Г.Занданшатарын тэргүүлэх Засгийн газрын зураг ерөнхийдөө тодорч байна. Тэрбээр УИХ-д суудалтай ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэлд хамтрах санал тавьж, намынхаа Удирдах зөвлөлд танхимынхаа бүтэц бүрэлдэхүүнийг танилцууллаа. Өөрөөр хэлбэл, өмнөх Засгийн газрын 40 хувь нь өөрчлөгдөж, АН-ын сайд нарын оронд бусад намуудаас оруулж ирлээ.

Ингэхдээ хуучин сайд нараас  ЗГХЭГ-ын даргаар С.Бямбацогт, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Тэргүүн Шадар сайд Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан,  Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нар улирч байна. Харин үлдсэн 60 хувь дээр томилогдож буй шинэ сайд нарын тухайд Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Хууль зүйн, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар, Боловсролын сайд П.Ганзориг, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Э.Батшугар, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нарын нэрийг оруулж ирлээ.

Тэгвэл өмнөх Засгийн газрыг огцруулах асуудал яригдаж Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэх үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Гашуунсухайт яваад ирэхэд дараагийн Засгийн газар зурагдчихсан байсан. Зүгээр орлого нотлох байсан бол би залуус дээр очоод уулзчих байсан. Гэтэл дараагийн сандал суудал, томилгооны асуудал болж хувирсан. Ордонд би хүч алдаж байгаагаа ойлгож байна. Бие, биенээ хараад худлаа яриад байх юм.

Дараагийн Засгийн газарт орж ирэх сайд нарыг хараарай. Ямар жижиг эрх ашгаас болж ямар том хөгжлийн боломжоо устгаж байгааг нь хараад, нүдлээд аваарай. Бодит бүх үнэнээ ярьцгаая.

Бодит үнэнгээ ярь л даа. Уулзчихаад өөр зүйл яриад, энд суугаад өөр юм яриад байх юм” гэж хэлж байсан удаатай.