Төрийн бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглов. Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаас Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай тогтоол баталсан бөгөөд төрийн албан хаагчийн цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн болон орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг, сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, эрүүл мэндийн болон хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахуун, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцас, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилт зэргийг хэвийн олгож, бусдыг нь хэмнэхээр шийдвэрлэв.

Учир нь хагас жилийн гүйцэтгэлээр хэдийн 2.1 их наяд төгрөгийн алдагдал хүлээгээд буй тул хэмнэлтийн бодлого бүхий төсвийн тодотголыг ирэх оны төсвийн төслийн хамт УИХ-д өргөн барих нь.

Төсвийн тухай хуулийн дагуу Засгийн газар ирэх оны төсвийн төслийг есдүгээр сарын 1 гэхэд парламентад уламжлах учиртай бөгөөд хууль тогтоогчид намрын ээлжит чуулганаа ирэх сарын 15-нд эхлүүлэх ёстой. Засгийн газрын зүгээс дэлхийн эдийн засгийн байдал, тэр дундаа түлш, нефтийн бүтээгдэхүүний хомсдол, хангамжтай холбоотойгоор төсвийг тодотгохоос аргагүйд хүрсэн хэмээн тайлбарлаж байна.

Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэснээ зарлав

Уг нь Ормузын хоолойн өнөөгийн хурцадмал байдал, хямрал өнгөрсөн хоёрдугаар сард АНУ болон Израил Иран руу агаарын цохилт хийснээс үүдэлтэй. Үүнээс улбаалж тус бүс нутаг дахь тээвэрлэлт боогдож, олон улсын нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд хүндрэл үүсэхийг тухайн үед, өдгөөгөөс зургаан сарын өмнө амтай болгон хэлж, анхааруулж байв. Тэгж яривал Орос, Украйны дайн эхлээд хэдийн 4.5 жил өнгөрчихөж. Нефтийн бүтээгдэхүүний тухайд нэг улсаас хамааралтай гэж болох бидний хувьд энэ дайн “хар дарсан зүүд” гэдгийг өнгөрсөн хугацаанд хангалттай ярилаа. Харамсалтай нь, энэ бүхнийг бодитой тооцож, болзошгүй эрсдэл, хүндрэлийг урьдчилж харж, хариу арга хэмжээ авах ухаан Н.Учралын Засгийн газарт ч алга. Улиг болтлоо ярихаас хэтрэхгүй, яаралтай арга хэмжээ гээчээр “гал унтраахаас” өөр гавьтай ажил хийсэнгүй.

Нөгөө талаас өмнөх жилийн өр, багш, эмч нарын цалингийн нэмэгдэл жин дарж буй учраас эх үүсвэрийн эрэлд хатаж байгаагаа эрх баригчид учирлаж байна. Тухайлбал, түрүү жилийн өр төлбөрийг барагдуулахын тулд нэг их наяд төгрөгийн татварын орлогыг түрүүлээд хэрэглэсэн гэдгээ Сангийн сайд нь хүлээн зөвшөөрлөө. Бас багш, эмч нарын цалинг нэмэхээ хаа байсан хавар зарлачихсан. Эрүүл мэндийн салбарынхны цалингийн нэмэгдэлд 150, боловсролынхонд 670 буюу нийт 820 тэрбум төгрөг шаардлагатай. Тэрийг нь гэнэт хэмнэж гаргаж ирэх юм байх.

Гэтэл багш, эмч гэх мэт нийгмийн суурь үйлчилгээ үзүүлэгчдээ нийтээр нь туйлдуулж, ажлаа хаятал нь аргацааж ирсэн сүүлийн арван жилийн ялыг гурван сонгууль дараалан засаглаж буй Ардын намынхнаас өөр хэнээс асуух ёстой гэж.

Дарга нь, Ерөнхий сайд нь улирч, солигдовч Н.Учралын Засгийн газарт ч урьдчилж харах ухаан дутаж байна.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглосноо мэдэгдлээ

Түүнчлэн Стратегийн нөөцийн зарим бараа болон хүнсний ногооны нийлүүлэлтийг тогтворжуулах, хүртээмжийг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг өчигдөр баталсан бөгөөд махнаас гадна стратегийн бусад бараа, бүтээгдэхүүн буюу түлш, улаанбуудай, хүнсний ногооны нөөц бүрдүүлэх зоорь, агуулах барих аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгох гэх зэрэг зохицуулалтад шаардлагатай эх үүсвэрийг тодотголоор бий болгох гэнэ.

Н.Учралын Засгийн газрын өнгөн дээр мах магнаг болж, халуун зунаар хамгийн үнэтэй маханд хамгаа барна гэж хэн санах билээ.

Магад үүнийг МАН-ынхан урьдчилж тооцсон сон бол малчин монголчууд махсахгүй, манжингийн үнэ буураасай гэж мөрөөдөхгүй байсан биз, өдийд.  

Хэмнэлтийн тухайд тодруулбал, бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүртээ 20 хувийн урсгал зардлын хэмнэлт гаргах, нөхөн томилгоо хийхгүй, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээнээс татгалзах, шинэ албан тушаал үүсгэхгүй байх, тог цахилгаан, дулаанаа хэмнэх, хурал, сургалтаа цахимд шилжүүлэхээс гадна төрийн албан хаагчдыг зарим өдөр цахимаар ажиллуулахыг үүрэг болголоо.

-Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ /хувийн болон хандиваар зохион байгуулахыг хориглохгүй/

-Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад болон гадны зочин хүлээж авах зардал

-Зайлшгүй шаардлагатайгаас бусад тоног төхөөрөмж, тавилга, автомашин

-Батлан хамгаалах, хууль зүйгээс бусад сургалт, дадлагын бэлтгэл

-Зайлшгүй мэдээлэх хууль тогтоомжоос бусад кино, контентын хэвлэлийн зардал

-Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшууллыг тус, тус хориглолоо.

Хэмнэлтийг энэ оныг дуустал мөрдөх гэнэ.