УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалтай ярилцлаа.
-НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. Уг хурлыг даргалагч орны хувьд олон талт хэлэлцээг үр дүнтэй ахиулж, талуудын нийтлэг ойлголцлыг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах ач холбогдол талаас нь та хэрхэн тодорхойлох вэ?
-Уг хурлаас өмнө бид Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг баталж, дэлхий нийтэд уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарал шингээлтийн чиглэлээр хамтарч ажиллах эрх зүйн орчин бүрдүүлсэн. Цаашлаад үүнд чиглэсэн нэмэлт санхүүжилт, хөрөнгө оруулалт авах боломж бий болголоо. Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд манай улсын агаарын температурын жилийн дундаж хэм 2.46°C-ээр нэмэгдсэн нь дэлхийн дундаж өөрчлөлттэй харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Хур тунадас буурч, ууршилт ихэссэний улмаас хуурайших хандлага жил ирэх бүр нэмэгдэж, хүний үйл ажиллагаа, байгалийн хүчин зүйлээс шалтгаалан дэлхийн цаг агаарын дулааралт, ган, зуд, цөлжилт, усны нөөцийн хомсдол, бэлчээрийн доройтол, гамшигт үзэгдлийн давтамж өсөхийн хэрээр байгаль орчин, нийгэм, эдийн засаг, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа тул эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага үүсээд байсан юм.
Аж ахуйн нэгжүүд гурван шатлалтай татвар төлөх эрх зүйн орчин бүрдүүлсэн
-Хаврын чуулганаар Татварын багц хуулийг шинэчилсэн. Голлох өөрчлөлтийн талаар та товч мэдээлэл өгөхгүй юү?
-Татварын ерөнхий хуулиар тайлан, залруулгыг хялбаршуулах, 2027 оны эхнээс хувь хүний орлогын албан татвараар 792 мянган төгрөг хүртэл татварыг чөлөөлөх, 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс 793 мянгаас хоёр сая хүртэл төгрөгийн орлоготой хүмүүсээс нэг хувийн татвар авах, үүнээс дээш орлоготой хэсэг нь 10 хувийн татвар төлөхөөр зохицуулсан. Ингэхдээ таван сая төгрөгийн орлоготой байлаа ч 792 мянга хүртэлх хэмжээндээ татвараас бүрэн чөлөөлөгдөж, хоёр сая хүртэлхдээ нэг хувиар татвар төлж, түүнээс давсан хэсэгт нь 10 хувийн татвар ногдуулах юм. Орон сууц анх удаа худалдан авч, амьдарч, орон байрны нөхцөлөө сайжруулах үүднээс худалдан борлуулж буй иргэдээс авч буй хоёр хувийн татварыг мөн бүрэн чөлөөлнө. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувьд жижиг, дунд бизнесийг дэмжиж, дундаж орлоготой хэсгийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалттай хуулийн этгээдээс нэг хувийн татвар авдаг байсныг 2.5 тэрбум болгон нэмэгдүүллээ. Мөн аж ахуйн нэгжүүд гурван шатлалтай татвар төлөх эрх зүйн орчин бүрдүүлсэн. Тодруулбал, жилийн зургаан тэрбум төгрөгийн татвар ногдох орлоготой хуулийн этгээд 10, 6-10 тэрбумын орлоготой бол 15, үүнээс дээш тохиолдолд 25 хувиар татвар төлнө. Өмнөхийн адил 10 тэрбум төгрөгөөс дээш орлоготой хуулийн этгээдүүд зургаан тэрбум хүртэл 10, 6-10 тэрбум бол 15, 10-аас дээш бол 25 хувиар татвар төлнө гэсэн үг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухайд 50 сая төгрөг хүртэл татвар төлөгч биш байсныг 400 сая болголоо. Ингэснээр жижиг, дунд бизнес нэлээд идэвхжих боломж бүрдэж байна. НӨАТ-ыг импортын бараанаас шууд хураан авдаг байсныг борлуулалттай нь уялдуулж, борлуулалтын эхний сард татвараа төлөх орчин бий болгосон. Энэ үүргээ сайн биелүүлдэг аж ахуйн нэгжид дээрх хугацааг хоёр сар болгон сунгах юм.
-Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг хийж, Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу таван их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн нь анхаарал татсан үйл явдал байлаа. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Энэ бол эхний том алхам. Төслийн зээлийн хүү 10.5 хувьтай байсныг 7.9 хувьтай болгосон. Уул уурхайн ийм том төслүүдэд олон улсын банк, санхүүгийн байгууллагаас олгож буй зээлийн өнөөгийн хүүгийн хэмжээ бараг 9.1 хувьтай байна. Монгол Улсын хуулийн этгээд, аж ахуйн нэгжүүд гадаадаас хөрөнгө босгохдоо 8.2-8.6 хувийн хүү төлж байгаагаас ч бага болгож чадлаа шүү дээ. Мөн хөрөнгө оруулалтын гэрээнд зээлийн хүүг долоон жил тутамд эргэж харж байхаар тусгасныг гурван жил болгон наашлуулсан. Ингэснээр цаашид төслийг үр ашгийг дээшлүүлэх, монголчууд баялгийнхаа эзэн байх Үндсэн хуулийн үзэл санааг амилуулахад бодитой түлхэц үзүүлнэ. Тиймээс ч Н.Учралын Засгийн газар, холбогдох сайд нарт нь талархал илэрхийлэх учиртай. Тэд ч гэрээ хэлцлийг цаашид улам учир утгатай болгох ёстой. Түүнчлэн 2039 оноос ногдол ашиг хүртэх байсныг урагшлуулж 2026 он болгохоор урьдчилан тохирсон. Харин яг хэдэн төгрөг хүртэх вэ гэдэг нь энэ том төслийн олборлолт, борлуулалт, түүнээс олж буй орлогоо сайтар нягталж, шалгахтай шууд холбоотой. Энэ тоо 2026 оны намрын ээлжит чуулган гэхэд тодорхой болно гэж найдаж байна.
Нийт долоон зээлийн хэлэлцээрийг соёрхон баталсан
-Гадаадын зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийг өнгөрсөн хаврын чуулганаар баталлаа. Үүгээр яг ямар харилцааг зохицуулах вэ. Зарим талаар энэ хууль шүүмжлэл дагуулсан шүү дээ.
-Энэ хуулиар газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, ашиглалтад оруулах хугацааг наашлуулах боломж бүрдэж буй. Эдгээр төсөлд Энэтхэг, Хятад улсаас зээлийн хөрөнгө татах гэрээ хэлцэл хийж, холбогдох ажлуудыг нь эхлүүлсэн. Гэвч Төсвийн хуультай холбоотойгоор жилд авах зээлийн хэмжээ хязгаартай байгаа нь бүтээн байгуулалтын хугацааг хойшлуулж буй. Нэн хөнгөлөлттэй зээл хэдий ч дуусаагүй үйлдвэрлэлд авсан зээлийн хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна. Нөгөө талаас авах ёстой зээлийн чөлөөт үлдэгдэлд тодорхой шимтгэл төлдөг учраас өртөг нь өсөхөд хүргэж байгаа юм. Иймд дэлхий нийтийн нөхцөл байдал амаргүй, урьдчилж тооцох, таамаглахад хэцүү байгаа энэ үед газрын тосны бүтээгдэхүүнээ зуун хувь импортлодог манай улс ирэх оны сүүлийн хагас гэхэд газрын тосны үйлдвэрээ ашиглалтад оруулж, дотоодын хэрэгцээний 55-60 хувийг хангах боломж бүрдүүлэх ёстой. Үүнд Гадаадын зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хууль ихээхэн нөлөөтэй, үр дүнтэй байна гэж найдаж буй. Мөн манай эрчим хүчний үйлдвэрлэл хэрэглээнээсээ хоцорч байгаа учраас 2027 оны эхний хагас гэхэд үйлдвэрлэлийн хэмжээг хэрэглээнийхээ урд гаргах том зорилт тавьсан. Үүний хүрээнд баруун бүсийн эрчим хүчний найдвартай хангамж, дутагдлыг нөхөхдөө байгальд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний шийдлийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Уг станцыг 2028 оны эхний хагаст багтаан ашиглалтад оруулах боломж бүрдсэн.
-Хаврын чуулганаар хэд хэдэн зээлийн хэлэлцээрийг соёрхон баталсан. Эдгээрийн хүрээнд ямар асуудлуудыг шийдэх юм бэ?
-Нийт долоон зээлийн хэлэлцээрийг соёрхон баталсан. Ингэснээр төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх зорилгоор дэд станц барих, Хавдар судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, ГССҮТ, Цэргийн төв эмнэлэг зэрэг долоон байгууллагын нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг шинэчлэх, суурилуулах, хүний нөөцийг чадавхжуулах зэргээр боловсрол, эрүүл мэнд, онцгой байдлын байгууллагуудын чадамж материаллаг баазыг нэмэгдүүлэх юм. Боловсролын салбарт гэхэд 30 орчим сургууль, цэцэрлэг шинээр байгуулах, тус салбарын тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх гэх мэт тодорхой хөрөнгө оруулалт бий.
-Ярилцсанд баярлалаа.
















.jpg)