НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй нь Монгол Улсын гадаад бодлогын хувьд “зөөлөн хүчний” дипломат ажиллагааны шинэ түвшин төдийгүй, Зүүн хойд Азийн экологийн аюулгүй байдлыг хангах стратегийн чухал зангилаа болж байна. Хурлын нээлтийн үеэр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад: “Газрын доройтол бол зөвхөн нэг улсын асуудал биш, хүн төрөлхтний оршин тогтнохын үндэс болсон хүнс, усны аюулгүй байдалд заналхийлж буй глобал сорилт юм. СОР17-оос бид санхүүжилтийн шинэ механизм, бодит түншлэлийг хүлээж байна” хэмээн онцолсон нь энэхүү чуулганы ач холбогдлыг тодотгов.

Харин тус хурлыг даргалах эрх, үүргийг албан ёсоор хүлээн авсан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: “Монгол Улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнөөрөө дамжуулан бүс нутгийн экологийн тэнцвэрийг хангахад манлайлах үүрэг хүлээж байна.

Энэхүү тэмцэлд хөрш орнуудын технологи, шинжлэх ухааны хамтын ажиллагаа шийдвэрлэх үүрэгтэй” гэдгийг тэмдэглэсэн нь манай улсын прагматик байр суурийг илтгэсэн хэрэг байлаа.

Цэнхэр бүсийн хэлэлцүүлэг: Шинжлэх ухааны шийдэл ба засаглалын хамтын ажиллагаа

Аливаа томоохон төсөл, хөтөлбөр шинжлэх ухааны үндэслэлгүйгээр бодит амжилтад хүрэх боломжгүй. СОР17 чуулганы хүрээнд 8 дугаар сарын 17-ны өдөр “Цэнхэр бүс”-д зохион байгуулагдсан “Монголын тэгш өндөрлөгийн экологийг нөхөн сэргээх шинжлэх ухааны гарц” (Side Event 151) хэлэлцүүлэг нь яг энэ асуудалд төвлөрч, 2023 онд байгуулагдсан "Монгол-Хятадын цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааны төв"-ийн үйл ажиллагааг онцлон хэлэлцлээ.

Ингэснээр уг хэлэлцүүлэг нь хоёр орны хамтын ажиллагааг улс төрийн амлалтаас практик ажил хэрэг рүү шилжүүлэх чухал алхам болсон юм.

Хоёр орны Төрийн тэргүүн нарын тохиролцооны дагуу байгуулагдсан тус төвийн чиг үүргийг зөвхөн сургалт, семинар зохион байгуулах гэсэн явцуу хүрээнд харж болохгүй. Энэ нь хил дамнасан шар шороон шуурганы мониторинг хийх, дэвшилтэт технологи шилжүүлэх бүс нутгийн стратегийн зангилаа юм. Тухайлбал, Хятадын талын хиймэл оюун ухаанд суурилсан MAZU цаг агаарын урьдчилан анхааруулах системийг Монголд нэвтрүүлсэн нь хамтын ажиллагаа технологийн шинэ шатанд гарсныг илтгэж байна. Энэхүү систем нь зайнаас тандан судлах технологи болон Их Өгөгдөл буюу Big Data-д тулгуурлан шар шороон шуурганы дэгдэлт, шилжилт хөдөлгөөнийг бодит цагийн горимоор урьдчилан таамаглах боломж олгож юм. Энэ нь экосистемийн эрт анхааруулах нэгдсэн сүлжээний эхлэл болж байна.

БНХАУ-ын Ойн Их сургуулийн дэд захирал, эрдэмтэд болон Цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааны төвийн ажлын албаныхантай хамт

"1+2+2" цогцолбор: Кубучийн загварыг нутагшуулах стратегийн платформ

8-р сарын 17-ны хэлэлцүүлгийн үеэр Профессор Чэн Ибэнь (Cheng Yiben) Монгол-Хятадын хамтарсан төвийн хүрээнд хэрэгжих "1+2+2" цогцолбор төслийн загварыг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Энэ нь Улаанбаатар, Замын-Үүд хотыг зангидсан 1 хамтарсан төв, 2 загвар бааз, хяналт шинжилгээний 2 станц байх юм.  Энэхүү цогцолбор нь зүгээр нэг барилга байгууламж бус, харин Өвөр Монголд амжилттай хэрэгжсэн "Кубучийн загвар"-ыг Монголын хөрсөнд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нутагшуулах гол бааз юм. Кубучийн загварын гол давуу тал нь байгаль хамгааллыг эдийн засгийн эргэлтэд оруулдагт оршдог. Өөрөөр хэлбэл, төр, хувийн хэвшил, нутгийн иргэд хамтран ажиллаж, цөлжилттэй тэмцэх ажлыг нүүрстөрөгчийн зах зээл, ганд тэсвэртэй ургамлын бизнестэй шууд уялдуулж чадсан ухаалаг шийдэл юм

Хэлэлцүүлгийн үеэр онцгой анхаарал татсан сэдэв бол “Plantation to Plate” буюу “Тариалалтаас хэрэглээ хүртэлх” нэгдсэн эко-эдийн засгийн туршлага байлаа. Энэ нь цөлжилтийн бүсэд дасан зохицсон эдийн засгийн ач холбогдолтой ургамлыг эмзүй, гоо сайхан, хүнсний үйлдвэрлэлтэй шууд уялдуулах механизм юм.

Иймд энэхүү туршлага нь Монголын нүүдлийн мал аж ахуйн салбарт тулгамдаж буй бэлчээрийн доройтлыг бууруулах, малчдын орлогын эх үүсвэрийг солонгоруулах, цаашлаад ядуурлыг бууруулах хамгийн прагматик гарц болох боломжтойг харуулсан юм. Өөрөөр хэлбэл, энэ нь цөлжилттэй тэмцэх үйл явцыг зөвхөн улсын төсвөөс татаас шаарддаг "зардал" бус, харин тогтвортой ашиг орлого авчирдаг "ногоон бизнес" болгон хувиргах стратегийн онцгой ач холбогдолтой.

Энэхүү шинжлэх ухаанч хэлэлцүүлэг 8 дугаар сарын 18-ны өдөр бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээний сэдвээр үргэлжилж, талууд экологийн нөхөн сэргээлтийн урт хугацааны алсын харааг бататгасан юм

Глобал санхүүжилтийн дутагдал ба технологийн шилжүүлэг

Цөлжилттэй тэмцэх дэлхийн хүчин чармайлтад жилд 278 тэрбум ам.долларын санхүүжилтийн зөрүү үүсээд байгааг НҮБ-ын тооцоолол харуулж байна [2]. Монгол Улсын хувьд Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмэр (NDC) зорилтоо 2030 он хүртэл хэрэгжүүлэхэд 11.5 тэрбум ам.доллар шаардлагатайгаас 5.2 тэрбум нь зөвхөн цөлжилтийг сааруулахад чиглэх ёстой.

Энэхүү санхүүжилтийн дутагдлыг нөхөхөд Хятадын талын технологийн дэмжлэг болон бодит хөрөнгө оруулалт шийдвэрлэх үүрэгтэй. Гэхдээ урт хугацааны тогтвортой хөгжлийг хангахын тулд дээр дурдсан "1+2+2" төслийн лабораториудыг түшиглэн хөрс судлаач, усны инженер, зайнаас тандан судлах (GIS) шинжээчид болон ногоон санхүүжилтийн төслийн менежерүүдийг системтэйгээр бэлтгэх шаардлагатай. Энэ нь гадны технологийг сохроор хуулбарлах бус, Монголын эрс тэс уур амьсгал, хөрсний онцлогт тохируулан нутагшуулах чадвартай үндэсний шинжлэх ухааны боловсон хүчнийг бэлтгэх стратегийн хөрөнгө оруулалт болох ёстой юм.

Амжилтын үндэс: Мэдлэг түгээх ба хараат бус судалгааны үүрэг

Аливаа төсөл хөтөлбөр, тэр дундаа хил дамнасан экологийн мега төслүүдийг амжилтад хүргэх гол хүчин зүйл нь зөвхөн техник, технологи бус, харин ард иргэдийг анхнаас нь үнэн зөв мэдээллээр хангах, шинжлэх ухааны бодит мэдлэгийг түгээх явдал юм. Хятадын Кубучи болон "Гурван хойд" төслийн туршлагаас харахад, орон нутгийн иргэдийн идэвхтэй оролцоо, эдийн засгийн итгэл үнэмшилгүйгээр аливаа экологийн нөхөн сэргээлт урт хугацаанд тогтвортой үргэлжилж чаддаггүй. Тиймээс шинэ технологийн нийгэм-эдийн засгийн бодит үр өгөөжийг иргэдэд зөвөөр таниулах нь чухал юм.

Тиймээс 1+2+2 цогцолбор мэт хоёр орны мега төслийн үйл ажиллагаанд дотоодын судалгааны төвүүд буюу хараат бус шинжээчдийн оролцоо маш чухал юм. Тухайлбал, судлаачид гаднаас орж ирж буй шинэ технологийн үр өгөөжийг бодитойгоор үнэлж, иргэд болон шийдвэр гаргагчдын хооронд үнэн зөв мэдээлэл хүргэх гүүр болох ёстой. Ингэснээр нийгэмд гарч болох буруу ойлголт, хардлагаас сэргийлж, төслийн эрсдэлийг бууруулахын зэрэгцээ хоёр орны ард түмний итгэлцлийг улам бэхжүүлнэ. Ингэснээр гадны дэвшилтэт технологи Монголын хөрсөнд бат бөх суурилж, улс орны ногоон хөгжлийн бодит хөдөлгүүр болж чадах юм.

Нэгдмэл экологийн засаглал

COP17-гоос гарсан шийдвэрүүд болон Хятадын талын танилцуулсан санаачилгууд нь бүс нутгийн экологийн засаглалд шинэ стандарт тогтоож байна. Цаашид хоёр орны хамтын ажиллагааг үр дүнд хүргэхийн тулд дараах стратегийг баримтлах нь зүйтэй болов уу.

Үүнд:

Юуны өмнө байгаль хамгааллыг зөвхөн төсвийн зардал бус, зах зээлийн механизмд суурилсан, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжсэн ногоон бизнесийн загвар руу шилжүүлэх. Үүнд Хятадын туршлагыг зөвхөн Монголын бэлчээрийн мал аж ахуй төдийгүй газар тариалан, ойн аж ахуй, эко-аялал жуулчлал зэрэг нийгэм-эдийн засгийн бусад гол салбаруудын онцлогт нийцүүлэн цогцоор нь хэрэгжүүлэх.

Түүнчлэн, төслийн үйл явцыг олон нийтэд нээлттэй болгож, хараат бус судалгааны төвүүдтэй хамтран ажиллах замаар иргэдийн итгэл, оролцоог хангах. Түүнчлэн шинжлэх ухаанд суурилсан экологийн боловсролыг түгээж, ногоон эдийн засгийн үр өгөөжийг нийгэмд зөвөөр таниулах шаардлагатай.

Цаашилбал Монгол-Хятадын цөлжилттэй тэмцэх төвийг зөвхөн судалгааны нэгж бус, бүс нутгийн хэмжээний технологи дамжуулах, инноваци нутагшуулах, үндэсний боловсон хүчин бэлтгэх стратегийн төв болгон өргөжүүлэх зэрэг болно.

Экологийн тогтолцоонд газарзүйн хил хязгаар гэж үгүй. Говийн гүнээс дэгдсэн шар шороон шуурга хил дамнадаг шиг, түүнийг шийдвэрлэх шинжлэх ухаанч шийдэл ч мөн адил хил дамнасан, нэгдмэл бодлогоор хэрэгжих ёстойг COP17-ийн индэр бидэнд санууллаа.

Ашигласан эх сурвалж:

[1] Монгол Улсын Гадаад харилцааны яам. COP17-ийн хүрээнд хийсэн уулзалтын тэмдэглэл.

[2] UN News - "Restoring Land, Restoring Hope" at COP17.

[3] Монгол Улсын Засгийн газар. NDC зорилтын баримт бичиг.