Намрын улс төр ид “халуун” дээрээ явна. Тэр тусмаа эрх барьж буй намын удирдлагуудын үе хоорондын тулаан ил цагаандаа гарч АТГ-аас эхлээд хууль хяналтынхан хүртэл улс төрд “хүч”-ээ өргөж эхлэв.
Гэхдээ маш сонирхолтой нь улс төрийн хүрээний сүүлийн мэдэгдлүүдийг харвал, ялангуяа өчигдөр Ерөнхийлөгчийн хэвлэлийн дарга Ө.Золбаяр “Нэр бүхий хэвлэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын даргад хандаж хэлсэн үг гэх ноцтой мэдээлэл тарсан. Үүнийг тодруулж хэлбэл "Боль, болихгүй бол чамд хэрэг үүсгэнэ" гэж Ерөнхийлөгчийн зүгээс УИХ даргад хандаж хэлсэн мэт агуулгатай мэдээлэл нийтлэгдсэн.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн цахим хуудсаар дамжуулан яригдаагүй зүйлийг ярьсан болгож, хэлээгүй зүйлийг хэлсэн мэт мэдээ нийтлэлүүд ихээр гарч байна гэж няцаажээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс ч тэр УИХ-ын даргад хандаж тийм үг огт хэлээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Дашрамд дурдахад гуравдагч, дөрөвдөгч этгээдүүд цахим орчинд мэдээллийг хөөсрүүлж, эв нэгдлийг алдагдуулах үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгааг анхаарна уу” гэв. Эндээс харвал, У.Хүрэлсүх Б.Амарбаясгалантай тохиролцоё, дахиад нам руу, намын дотоод асуудал, эв нэгдэл “өнгийхгүй” гэж нэрээ татлаа гэж ойлгож болохоор.
Угаас Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын даргын мэдэгдэл болгоныг албан ёсны хуудсаараа түгээж, харилцан халуун дулаан мэдэгдэл шидээд буйг учир мэдэх хүмүүс ч найрамдаад зогсохгүй, ах нар наяад оныхондоо бууж өгчээ гэж “уншсан” байна билээ. Тэгвэл улс төрийн энэ ньюанс цаашид хэрхэн өрнөх нь маш сонирхолтой.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Д.Амарбаясгаланд найр тавьсан болохоор Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдэх үү, ийм мэдэгдэл гаргах нь цаг хугацааны асуудал боллоо гэж харж болохоор.
Угаас өнгөрсөн хугацаанд хөшигний ард байж, сүүлийн 2-3 жил л хэрэг эрхлэхийн дарга болж ил гарч ирсэн Д.Амарбаясгалан нам дотроо хүчтэй. Намын гишүүдийн дэмжлэг өндөр. Тиймээс эрх баригч намын улс төрийн асуудал ингэж өрнөсөн ч байж болох талтай. Ийм нөхцөл байдалд Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд Г.Занданшатарын зүгээс Л.Оюун-Эрдэнийг шалгаж, Д.Амарбаясгалангийн “баруун гар”-ыг барьж хорьсон нь тэдний уур бухимдлыг дэвэргэж, гал дээр тос нэмсэнтэй адил боллоо.















