Цахим орчинд бүдүүн Fat Joe Монголд ирэх нь хэмээн давалгаалж байна. Арга ч үгүй, дэлхийн алдарт реппер Fat Joe ердөө долоо хоногийн дараа Улаанбаатар буух нь. Тэр есдүгээр сарын 20-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийхээр болсон нь АНУ-аас Монголд уригдсан уран бүтээлчдээс хамгийн томд тооцогдох юм.

Түүний талаар товчхон хэлэхэд, реппер Fat Joe хип хоп хөгжмийн салбарт тасралтгүй 30 жил уран бүтээл туурвиж байна. Түүний дуу бүр Billboard-ыг тэргүүлдэг. Fat Joe чадварлаг, чадалтай репперээс гадна продюсер, хүндэт доктор, уран илтгэгч, зохиолч, хөтлөгч гээд олон авьяастай. Реппер Fat Joe-ийн хөтөлдөг подкастын зочид нь дэлхий дахинд алдартай, нэр хүндтэй том уран бүтээлчид байдгаас үзвэл түүгээр дамжуулан Монгол Улсыг сурталчлан таниулах боломж, суваг нээгдэж байна гэдгийг тоглолтыг зохион байгуулагчид хэлсэн.

Алдарт Fat Joe-ийг Монголд урихад амар байгаагүй нь мэдээж. Дэлхийн домог болсон реппер өндөр шаардлага тавихаас эхлээд тоглолтыг олон улсын стандартад нийцүүлж зохион байгуулах учиртай. Тиймдээ ч энэ талаар Fat Joe-ийг эх орондоо урьсан “Blink Soft” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Н.Баяраа “Ер нь бол гаднын нэр хүндтэй уран бүтээлчид зөвхөн Монгол Улсад ирж тоглолтоо хийх боломж тэр бүх олдохгүй юм билээ. Үнэ ханш тохирохгүй эсвэл цөөхөн хүн амтай учраас үзэгчдийн тоо бага байх болов уу гэх мэт шалтгаанаар татгалздаг. Харин энэ удаад биднийг холбож буй агентлаг маань Fat Joe-д Хятад, Япон ч юм уу ойролцоох улс оронд мөн тоглолт хийх эрх авч өгч байж манай улсад ирэх боломжийг бүрдүүлсэн.Түүнийг зөвшөөрөхөд Монгол Улсын үүх түүх, өв соёл тодорхой хэмжээнд нөлөөлсөн болов уу. Энэ тухайгаа өөрөө ч бас дурдаж байсан. Реппер Fat Joe “Миний дууг сонсдог, миний фенүүд байгаа юу” гэж хамгийн түрүүнд асуусан байсан. Бид тооцоолол, төлөвлөгөөгөө тодорхой танилцуулсан. Түүний менежерийн багийнхан хэдэн ширхэг тасалбарыг хэдэн төгрөгөөр борлуулах, тоглолт гадна талбайд уу эсвэл дотор зааланд болох уу, тайз, өсгөгч нь ямар байх вэ, тухайн өдрийн цаг агаар гээд бүх зүйлийг нарийн лавлаж асууж байсан. Бид цаад талаас тавьж буй бүх шаардлагад нийцүүлэх үүрэгтэй. Бид цаанаас тавьсан шаардлагын хүрээнд буюу олон улсын стандартад нийцүүлэн бэлтгэл ажлаа хангаж байна” гэж ярьсан.

Гэхдээ монголчуудад дуулгах бас нэг таатай мэдээ бий. Энэ бол Алдарт Fat Joe-оор  продюсерлуулж, дэлхийд танигдах Монгол реппер.

Зохион байгуулагчдын хэлснээр түүний тоглолтод хип хоп чиглэлээр уран бүтээл хийдэг Цэцэ, Vanquish, Гинжин нар оролцох нь тодорхой болсон. Харин Монгол дуучдаа дэлхий дахинд таниулах хүсэл зорилготойгоор зочин артистаар урьж оролцуулж, реппер Fat Joe-той нэг монгол  дуучнаа хамтарч уран бүтээл хийлгэх мөрөөдөл тээж яваа. Хэрэв, хамтарч уран бүтээл хийж чадвал репперийн зүгээс бидэнд өгч буй хамгийн үр өгөөжтэй, том бэлэг байх болно. Энэ хүн маань өөрөө дуучидтай хамтарч, уран бүтээл хийж тухайн хүнийг гаргаж ирж, дэлхийн дахинд таниулж чаддаг мэргэшсэн продюсер хэмээсэн нь бий.

Тэгвэл Fat Joe-той хамтарч уран бүтээл хийж түүнээр продюсерлуулж дэлхийд гарах Монгол реппер Гинжин байх гэдэг мэдээлэл гарч эхэллээ. Fat Joe-ийг эх орондоо урьсан “Blink Soft” компанийн зүгээс хамтын уран бүтээл хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, саналаа уламжилжээ. Энэ талаар зохион байгуулагчид “Төлбөр мөнгөний хувьд нэлээд өндөр юм билээ. Ер нь бол мөнгө төлж байж дэлхийн алдартай, том уран бүтээлчидтэй хамтарч уран бүтээл хийдэг.

Бид Гинжинг сонгож, түүнд санал тавихад дуртай хүлээж авсан. Fat Joe болон Гинжин хоёрын урсгал чиглэл тохирох учраас гоё хоршил бий болж, сайн бүтээл гарах боломжтой гэж харж байгаа. Гинжин хэлний хувьд ч мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн, хамтарч уран бүтээл хийх хэмжээний чадвартай гэж сонгосон.

Бид маш том зорилго өвөртөлж, “Zone X” төслийг санаачлан улмаар эхний алхмаа амжилттай тавилаа. Гол нь одоо тоглолт сайхан болж, реппер маань сэтгэл хангалуун, итгэл дүүрэн буцах нь л хамгийн чухал. Ингэж чадвал дараа дараагийн удаад бид монголчуудын хүсэн хүлээж буй Eminem, 50 Cent зэрэг алдарт уран бүтээлчдийг урих боломж нээгдэнэ гэсэн үг” гэлээ.

Есдүгээр сарын 20-нд болох тоглолт 4-5 цаг үргэлжилж, алдарт Fat Joe тайзан дээр 75 минутын турш дуулж, бүжиглэн үзэгчидтэйгээ хамт байх юм. Сонирхуулахад, одоогоор энгийн тасалбар хямдралтай 99.000 төгрөгийн үнэтэй. Тоглолт дөхөх тусам тасалбарын үнэ нэмэгдэнэ. Харин VIP тасалбарын үнэ 800.000 төгрөг бөгөөд үүнд уух, идэх зүйлс багтсан. Shoppy-гоос хувааж төлөх нөхцөлөөр авах боломжтой. Шүтэн биширдэг, хүндэлдэг дуучнаа илүү ойроос харах хэсэг буюу “Fen zone” тасалбарын үнэ 199.000 төгрөг. Гол нь тасалбарын тоо хязгаартай юм.