сурч буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо, өөрийн амьдралдаа шийдвэр гаргаж чаддаг болсон, ажилд орсон, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцож буй гишүүдийнхээ чанарын өөрчлөлтөөр хэмжихийг хүсдэг. Насанд хүрэгчдийн хувьд, Дэлхийн том марафонуудад оролцдог "Марафон аялал" хөтөлбөр байна. Үүнд бэлдэхийн тулд хүмүүс амьдралдаа маш том шийдвэр гаргадаг. Одоо байнгын бэлтгэлд 60 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдаж байгаа бөгөөд намар болдог "Итгэл найдвар, боломж" марафонд маань энэ жил 5000 гаруй хүн бүртгүүлэх сурагтай байна. Өнөөдөр гүйлтийн олон хөлөөвүүд байдаг, үүсгэн байгуулагчид нь энд тэндхийн мундаг гүйгчидээс Ахиллисыг, намайг анх дэмжиж гарч ирсэн олон хүн байдаг. Тэр тухайгаа энд тэнд хааяа биччихсэн байхыг нь харах үнэхээр хөөрхөн… Тоолж байгаагүй ээ. Хэдэн хүн марафончин болж, амьдралаа өөрчилснийг нарийн мэдэхгүй ч олон айлд, олон хүний сэтгэл дотор өөрчлөлтийн давалгаа үүсгэсэн л байх (инээв).
-Эрдэмтэд мэдлэгээ төрийн бодлогод шингээхийн тулд илүү дуу хоолойтой, санаачилгатай байх цаг болжээ-
- Их сургуулийн багш, иргэний нийгмийн төлөөллөөс бодлого тодорхойлох хэмжээнд ирэхэд гарсан хамгийн том өөрчлөлт нь юу байв?
-Анагаахын сургуульд багшилж байхад багш нарт "хуулийн төсөлд саналаа өгнө үү" гэсэн мэйлүүд ирдэг байсан. Тэрийг нь хэдэн зуун оюутны дүн, багшийн ажлын А, Б цагийн ачааллаа тооцуулах гээд хажуугаар нь түмэн нийгмийн ажил амжуулж яваа бид анзаардаггүй, хардаггүй байж. Бас нэг шалтгаан нь "Хуулийн саналыг зөвхөн хуульчид л өгдөг" гэсэн буруу ойлголт байсных юм. Хуулийн төслийг иргэдийн амьдралд нийцүүлэн ойлгомжтой болгож хөрвүүлэх, тайлбарлах "орчуулга" дутагдаж байсныг одоо л ухаарч байна. Уг нь багшийн ажлын тэр "Б цаг" (эрдэм шинжилгээ, нийгмийн ажил)-т энэ санал өгөх үйл явц хамгийн чухал байх ёстой байж. Салбарын асуудлыг хамгийн шинжлэх ухаанч, ул суурьтайгаар судалж, туршдаг газар бол уг нь Их сургууль шүү дээ. Тиймээс их дээд сургуулийн багш нарыг хууль тогтоох үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах орон зайг нээх ёстой гэсэн саналыг ректоруудад хэлээд байгаа.
Хоёрдугаарт, их дээд сургуулийн академик орчин бол хамгийн эрүүл, шинжлэх ухаанч шийдвэр гардаг талбар. Тэнд жил бүр ямар олон эрдэмтэн, судлаачид эх орныхоо хөрсөн дээр тулгамдсан асуудлаар судалгаа хийж магистр, доктор хамгаалдаг гэж бодно. Харамсалтай нь, тэр их эрдэм судалгааны ажлыг төрийн бодлого, шийдвэр гаргах үйл ажиллагаанд огт ашиглахгүй, салангид байлгаад байна. Нөгөө талаас, манай эрдэмтэд маань ч хэтэрхий даруухан байна. "Эрдэмтэй хүн даруу" гэдэг ардын үг байдаг ч өнөөдөр эрдэм мэдлэгээ төрийн бодлогод шингээхийн тулд илүү дуу хоолойтой, санаачилгатай байх цаг болжээ.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухайд бугшсан маш олон асуудал бий. Энэ хэрээрээ хүлээлт их байгаа нь дамжиггүй. Шантрах үе хэр их байна вэ?
-Төрийн ордонд өглөөнөөс орой хүртэл гишүүд хууль, тогтоол, бодлогын баримт бичиг боловсруулж, иргэдийн санал гомдлыг сонсож суудаг болохоор үнэндээ цай уух, амсхийх завгүй өнждөг. Гэхдээ энэ ачаалал бол шантармаар зүйл биш. Угаасаа ажлын ачааллаа тооцож, эрүүл мэнд, ар амьдралаа зохицуулна гээд ард түмнийхээ өмнө тангараг өргөсөн хүмүүс.

Харин юунд гонсойж, сэтгэлээр унадаг вэ гэхээр, хийж буй ажлын мөн чанарыг гуйвуулан түгээх, худал мэдээлэл тараах, түүнд нь ямар ч шүүлтүүргүйгээр итгэж, хийсвэр үндэслэлээр буруутгах хүмүүсийн харилцаа, хандлага хамгийн төвөгтэй байдаг. Надаас миний тухай асуухын оронд, хаа хамаагүй хүнээс дам сонссон ор үндэсгүй зүйлд итгээд, түүндээ үндэслэн намайг буруутгаж буй таньдаг хүмүүсээ харах их хэцүү. Намайг хэн бэ гэдгийг, миний зарчмыг мэдсээр байж хамгийн ойр дотно гэж бодсон хүмүүс маань илэрхий гүтгэлэг, худлын хажуугаар чимээгүй өнгөрдөгийг харах гонсоймоор байдаг. Би жишээ нь, миний мэддэг хүнийг буруутгаж, гүтгэж байвал өөрийн мэддэг үнэнээ хэлж хамгаалахаас хэзээ ч цааргалж байгаагүй. Энэ чинь л шударга ёс ба түүнийг тогтоох хамтын ухамсар шүү дээ. Даанч манайхан ийм зүйл дээр ажиглагчийн байр сууринаас, холоос хараад суучихдаг. Магадгүй айж, болгоомжилдог ч байж болох юм. Түүнээс биш асуудлаа илэрхийлж буй бухимдалтай иргэд, эсвэл ажлын их ачаалал бол огтхон ч шантрах шалтгаан биш ээ.
-Өнөөдрийн эхлүүлсэн бүхнийхээ үр шимийг өөрөө хүртэхгүй ч үр нөлөөг өтөлсөн хойно оо дурсаад л цэцгээ услаад суух нь байна шүү дээ-
- Та өнгөрсөн хугацаанд олон ч асуудал дээр дуу хоолойгоо хүргэж шаггүй улс төрч гэдгээ баталсан. Тэгвэл үр дүн нь юу байна вэ. Ямар өөрчлөлтүүдийг хийж чадсан бол?
-Хүмүүс үргэлж л "юу хийсэн бэ?" гэж асуудаг. Манай нийгмийн уламжлалт хандлага арай өөр байна л даа. Намайг нэг гудамж засаад, эсвэл байшин барилга, сургууль бариулж, тууз хайчлахыг хүлээгээд байх шиг харагддаг. Угтаа бол тэр бол Засгийн газар, гүйцэтгэх засаглалын хийх ажил. Миний зорилго бол тогтолцооны өөрчлөлт буюу хууль эрх зүйн хувьд огт байхгүй байсан, эсвэл гажуудсан тогтолцоог засах юм. Тогтолцооны гажуудлыг мэдэрсэн хүн л анзаарах, харагдаггүй, тийм л ажлууд..Нөгөө 8 хуулиасаа уялдаад бодит ажил хэргээс дурьдвал нэлээн юм бий.
Жишээлбэл, би НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр Сангийн яам дээр бүх төсвийн захирагч нарт зориулсан "Хүртээмжтэй төсвийн ангилал"-ын асуудлаар сургалт зохион байгуулж, араас нь зааварчилгаа өгөөд л сууж байна. Энэ бол хоёр жил хөөцөлдсөн хөдөлмөр. Цаашдаа төсвийн захирагч нарын зардлын ангилалд хүртээмжийн том жижиг 40 орчим зардлыг оруулах тухай ярьж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний ур чадвар, давуу болон сул талыг тодорхойлдог Олон улсын ICF ангиллыг Монгол Улс 10 жил яриад хөдөлгөөгүй байсныг ДЭМБ-ын тусламжтайгаар албан ёсоор эхлүүлж, удахгүй нээлтийг нь хийх гэж байна. Аймгууд болон дүүргийн Засаг дарга нарын үйл ажиллагааны үнэлгээ, яамдын гэрээний хавсралтад "Хүртээмж, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг дэмжих үйл ажиллагааны шалгуур"-ыг оруулж өглөө. Үндэсний Статистикийн Хорооны мэдээллийн санд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангиллыг шинэчилсэн маягтаар тоолдог болгох гэх мэт дандаа тогтолцооны шинжтэй ажлууд хийгдэж байна.

Үүнээс гадна, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн бүтээгдэхүүнийг зах зээлийн эргэлтэд оруулахын тулд үндэсний шошго бий болгох, хоёр том банк дээр хөнгөлөлттэй хүүтэй зээлийн бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байна. Хуучнаар зөвхөн хиймэл хөл, гарын улавч хийхээс цаашилдаггүй байсан Протезийн үйлдвэрийг "Туслах технологийн төв" болгон өргөжүүлж, БНХАУ-аас дэмжлэг авахаар эхлүүлээд байна. Паралимпын ордон барих газрын асуудал, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ хүртээмжтэй (дохионы хэл, тайлбартай) хүргэх хуулийн заалтыг сурталчлах, Монголын хамгийн том намд (МАН) дэргэдэх холбоог нь байгуулах замаар цаашдаа бүх мөрийн хөтөлбөрт нь хүртээмжийг тусгадаг болгох зэрэг олон суурь шинэчлэлүүд явж байна. Магадгүй намайг улс төрөөс явсан цагт үүний бодит үр нөлөө хүмүүсийн амьдралд мэдэгдэх байх. Магадгүй миний туулаагүйг огт үзээгүй ч өсөх байх, илүү хүртээмжтэй нийгэмд. Өнөөдөр миний их сургуульд тэтгэлгээр сурч дээд боловсролтой болсон хуулийг тээр жил нэг төрийн түшээд л хийж батлуулсан байгаа. Үр дүнд нь өнөөдөр би боловсролоор орлуулсан хөлөөрөө зөндөө алхам хийж байна. Тэр эрхэмүүд хаана байгаан бүү мэд. Яг л тэрэн шиг би өнөөдрийн эхлүүлсэн бүхнийхээ үр шимийг өөрөө хүртэхгүй ч сэтгэл хангалуун, жаргалтайгаар ажилласан он жилүүдийнхээ үр нөлөөг өтөлсөн хойно оо дурсаад д цэцгээ услаад суух нь байна шүү дээ. Энэ бүхнийг тогтолцооны өөрчлөлт гэж нэрлэж болно биз дээ? (инээв)
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоог байгуулсан нь ирээдүйд дахиад олон олон "Саранчулуун"-ыг бэлдэж, гаргаж ирэх зорилготой-
- “Бид хаалга тогшихоо больж, хаалга нээдэг үеийг хамтдаа бүтээх ёстой” гэж та хэлжээ. Ийм цаг үеийг бүтээхийн тулд бодлого тодорхойлогчид болоод олон нийт ямар алхам хийх ёстой вэ?
-Бид нам дотроо Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоог байгуулсан нь ирээдүйд дахиад олон олон "Саранчулуун"-ыг бэлдэж, гаргаж ирэх зорилготой юм. Ганц хүний дуу хоолой хичнээн чанга байгаад ганцаараа л байдаг бол, олон хүний дуу хоолой хичнээн намуухан байсан ч цуурай нь асар том байдаг. Тиймээс би хэлээд байгаа юм. Заавал МАН гэлтгүй, өөрт ойр байгаа олон нийтийн байгууллага, сүлжээ, эвсэл, ер нь дуу хоолойгоо илэрхийлж болох бүх газрын хаалгыг тогшоод, орооч ээ гэж. Илүү олон хаалгыг нээж чадвал ирээдүйд бидний хүүхдүүдэд хэрэгтэй. Хаалттай хаалганы цаана шийдвэр гаргагчид хайрцаглагдаж, амьдрал дээр юу болж байгааг мэдэхээ байдаг.
Улс төрийн нам бол урсгал ус шиг цэнгэг, тасралтгүй шинэчлэгддэг, уян хатан байж, цаг үеийнхээ болон ард иргэдийнхээ бодит хэрэгцээг мэдэрдэг байх ёстой. Үүний нэг тод илрэл нь манай холбоо юм. Холбоогоороо дамжуулан бид орон даяар сургалт хийж, хэрхэн дуу хоолойгоо бодлогын түвшинд хүргэхийг зааж, олон хүнийг мэргэжлийн түвшинд бэлдэхийг хичээж байна. Энэ нь дараагийн үедээ бидний туулсан тэр олон хаалттай хаалганы зовлонг бага үзүүлэх, нийгмийн босгыг намсгах зорилготой билээ.

- Та үлдсэн бүрэн эрхийн хугацаандаа нэн тэргүүнд амжуулахыг зорьсон ажлаа хуваалцаач?
-Миний хувьд энэ парламентад 8 гол асуудлыг өөрөө барьж санаачилахаар орж ирсэн. Нэгдүгээрт, Нийгмийн ажлын үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барьчихлаа, ирэх намар хэлэлцэж батална. Хоёрдугаарт, бүх нийтийн саадгүй амьдрах орчныг бүрдүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх хуулийн төслийг өргөн барихаар Засгийн газрын саналыг хоног тоолон хүлээж байна. Гуравдугаарт, сэтгэл зүйн тусламж үйлчилгээний тухай хуулийг бичих, орчныг нь дэмжих анхны хэлэлцүүлгийг Байнгын хороотойгоо хамтран хийлээ. Үүнд эмэгтэй гишүүдээ уриалан оролцуулаад явж байна, намар хуулиа өргөн барина.
Дөрөвдүгээрт, би амьдралынхаа 13 жилийг ТББ, олон нийтийн ажилд зориулсан хүний хувьд тэдний зовлон, жаргалыг маш сайн мэднэ. Судалгаа, туршлагадаа үндэслэн Төрийн бус байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихаар бэлдэж байна. Тавдугаарт, Үүнтэй холбоотойгоор Хамтын санхүүжилтийн тухай хуулийг боловсруулж дуусаад удахгүй олон нийтэд танилцуулна. Зургаад нь Жорлонгийн тухай хууль (хүртээмжтэй ариун цэврийн байгууламж), Долоод Сэтгэцийн эрүүл мэнд, Нийгмийн эрүүл мэнд, наймдугаарт Ялгаварлан гадуурхалтын эсрэг гээд л хуулиуд байна даа.
Гишүүн болоод хугацааныхаа талдаа ороход 4 хууль яг гараас гарч, нэгийг өргөн бариад хэлэлцүүлж байна.
Өөрөөр хэлбэл, зорьсон ажлын маань яг тал нь гараас гарчихлаа гэж ойлгож болно.

- Таны хувьд Израиль, Италид магистр, докторын зэрэг хамгаалсан. Боловсрол бол хүч гэдгийг олон охидод үлгэрлэж байгаа гэж хардаг. Гэвч бодит байдал дээр хөгжлийн болон суралцахуйн бэрхшээлтэй хүүхдүүд зохих тохируулгагүйн улмаас олонх нь Элсэлтийн ерөнхий шалгалтдаа бүдэрдэг юм байна. Үүнийг яаж өөрчлөх вэ?
-Яг энэ асуудлыг би саяхан Байнгын хорооны хурал дээр хөндөж асуусан. Энэ бол маш бодитой, зүрх өвдөм асуудал. Энэ жил Монгол Улсад ЭЕШ өгсөн нийт хүүхдүүдээс ердөө 56-хан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд шалгалт өгсөн байна. Тэд маань амьдралынхаа анхны том босгыг давах гэж хичээж байгаа нь энэ. Тэр хүүхдүүд дундаас ирээдүйн агуу эрдэмтэн, удирдагч хэн ч төрж болно шүү дээ.
Гагцхүү өнөөдөр манай их, дээд сургуулиуд тэднийг хүлээж авахад бэлэн байна уу гэвэл хэцүү. "Бэлэн байна" гэдэг нь зөвхөн налуу зам, ариун цэврийн өрөөний хүртээмж биш юм. Багш нь тэдэнтэй ажиллахад бэлэн байх, заах арга зүй, сургалтын агуулга нь тохируулагдсан байх зэрэг цогц асуудал үүнд орно. Бид үүн дээр шат шатандаа ажиллаж байна. Одоо хамгийн түрүүнд аль сургууль ямар түвшний хүртээмжтэй байгааг үнэлж, эрэмбэлэх (жагсаах) хэрэгтэй. Тэгж байж хүүхдүүдэд сонголт хийх, тэгш боломжоор хангагдах нөхцөл бүрдэнэ.
-Парламентад эмэгтэйчүүд илүү олуулаа болсноор хамтын соёл, тэнцвэрийг хангасан шийдвэр нэмэгдэж байна-
- Энэ удаагийн парламент эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхэд чиглэсэн. Эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдсэнээрээ төрийн бодлого шийдвэрт ямар эерэг өөрчлөлтүүдийг авчирсан гэж та харж байгаа вэ?
-Нэгдүгээрт, хамтын соёл, тэнцвэрийг хангасан шийдвэр гаргалт эрс нэмэгдэж байна. Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хүүхдийн эрх гэх мэт эмэгтэй хүний нарийн мэдрэмж, оролцоо шаардсан олон чухал асуудлууд энэ удаагийн парламентаар идэвхтэй хэлэлцэгдэж байна.
Хоёрдугаарт, нийгэмд байдаг УИХ-ын гишүүдийн талаарх хэвшмэл (жендерийн) ойлголт засагдаж байна гэж харж байгаа. Намайг хүүхэд байхад эмэгтэй улс төрчдийг янз бүрээр хэлж өөлөх, сэтгүүлчдийн асуулт хүртэл ажил хэрэгч бус, хэт хувийн шинжтэй байж сенсаци хөөдөг байсан бол энэ удаагийн парламентад тийм хандлага харьцангуй бага байна.
Гуравдугаарт, манай эмэгтэй гишүүдийн бүлэг маань удирдлагатай болж, зарим намчирхаж талцдаггүй, улс төрждөггүй сэдвүүдээрээ эмэгтэйчүүд нэгдэж, манлайлахад маш хүчтэй гэдгийг олон жишээнээс харж байна.
Хамгийн тод жишээ нь Нийгмийн ажлын тухай хууль байна. Хэлэлцүүлгийн анхны шатнаас л эмэгтэй гишүүд маань намаас үл хамааран цул хүч болж дэмжсэн нь үнэхээр сайхан байлаа.

- УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг хүүхэд хамгааллын асуудлаар хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?
-Тийм ээ, саяхан яг энэ асуудлаар манай бүлэг нэгдсэн мэдээлэл хийсэн. Миний бие хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оношилгооны өнөөгийн тогтолцоог өөрчлөх чиглэлээр хэрхэн ажиллаж байгаагаа хуваалцсан юм. Учир нь, эрт оношилгоо бол эрт үеийн хөгжлийн хамгийн гол түлхүүр байдаг. Хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг хугацаа алдалгүй оношилж чадвал цаашид сурч боловсрох, нийгэмших явцад гарах хүндрэлийг хувь хэмжээгээр бууруулж чаддаг учраас бид оношилгоо, эрт үеийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.
-Хиймэл хөлтэй ч шорт өмсөөд гүйх хүчийг хүү минь өгсөн-
- Нууц биш бол ээж болж байсан үеэ хуваалцаач. Ер нь манай улс хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүддээ хэр ээлтэй ханддаг юм бэ?
-Анх би хүүхэдтэй болно гэж огт боддоггүй байснаа нуух юун. Багаасаа нэг хөлгүй байсан болохоор хүмүүсийн үүрдэг ээж, эхнэр хүний тэр их ачааг би дааж чадахгүй байх гэж айдаг байлаа. Тиймээс зөвхөн хичээл номдоо анхаарч, эрдэмтэй хүн болоод бусдад зааж сургадаг, тусалдаг хүн болохыг л мөрөөддөг байв.
Гэвч 29 настайдаа нөхөртэйгөө танилцаж, 30 настайдаа хүүгээ тээсэн. Нэлээд хожуу, дээрээс нь эмнэлгийн хэллэгээр "эрсдэлтэй" тээлт байлаа. Сайн ар гэр, анхаарал халамж, түшиг тулгуур байсны хүчинд би хүүгээ эсэн мэнд тээж, төрүүлж чадсан. Төрөхөөсөө өмнө хүүгийнхээ царайг олон удаа зүүдэлсэн, нэг хөөрхөн хүү байна байн ирээд ээжээ гээд л духан дээр үнсээд байсан нь одоо ч тодхон байна даа… Хүүгээ анх хараад яагаад ч юм асгартал уйлж билээ (инээв). Уг нь боломж байсан бол би өөрөөрөө төрөхийг маш их хүссэн, гүрийгээд бас нэлээн өвдсөөн өвдсөн. Өмнө нь олон удаа мэс засалд орсон болохоор дахиж нэг газар зүсүүлэхийг хүсээгүй хэрэг. Гэвч эмч нар маань өөрөөрөө төрөх ямар ч боломжгүйг хэлсэн тул кесарево хагалгаагаар хүүгээ угтаж авсан.
Миний хүү бусад хүүхдүүдээс түрүүлээд, 6 сартайгаасаа л хөл дээрээ зогсож, юм түшиж алхаж эхэлсэн юм. Ээж нь хөл муутай болохоор өөрийг нь тэврэхэд хүнд байдгийг зөнгөөрөө мэдэрсэн байх. Хүү маань дөнгөж 2 настай байхдаа тоглодог "Хүн-аалз"-ынхаа хөлийг хугалчихсан хэрнээ оронд нь баримлын шавраар шинэ хөл хийчихсэн сууж байж билээ. Тэрийг хараад би "энэ хүүхдийн амьдралыг харах өнцөг надаас шууд хамааралтай юм байна" гэдгийг маш хүчтэй ойлгосон. Өөрийнхөө хөлнөөс ичиж, гуньж гутран хойш суухын оронд "ийм хөлтэй байсан ч амьдралын баяр баясгалан, идэвхийг алдалгүй, утга учиртай сайхан амьдарч болдог юм байна" гэдэг дурсамжийг хүүдээ үлдээхийг хүссэн. Энэ бодол маань намайг "Ахиллис Монгол" ТББ-ыг үүсгэн байгуулж, олон хүний өмнө шорт өмсөөд гүйлтийн замд гарахад хамгийн том хөдөлгүүр болсон доо.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань баяр наадмаа тохь, тухтай үзэх боломж бүрдсэн гэх сайхан мэдээ сонслоо. Энэ үнэн үү?
-Өмнө нь 20, 30 мянган хүний суудлын багтаамжтай стадионд нэг ч тэргэнцэртэй хүн, эсвэл хараа, сонсголын бэрхшээлтэй иргэд ирж наадам үзэж байсныг би санахгүй байна. Учир нь орц гарц, тавцан, ариун цэврийн өрөө гээд бүх зүйл нь тэдэнд огт хүртээмжгүй байсанд л хамаг асуудал оршиж байв. Уг нь Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын 5 том конвенц, гэрээнд нэгдэн орчихсон учраас үүнийг хийхээс өөр сонголтгүй юм. Бидэнд бэлэн стандартууд хангалттай байсан ч ердөө л бодлогын манлайлал, сэтгэл дутсанаас болоод өдийг хүртэл хаячихсан байж.
Бид "Бүх нийтийн саадгүй амьдрах орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хууль"-ийг боловсруулан ажиллаж байгаагийн хувьд энэ жилээс баяр наадмуудын хүртээмж мэдэгдэхүйц сайжирна гэдгийг дуулгахад таатай байна. Илүү олуулаа гэрээсээ гарч, наадмын талбайгаа зорих нөхцөл бүрдэж байна.
Энэхүү санаачилгыг маань хэвлэл мэдээллийнхэн та бүхэн түгээж өгөхийг хүсье. Зөвхөн нийслэл гэлтгүй, олон аймгийн Засаг дарга нар, орон нутгийн баяр наадмын комиссууд үүнээс санаа авч, наадмаа хүртээмжтэй зохион байгуулаасай гэж уриалж байна. Төгсгөлд нь, жил бүр хэлдэг "Сайхан наадаарай" гэдэг ерөөлийг одоо бүгдээрээ "Хүртээмжтэй, олуулаа сайхан наадаарай!" гэж өөрчлөн хэвшүүлцгээе. Баярлалаа.

-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.





.jpg)











