Сэлэнгэ аймгийн шинэхэн арслан С.Оргилбаатарын цолны мялаалга наадам төрөлх Орхонтуул суманд өргөн дэлгэр боллоо. Энэ үеэр Монгол Улсын харцага, Гавьяат дасгалжуулагч Т.Өсөх-Ирээдүй аймгийнхаа баяр наадмаар бахтай сайхан барилдаж аймгийн арслан цол хүртсэн нэг сум, нэг дэвжээний шавь С.Оргилбаатартаа өөрийн унаган адууг хөтөлгөсөн бол Монгол Улсын Даян аварга Б.Орхонбаяр тэргүүтэй "Таван-Хан" дэвжээний улс, аймгийн цолтнууд нутгийнхаа шинэ цолтонд олуулаа ирж хүндэтгэл үзүүлсэн юм.
Шинэхэн арслангийн цолны мялаалга наадмын үеэр Монгол Улсын харцага, Гавьяат дасгалжуулагч Т.Өсөх-Ирээдүйтэй ярилцлаа.
-Таны төрөлх сум Орхонтуул бөхийн авшигтай нутаг гэж та шавийнхаа цолны мялаалга наадмын үеэр тодотгож хэллээ. Мөн 16 жилийн дараа аймгийн арслан цолтон төрлөө?
-Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум Түшээт хан аймгийн Ахай гүний нутаг, эртнээсээ олон сайхан бөхтэй. “Их буу”-ны Д.Төмөр-Очир, Чүлтэмийн Цэрэндорж гээд улс, аймгийн алдарт цолтой бөх олон төрсөн.
Аймгийн баяр наадамд манай Орхонтуул сумаас 2010 онд Ж.Галбадрах шавь маань түрүүлж аймгийн арслан цол хүртэж байлаа. С.Оргилбаатар аймгийнхаа баяр наадамд хоёр үзүүрлэж, нэг шөвгөрөөд энэ жил, 16 жилийн дараа түрүү магнай болж аймгийн арслан цол хүртлээ. С.Оргилбаатар бөхийн өлгий нутаг Архангай аймгийн гаралтай. Аав нь тохьтой томоотой сайхан хүн байсан. Монголчууд “Хорхойд хоргүй сайхан хүн дээ” гэж ярьдаг даа. Сүхбат ах тийм л сайхан хүн байлаа. Хүүгээ надад шавь болгож захиж өгснөөс хойш өнөөдрийг хүртэл яг л дүү шиг минь хамт явж байна даа.
-Өгсөх даваа болгоны шалгуур хөдөлмөрлөсөн хүнд л ирдэг шагнал байдаг-

-Шинэхэн цолтон С.Оргилбаатар 16 жилийн дараа аймгийн арслан боллоо гэж нутгийнхан бахархан ярилцаж байна. Мөн даян аваргаас эхлээд "Таван-Хан" дэвжээнийхэн олуулаа ирж баярыг нь хуваалцаж байгаа нь сайхан санагдлаа?
-Бөхийн хөдөлмөр гэдэг амар зүйл биш шүү дээ. Өгсөх даваа болгоны шалгуур хөдөлмөрлөсөн хүнд л ирдэг шагнал байдаг.
Чиний цаг болоогүй л бол цаг нь иртэл хөдөлмөрлөхөөс өөр аргагүй. Ухрах эрх байхгүй. Ер нь дан ганц бөх гэлтгүй бүхий л зүйл дээр хөдөлмөрлөсөн хүнд л амжилт ирдэг.
Эртний монголчуудын “Эвт шаазгай буга барина” гээд их сайхан үг байдаг. Эв нэгдэл хаана байна тэнд амжилт байдаг. Эвтэй бол хүчтэй гэдэг. Сэлэнгэ аймгийн бөхийн холбоо 2026 онд шинэчлэгдэж тэргүүнээр Б.Энхбат, дэд тэргүүнээр Б.Цогтгэрэл, Б.Баяртулга, Мөнхбат гээд залуучууд эв нэгдэлтэй, эрч хүчтэй сайхан ажиллаж байна. Бид хамтдаа олон ажлын ард гарлаа. Ер нь үеийн үед Сэлэнгэ аймгийнхаа үндэсний өв соёл, үндэсний спортын хөгжил цэцэглэлтийг дэмждэг сайхан сэтгэлтэй хүмүүсийн дэмжлэг туслалцаагаар өдий зэрэгт хүрсэн. Энэ цаг үед ч гэсэн нутгийн зөвлөлөөс эхлээд олон сайхан хүний халуун сэтгэлийн дэмжлэгээр амжилттай сайхан явж, сайхан наамдамлаж байна. Бүгдэд нь талархлаа.
-Энэ жил Сэлэнгэ нутгаас гадна таны шавь нар гойд сайхан наадлаа. Улс, аймгаас шинэ цолтнууд төрлөө. Таны дасгал сургуулилтын онцлог гэвэл юу хэлэх вэ?
-Миний хувьд биеийн тамирын багш мэргэжилтэй. Үндэсний биеийн тамирын дээд сургуульд суралцаж байгаад дөрөвдүгээр курсээ “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийг төгссөн.
2012 онд Үндэсний биеийн тамирын дээд сургуульд “Монгол бөхийн уламжлал шинэчлэл” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан. Ер нь байнга суралцаж, шинийг эрэлхийлж байх ёстой. Орчин үед цаг үетэйгээ хамт биш, түрүүлж л алхахгүй бол хоцрогдохоор маш хурдацтай хөгжиж байна.
Яах вэ, миний дасгал сургуулилтад онцлог, “нууц” гэх сонин содон зүйл байхгүй дээ. Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороонд 30-аад жил ажиллаж байна. Цэргийн салбар ч тэр миний хувьд ч хамгийн түрүүнд сахилга батыг чухалчилдаг. Түүнийгээ ч шавь нараасаа шаарддаг.
Ер нь эв нэгдэл, сахилга бат байгаа газар хөдөлмөрлөж чадах юм бол юунд ч хүрч болдог гэдгийг залуучууд харуулж байгаа юм болов уу.
Монгол түмэн харж, бахархаж байна шүү дээ.
Жудаг гэж тавхан үсэгтэй мэт боловч тавилан заяанд байдаг бүхий л сайн сайхныг багтаадаг болов уу

-Монгол бөхөд алдаа, оноо аль аль нь бий. Ялангуяа Үндэсний их баяр наадмыг найман настай балчираас наян настай буурал хүртэл нас, хүйс харгалзахгүй шимтэн үзэж байна. Энэ бүхний эд эс болж яваагийн хувьд монгол бөхийн хөгжлийг хэрхэн харж байна вэ?
-Монгол бөхийн хөгжил гэвэл их олон зүйлийг ярих хэрэг гарна. Монгол Улс бөхийн орон гэдэгтэй хэн ч маргахгүй. Монгол хүн эр нь ч, эмэгтэй нь ч ямар амжилт үзүүлж байгааг дэлхий нийтээрээ харж байна. М.Уранцэцэг, Д.Сумьяа, С.Батцэцэг гээд дэлхийд алдартай бөх олон. Эрэгтэйчүүд ойлгомжтой. Олон түмнээрээ харж, ярилцаж байна шүү дээ.
Монгол хүүхдийн онцлог гэж байна л даа. Айлын жаахан хүүхдийг алив барилдаач гэхээр барьж аваад ноцолддог юм. Тэгэхээр бүр язгуурын угт байдаг юм болов уу гэж хардаг.
Монгол бөх хөгжиж, урагшилж байна. Алдаа, оноо, сайн сайхан аль аль нь байгаа. Цаг хугацааны явцад улам сайхан болох юм болов уу гэж харж хүлээдэг. Монгол бөхийн муу, сайн бүгдийнх нь эд эс болж яваагийн хувьд илүү сайхан болно гэдэгт итгэл дүүрэн байдаг.
-Үзэгчид бөхчүүдээс жудаг нэхэж шаардаж байна л даа. Монгол бөхийн жудгийн тухайд та ямар ойлголт, үнэлэмжтэй явдаг вэ?
-Монголчууд наадам үзэх дуртай юу. Наадам үзээд бахархах мэдрэмж авч чадаж байна уу. Энэ мэдрэмж Монгол хүний болгоны дотор байгаа цагт өв соёл маань үеийн үед хөгжиж дэлгэрч явах нь дамжиггүй. Тэр хэрээр энэ баяр бахархал Монгол хүн болгоны сэтгэл зүрхэнд бадамлаж асаж яваа. Монгол наадам болж монголчууд баярлаж цэнгэж байгаа газар болгон үгийн сайныг хэлэлцэж, үйлдлийн сайхныг үлгэрлэж инээж хөөрч баясаж тэндээсээ эрч хүчийг авч байдаг. Энэ л бидний тэнгэр заяат гэдгийн учир юм болов уу гэж ойлгож ухаарч явдаг.
Жудаг гэдэг их өргөн ойлголт л доо. Монголчууд жудгийг бөхчүүдээсээ илүүтэй харж, бөхтэй холбож ойлгоод байдаг талтай.
Жудаг гэж ноён нуруу, алсын хараа, үнэнч шударга зан, энэрэнгүй нигүүлсэхүй сэтгэл гээд олон зүйлийг багтааж явдаг. Жудаг гэж тавхан үсэгтэй мэт боловч тавилан заяанд байдаг бүхий л сайн сайхныг багтаадаг болов уу гэж бодож ойлгож явдаг.
Бид бүгдээрээ л малгай, дээл хоёроо сайхан өмсөөд явдаг.
Эр хүн, бөх хүн гэдэг хоёр ойлголтыг малгай шигээ тэгшсэн сайхан авч явъя л гэж хичээдэг дээ.

















