Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлэн ажиллах Засгийн газарт томилогдон ажиллах Засгийн газрын гишүүд, сайд нар тангаргаа өргөж, бүрэн эрхээ эрхээ хэрэгжүүлж эхэллээ. Энэ удаагийн Засгийн газар 19 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд МАН, ХҮН, ИЗНН гэсэн гурван нам хамтран ажиллах юм. Тодруулбал, МАН-аас 16 сайд, ХҮН-аас хоёр сайд, ИЗНН-аас 1 сайд томилогдсон юм.

Засгийн газрын гишүүдийн 50 хувь нь өмнөх Засгийн газраас улиран томилогдож байгаа гэдгийг чуулганы хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар хэлж байсан. Хуучин суурин дээр байгуулж буй нь энэ Засгийн газрын онцлог гэж хэлж болно.

Гэхдээ энэ удаад улирч байгаа ч өмнөх Засгийн газруудад ажиллаж байсан сайд, гишүүд энэ танхимд цөөнгүй байна. Өөрөөр хэлбэл, Г.Занданшатарын танхимд гурав, дөрөв дэх удаагаа салбар яам тэргүүлэхээр болсон 10 сайд байна.  Эдгээр сайд, гишүүдийг онцлон хүргэе.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон С.Бямбацогт нь Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байв. Улмаар 2022 оноос Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Зам, тээврийн хөгжлийн сайд, 2024 оноос Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байлаа. Энэ удаад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсоноор дөрөв дэх удаагаа Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байгаа юм.

2016 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Чойжилсүрэн Эрчим хүчний яамыг улиран тэргүүлэхээр боллоо. Түүний хувьд 2022 онд Эрчим хүчний сайдаар томилогдон, Л.Оюун-Эрдэнийн танхимд багтаж байв. 2024 онд Эрчим хүчний сайдаар улиран томилогдож байсан тэрбээр энэ удаад үргэлжлүүлэн ажиллахаар боллоо. Ингэснээр тэрбээр дөрөв дэх Засгийн газартаа ажиллаж буй.

Тэргүүн шадар сайдаар томилогдсон Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал 2022-2024 онд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар ажиллаж байв. Улмаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан. Энэ удаа Тэргүүн шадар сайд болсноор гурав дахь удаагаа Монгол Улсын Засгийн газрын тамгын атгаж байна.

Сангийн сайд С.Жавхлан нь 2022 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдахад Сангийн сайдаар томилогдсон. Үүнээс хойш 3 дахь удаагаа Монгол Улсын Сангийн яамыг тэргүүлж байна.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан мөн л гурван удаагаа Засгийн газарт томилогдож буй. Тэрбээр 2023 онд нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар томилогдон Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж байв. Ингээд 2024 оноос Зам, тээврийн сайдаар ажиллаж байгаад улиран томилогдлоо.

С.Амарсайхан Монгол Улсын Шадар сайдаар гурав дахь удаагаа томилогдов. Тэрбээр 2021 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Шадар сайдаар томилогдож байсан. 2024 онд мөн л Шадар сайдын албыг хашиж байсан бол Г.Занданшатарын танхимд мөн улиран томилогдож байна.  

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад  Ж.Энхбаяр 2012 онд Сү.Батболдын Засгийн газарт Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байв. Улмаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт 2024 оноос Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдож байлаа. Энэ удаад улирч  сайдын тамгыг гурав дахь удаагаа атгаж байна.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2016-2020 онд тус яамны дэд сайдаар ажиллаж байсан. Улмаар 2021 онд байгуулагдсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Гадаад харилцааны сайдаар томилогдсон.  2024 онд танхимдаа улиран томилогдож байсан бол мөн үргэлжлүүлэн ажиллахаар боллоо. Ингэснээр тэрбээр гурав дахь Засгийн газрын нүүрийг үзэж байна.