“Эрдэнэс таван толгой” ХК-д Онцгой дэглэм тогтоосноос хойш экспортын хэмжээ, тээвэр, биржийн борлуулалт огцом нэмэгджээ. Тодруулбал, Засгийн газрын долдугаар сарын 9-ны хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай Онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчдийн баг ажиллуулахаар шийдвэрлэсэн. Улмаар Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн ахлагчаар У.Бямбасүрэнг томилов.

Харин онцгой дэлгэм тогтоосон гурван сар орчмын хугацаанд нүүрсний олборлолт, тээвэр, борлуулалт өсөж, экспорт сэргэж байгаа тухай “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн цахим хуудаст онцолжээ. Тухайлбал,  тус компани 2025 оны зургаадугаар сард 1.5 сая тонн нүүрс экспортолж байсан бол онцгой дэлгэм тогтоосон долдугаар сард 1.95 сая тонн, наймдугаар сард 2.7 сая тонн, есдүгээр сарын 25-ны байдлаар 2.6 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ сар дуусахад 3.2 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн тухай өөрсдийн цахим хаягтаа нийтэлжээ.

Мөн Гашуунсухайт-Ганцмод боомтоор 2025 оны зургаадугаар сард 462 тээврийн хэрэгсэл гарч байсан бол есдүгээр сарын 22-ны байдлаар 913 болж тээвэрлэлт хоёр дахин нэмэгджээ. 2025 оны зургаадугаар сард биржийн экспорт 10 сая ам.долларын гүйцэтгэлтэй байсан бол наймдугаар сард 49.5 сая ам.доллар, есдүгээр сард 52.3 сая ам.доллар болж биржийн экспортын орлого нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.

Ийнхүү БЭТ томилж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажлыг явуулдаг болсон нь 2022 оноос эхлэлтэй. Тухайн үед компани өрийн дарамтад орж, 2022 оны аравдугаар сарын байдлаар нийт 3.4 их наяд төгрөгийн өртэй гэдэг мэдээллийг албаныхан өгч байв.

Тиймээс тухайн оны аравдугаар сарын 26-ны Засгийн газрын тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны ТНБД Ж.Ганбатыг томилсон байдаг.  

Бүрэн эрхт төлөөлөгч томилсны дараах нэг сарын хугацаанд экспортын үзүүлэлт хоёр дахин нэмэгдэж, тээврийг 3-4 дахин нэмэгдүүлсэн гэдэг мэдээллийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат өгч байлаа. Мөн “Нүүрсний хулгай” гэх хэргийг энэ үеэс эхлэн хууль хүчний байгууллагууд шалгаж эхэлсэн байдаг. Ингээд Ж.Ганбатыг 2023 оны зургаа, арваннэгдүгээр сард тус тус зургаан сарын хугацаатай улираан томилсон.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоосон энэ нэг жил 7 сарын хугацаанд 46.2 сая тонн нүүрс олборлож, 59.2 сая тонн нүүрс борлуулж, 6.1 тэрбум ам.долларын орлоготой ажилласан гэдэг мэдээллийг тухайн үед өгч байв.

Түүнчлэн улсын төсөвт 5 их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрүүлэн, 3.5 тэрбум ам.долларыг Монгол банканд арилжжээ. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” компани түүхэндээ байгаагүй их олборлолт, борлуулалт хийж, улсын төсвийг давуулан биелүүлсэн гэдэг мэдээллийг албаны эх сурвалжууд өгч байлаа. Мөн 1072 хувьцааг бодит болгох ажил энэ үеэс эхэлж байв. Ингээд 2024 оны зургаадугаар сард Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх компанийн санхүүгийн үзүүлэлтийг сайжруулах УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэрийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат амжилттай хэрэгжүүлсэн хэмээн үзэж БЭТ-ын үүргийг дуусгавар болгосон байдаг.

Үүнээс хойш БЭТ-гүй ажилласан жил гаруйхан хугацаанд "Эрдэнэс Тавантолгой" дээр авлига, хулгай, хүнд суртал нүүрлэсэн. Нүүрсний экспортод сөргөөр нөлөөлж буй тул онцгой дэглэм тогтоох арга хэмжээ авахаас өөр аргагүй гэж Засгийн газраас үзэж дахин томилсон нь энэ юм.

Энэ онд гэхэд 10 сая тонн нүүрс ачих төлөвлөгөөтэй ч одоогоор 145 мянгыг ачаад буй Тавантолгойн нүүрс ачилт логистикийн төвд үүссэн асуудлыг АТГ-т шалгуулна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар газар дээр нь ажиллах үеэрээ мэдэгдэж байв.  Энэ мэтээр онцгой дэглэмгүй бол алдагдалд орж, орлого нь тасардаг болчихоод байгаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн онцгой бүрэн эрхт төлөөлөгчдийн гурван сарын хугацаа ирэх сарын 7-нд дуусгавар болно. Тэдний үүргийг ингээд дуусгавар болгох уу, эсвэл үргэлжлүүлэн ажиллуулах уу гэдгийг Засгийн газар дахин хэлэлцэх нь.