Эрх баригч намын даргын төлөөх тэмцэл дотоодоосоо хальж төрийг хямрал руу түлхлээ. УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар нь ээлж дараалан мэдэгдэл хийж сүүлдээ байнгын хороо, УИХ-ын чуулган ч хуралдаж чадахаа болив. МАН ийм үймээн самуун үл ойлголцолтой байхад сөрөг хүчин ч айлын тогоо руу өнгийж ажил хаяж гарав. Ийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүн нь намын тамгаа булаацалдаж муудалцсанаас болж Монголын төр жинхэнэ утгаараа гацаанд орж энэ янзаараа ирэх оны төсвөө ч баталж чадахгүйд хүрэх вий гэсэн болгоомжлол олон нийтэд төрж эхэлж байна.

Улс төрийн энэ бужигнаан ердөө хоёрхон өдрийн өмнө МАН-ын даргын төлөө өрсөлдсөн Д.Амарбаясгалан, Г.Занданшатар гэдэг хоёр хүний хооронд байсан мэт харагдсан бол өчигдрөөс эхлэн Ерөнхийлөгч хөшигний ардах оролцоогоо ил болгож эхлэв үү гэж хардах үндэслэл гарч ирлээ.

Тэр юу вэ гэвэл МАН-ын Хяналтын зөвлөлөөс ХЗДХ-ийн сайдаар томилогдоод байгаа Б.Энхбаярыг намаас хөөх шийдвэр гаргасны дараа УИХ дахь МАН-ын нэр бүхий долоон гишүүн гарч ирж мэдэгдэл хийв. Ингэхдээ Б.Энхбаярыг хөөж байгаа бол биднийг ч бас хөөгөөрэй гэсэн агуулгаар “Бид Г.Занданшатарын талд байгаа шүү” гэдгээ зарлалаа. Хамгийн сонирхолтой нь ингэж улс төрийн акц хийж гарч ирсэн М.Бадамсүрэн, З.Мэндсайхан, Б.Заяабал, Д.Энхтүвшин, Л.Соронзонболд, Д.Бум-Очир, Б.Хэрлэн нарын гишүүдийн ихэнх нь Ерөнхийлөгчийн зүгийн хүмүүс байгаа юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн З.Мэндсайхан Ерөнхийлөгчийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан. Мөн Ерөнхийлөгчийн их ойрын хүний дүү гэж ярьдаг.УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаад УИХ-д орж ирсэн.

Баруун бүсээс сонгогдсон Б.Заяабал УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын хүн. Тэр дундаа Ерөнхийлөгчтэй их ойр гэлцдэг. Мөн М.Бадамсүрэн, Л.Соронзонболд нар зүүн зүгээс сонгогдсон. Л.Соронзонболд гишүүний хувьд зүүн бүсэд нэр дэвшихдээ олонд биш намдаа танигдаагүй явсан. Харин УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг олон нийт MCS-ийн төлөөлөл гэж хардаг. Тэр ч утгаараа өнөөгийн Засгийн газрыг өмөөрч гарч ирэх нь лав. Эдэн дундаа ганц эмэгтэй нь буюу УИХ-ын гишүүн Б.Хэрлэн УИХ-д МАХН-ын төлөөлөл. Нэг ёсондоо өнөөгийн Засгийн газрын эрх ашгийг хамгаалж буй хэрэг юм.

Үндсэндээ У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн зөвлөх байгаад парламентад орж ирсэн хүмүүс ингэж акц хийж гарч ирж байгаа нь Ардын намын даргын төлөөх зодоонд Ерөнхийлөгчийн “дүр” албан ёсоор тодорч гарч ирэв үү гэж харагдаж буй юм.