УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.12) гишүүн Х.Тэмүүжин, Ч.Лодойсамбуу, Ж.Баясгалан, С.Эрдэнэболд, С.Цэнгүүн, Б.Жаргалан, Д.Батбаяр, Б.Батбаатар, Г.Ганбаатар нар УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Хуулийн төсөл санаачлагчдын зүгээс парламентын ардчилал нь нээлттэй, тэгш, чөлөөт мэтгэлцээн, үзэл бодлын өрсөлдөөнөөр тодорхойлогдох бол парламентат ёс нь парламентаас Ерөнхий сайдыг томилж, хянаж, хариуцлага тооцоход чиглэдгийг тодотгов. УИХ нь 126 гишүүнтэй, төрийн эрх барих дээд байгууллага боловч УИХ-ын чуулганы хуралдааны танхимд УИХ-ын  бүрэлдэхүүнээс гадна Ерөнхий сайд хуралдаан даргалагчийн түвшинд тусгайлсан суудалтай байх нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, УИХ-ын үйл ажиллагааны үндсэн зарчимд үл нийцэж байна гэж үзжээ. Тиймээс парламентын ардчиллыг баталгаажуулахын тулд УИХ-ын чуулганы хуралдаан УИХ дахь олонх ба цөөнхийн тэгш мэтгэлцээнээр явагддаг, чуулганд гишүүд нь сонгогч иргэдээ төлөөлөн байр сууриа нээлттэй илэрхийлж, үгээ чөлөөтэй хэлдэг байхын сацуу хууль тогтоох, хуулийн биелэлтэд хяналт тавих УИХ-ын бүрэн эрх халдашгүй хэрэгжих үүднээс уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн хэмээн танилцууллаа.

Тодруулбал, УИХ нь 126 гишүүнтэй, төрийн эрх барих дээд байгууллага боловч УИХ-ын чуулганы хуралдааны танхимд УИХ-ын бүрэлдэхүүнээс гадна Ерөнхий сайд тусгайлсан суудал эзэгнэж хуралдаан даргалагчийн түвшинд танхимын хойморт байрлаж буй нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, УИХ-ын үйл ажиллагааны үндсэн зарчимд үл нийцэж байна. Парламентын нийтийн танхим дахь суудлын байршил нь олонхын эрх мэдэл ба цөөнхийн хяналт, хариуцлагын илэрхийлэл болдог учраас улс төрийн соёл, шийдвэр гаргах арга барилд шууд нөлөөлдөг гэдгийг хууль санаачлагчид онцолж, уг хуулийн төслийг өргөн мэдүүлжээ. Уг хуулийн төсөлд УИХ-ын 40 гишүүн гарын үсэг зурсан байна.