Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны төлөөлөлтэй уулзлаа. /2026.04.14/ Тус уулзалтаар дараах асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг үйлдвэрчний эвлэлээс санал болгожээ.

Тухайлбал, цалин хөлстэй холбоотойгоор эрүүл мэндийн салбарт үүссэн хоёр үндсэн цалинтай байгаа асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх, оны сүүлийн хагас жилд буюу 8-р сараас 12-р сар хүртэл  9 хувиар нэмэгдэж нийт 45 хувийн нэмэгдлийг шийдвэрлэхэд улсын 2026 оны төсөвт тодотгол хийхэд тодорхой хувийг тусгах, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудын цалингийн нэмэгдэл болон 3 жил тутамд олгох тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэх, Хөдөлмөрийн хуулийн хүрээнд байгууллага Хамтын гэрээгээрээ ажилтнуудынхаа үндсэн цалинг нэмэгдүүлэн олгож байгаатай холбоотой гарч буй гажуудлыг засах, үр дүнгийн мөнгөн урамшуулал болон шөнийн цагийн нэмэгдэл хөлсний асуудал, нарийн  мэргэжлийн эмчийн алсын дуудлага болон өвчтөн тээвэрлэж буй нийслэл, орон нутгийн эмч, ажилтанд томилолтын мөнгө, бусад асуудлыг хэлэлцсэн байна.

Энэ талаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа “Эрүүл мэндийн салбарын эмч ажилчдыг түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулах, эрүүл мэндийн салбарт 15-аас доошгүй жил ажилласан ажилтны нэг хүүхдийг төрийн өмчийн их дээд сургуульд үнэ төлбөргүй суралцуулах асуудлыг Эрүүл мэндийн тухай хуульд тусгах шаардлагатай байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26.2 дахь заалтаар төсвийн байгууллага тухайн жилийн батлагдсан төсвийн 0,5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг ХАБЭА-н болон ҮОХХМШӨ-өөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулах асуудал ажил болохгүй байгааг төсөвт тусгах, эрүүл мэндийн салбарын төсвийн зардлын ангилалд “зөөлөн эдлэл, нормын хувцасны зардал” гэсэн хоёр өөр зардлыг нэгтгэж төсөвт тусгадгаас шалтгаалан эмч ажилтны ажлын хувцсаа иж бүрнээр авч чадахгүйгээр барахгүй сүүлийн 3-4 жил ажлын хувцас буюу нормын хувцсаа аваагүй эмч ажилтнууд байсаар байгаа зэрэг асуудлаар мэдээлэл солилцож цаашид нийгмийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллахыг хүслээ” гэв.

Харин Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын зүгээс салбарын эмч, ажилтнуудад тулгамдаж буй хоёр үндсэн цалингийн асуудлыг шийдвэрлэх, салбарын хүний нөөц, эмч, ажилтнуудын тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч, энэ оны тавдугаар сарын 1-нээс эхлэн нэг үндсэн цалинтай болж,  30% -иар нэмэгдсэн үндсэн цалингаас нэмэгдэл хөлсийг тооцон олгох бөгөөд цаашид наймдугаар сараас эхлэн  сар бүр 9%-иар нэмэгдэх бүрд нэмэгдсэн цалингаас тооцож олгоно гэдгийг мэдэгдлээ. Мөн орон сууцны ипотекийн  зээл, түрээслээд өмчлөх хэрэгцээг салбарын хэмжээнд судалж хамтран ажиллахаа илэрхийлжээ.