“Ардчиллын баянбүрд” арга хэмжээ өчигдөр болов. Дэлхийн ардчиллын өдрийн хүрээнд зохион байгуулсан эл форумд улс төрийн намууд нэгдэж, ардчилалд тулгамдаж буй асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. “Үндэсний аюулгүй байдалд ардчилал ямар ач холбогдолтой вэ?” салбар хэлэлцүүлэгт Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, МҮАН-ын дарга асан Д.Ганболд, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал нар оролцож, байр сууриа илэрхийлснээс тоймлон хүргэж байна.  

“Гадаадын агент зохион байгуулсан” гэдгийг тодорхой улстөрчид өөрсдөө улс төрийн зорилгоор хэрэглэдэг"

-Ардчиллын амин сүнс болсон зүйлсийн нэг нь эрх баригчдын эсрэг эвлэлдэн нэгдэж дуу хоолойгоо өргөн жагсах байдаг. Манайд 1990 оноос хойш болсон олон жагсаалыг гадаадаас санхүүжүүлсэн, зохион байгуулсан, үндэсний аюулгүй байдалд заналхийлэх гэж оролдсон хэмээх нь бий. Тагнуулын байгууллагыг удирдаж байсан хүний хувьд та юу хэлэх вэ?

Б.Хурц (ТЕГ-ын дарга асан): -Тодорхой хариулъя. Сүүлийн жилүүдэд Сүхбаатарын талбайд өөрөө өөртөө зориулан зохион байгуулдаг болсон “арга хэмжээ”-нд “Ноорог”-ийн залуус цэг тавьсан. “Гадаадын агент зохион байгуулсан” гэдгийг тодорхой улстөрчид өөрсдөө улс төрийн зорилгоор хэрэглэдэг. Ийм зүйл байхгүй, гүтгэлэг шүү.

-Ойрын өдрүүдэд УИХ хуралдаж чадахгүй, нэг талд Засгийн газрыг огцруулна, нөгөө талд парламентын тараана гэж талцаж байна. УИХ-ыг тараах нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх үү?

Ж.Золжаргал (УИХ-ын гишүүн): -Тогтвортой үлдсэн ганц нь парламент. Энэ улсад нэг ч болсон зүйл ингээд тогтвортой үлдвэл сайн сан. УИХ-ын гишүүн бол ард түмний элч, төлөөлөгч гэсэн эргэх холбоо амьд байгаа хэмээн би найддаг. Магадгүй гишүүдийг элчээ болгон сонгосон ард түмэн нь тар гэвэл тарж л таарах байх. Парламентыг тараа гэж жагсаад байгаа хүмүүсийн учир шалтгааныг одоогоор сайн олоогүй байна.

Б.Хурц: -Үндэсний аюулгүй байдал гэдэг бол миний хувьд хариуцлага, сахилга бат. Сүүлийн 10 гаран жил эрх барьсан хүмүүс амласнаа биелүүлээгүй байж нүүрийг нь угаагаад өөр өөр юм яриад байна. Тэрийг нь тоохоо ч байж. Нөгөө талд манай АН ямархуу байдалтай байлаа, АН, МАН хоёр гудамжинд ялгарах зүйл алга. Эцсийн сонголтыг ард түмэн л хийнэ.

Д.Ганболд (МҮАН-ын дарга асан): -Жагсаал, цуглаан хийх нь тулгарсан асуудлыг тайван замаар шийдэх Үндсэн хуулиар олгосон эрх. УИХ, Засгийн газар бол ард түмний толь. Ямар ард түмэн байна, тийм л парламент, Засгийн газар бүрддэг. Засгийн газар нь байгуулагдсаныхаа дараа төрөл арилждаг, амласнаасаа буцдаг, бодлогоо өөрчилж байгааг харсаар суугаа иргэд “Болохоо байлаа, өөрчилье” гэсэн зөв онош тавьж, түүнийгээ төлөөллийн гишүүд, бүлэглэлээр дамжуулан илэрхийлдэг. Үүнийг нь хийж чадахгүй бол тэр маргаан гудамжинд гардаг. Ингэж гудамжинд гаргахгүй байх, харьцангуй тайван, амгалан замаар шийдэх арга нь тухайн болзошгүй хурц асуудлыг УИХ-ын хэлэлцүүлгийн танхим руу татан оруулж, шаардлагаа яруу тод илэрхийлж, шаардаж чаддаг улс орон хөгждөг. УИХ-ын танхимд халуун хэлэлцүүлэг өрнөхгүй байгаа учраас олон асуудал гудамж руу гардаг. Өөрөөр хэлбэл, Монголын амин чухал асуудлыг УИХ, Засгийн газар дотооддоо шийдэж чадахгүй байгаа учраас гудамжинд гараад байгаа юм. Засгийн газар нь тогтворгүй байлаа гээд улс орон нь ядуу, бүдүүлэг болдоггүй. Япон, Италийг хар л даа. Намайг гишүүн нь байсан 1996-2000 оны парламентын үед олон Засгийн газар солигдсон ч иргэд нь гудамжинд зодолдоогүй. Намайг Ерөнхий сайдаар томилуулах гэж долоон удаа нэр нэвшүүлсэн ч иргэдээ зодолдуулаагүй, ямар ч үнээр хамаагүй Засгийн газрыг тэргүүлнэ гэж хандаагүй. Тухайн үед эвслээрээ ярьж, Монгол Улсыг хямралд оруулалгүйгээр макро эдийн засгийн болон дэлхийн улс төр, геополитикийн асуудлуудыг шийдэж чадаж байсан. Харамсалтай нь, өнөөдөр хотын дарга нь төрийн бус байгууллагын эсрэг албан тушаалаараа жагсдаг болж. Зүй нь эсэргүүцсэн хүмүүстэй уулзаад, төлөвлөгөө, тооцоо, эерэг, сөрөг үр дагавар гээд бүх талаас нь олон нийтэд яриад явсан бол Х.Нямбаатарын төсөл амилах байсан ч юм билүү.  

"Монгол Улс төрийн бус, намын эдийн засагтай болсон"

-Та бүхний хувьд юуг нэн тэргүүн засах шаардлагатай, болохгүй байгаа асуудал юу вэ?

Ж.Золжаргал: -Монгол Улс төрийн бус, намын эдийн засагтай болсон. Манай эдийн засгийг нам эзлэн түрэмгийлсэн, өмч болгоод авчихсан. Бараг 80 орчим хувь нь намаас хамааралтай эдийн засаг үүсчихсэн учраас шударга бус явдал бат суурьтай оршоод байна. Тэндээс ашиг хүртэж байгаа учраас нам гэдэг нь улс төрийн биш, эдийн засгийн байгууллага болчихож. Эндээс ард түмнээ хувааж, ялгаварлан гадуурхалт үүсгэж байна. Цаашлаад үг хэлэх эрх чөлөө ч эдийн засгийн 80 хувийг хамаарч буй газарт л хэрэгжих болно. Товчхондоо, уламжлалт нүсэр бүтэцтэй нам үндэсний аюулгүй байдалд заналхийлж, ардчиллын баянбүрдийг байхгүй болгож байна. Уламжлалт нүсэр бүтцээрээ ард түмнээ хувааж, ангийн тэмцэлд уриалдаг. Дараагийн ээлжинд эрх барих нам “Одоо бид эдийн засгийг эзэлнэ” гэж бодож хандаж болохгүй.

Хоёрдугаарт, Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа улс төрийн намыг сонгуулийн насны хүн амын нэг хувиас багагүй тоогоор нэгдэж, эвлэлдэж байж байгуулна гэж заасан. Өөрөөр хэлбэл, 25 мянган хүн нийлж байж нам байгуулдаг болох нь. Өнөө, маргаашаа харвал энэ нь “том” гэгддэг намуудад ашигтай байж магадгүй. Гэхдээ энэ нь яваандаа Монголын ардчиллыг булшилна. Шинэ нам, хүчин төрүүлэхгүй, эдийн засгийг эзэлсэн хэвээр байна гэсэн бодлогын үүднээс л энэ өөрчлөлтийг баталсан. Ийм босготой улс дэлхийд байхгүй. Орост гэхэд 500 хүн нэгдээд нам байгуулчихдаг.

Б.Хурц: -Золоо гишүүнтэй зуу биш, мянган хувь санал нэг байна. Одоо манай эдийн засаг Ардын намын бүтэц болчихсон. Тэд эрх барихдаа намын гишүүддээ ажил олгох гэж иргэдийн бизнесийг булаадаг заваан бүтэц бий болгосон. Нам байгуулах нэг хувийн босгыг батлах үед тухайн үеийн Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр алдарт “Женко” Х.Баттулга ажиллаж байсан нь баримт юм даа.