Хятад судлаач, доктор Х.Баатархүү
2026 оны 6-р сарын 17-нд БНХАУ-ын Төрийн Зөвлөлөөс "Илүү шударга, оновчтой дэлхийн засаглалын системийг бий болгох нь: Хятадын үзэл баримтлал, санаачилга, үйл ажиллагаа" нэртэй цагаан номыг олон нийтэд танилцуулжээ.
Энэхүү хэвлэлийн бага хуралд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И зэрэг хэд хэдэн сайдын түвшний албан тушаалтнууд оролцож, сэтгүүлчдийн асуултад хариулж, Өндөр түвшинд зохион байгуулагдсан уг хуралд Нью-Йорк Таймс, Ройтерс, Блүүмберг, CNBC зэрэг барууны олон тооны томоохон хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид танхимд багтах зайгүй дүүрэн цуглаж, уг цагаан ном нь дэлхий даяар судлаачдын анхаарлыг ихэд татах болсон тул хятад судлаачийн хувьд судалгаа хийн үндсэн агуулгыг тойм байдлаар уншигч та бүхэнтэй хуваалцаж байна.

Ойролцоогоор 20,000 үгтэй энэхүү баримт бичигт дэлхийн засаглалын талаарх Хятадын үзэл баримтлал, санаачилга, үйл ажиллагааг системтэйгээр тайлбарласан бөгөөд дэлхийн засаглалын системийг шинэчлэх, сайжруулах, дэлхийн сорилтуудыг үр дүнтэй шийдвэрлэх олон улсын өргөн хүрээтэй зөвшилцөл, хамтын ажиллагааг бий болгох зорилготой юм. Цагаан ном нь хятад, англи, франц, орос, герман, испани, араб, япон гэсэн найман хэлээр хэвлэгдсэн бөгөөд таван бүлэг, оршил, дүгнэлтээс бүрдэнэ.
Дэлхийн 2-р дайны дараа тогтсон олон улсын харилцааны дэг журам тогтворгүй болж, геополитикийн зөрчил олон газарт удаан үргэлжилсэн, дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, дангаарчлах байдал, гегемонизм, протекционизм нь олон улсын хууль дээдлэх ёсонд ноцтой нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Мөн уур амьсгалын өөрчлөлт, дижитал хуваагдал, хиймэл оюун ухааныг буруу ашиглах эрсдэл зэрэг шинэ сорилтууд байнга гарч ирж байна.
Энэ нөхцөл байдалд даян дэлхийд "ямар төрлийн засаглалын систем тохиромжтой вэ, дэлхийн засаглалыг хэрхэн шинэчлэн сайжруулах вэ?" гэсэн асуулт дэлхий дахины өмнө тулгарч байгаа талаар систем болон ирээдүй судлаач нар цөөнгүй удаа илэрхийлсээр ирлээ. 2025 оны 9-р сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин Даян дэлхийн засаглалын санаачилгыг дэвшүүлж, бүх улс орнуудыг илүү шударга, эрх тэгш дэлхийн засаглалын системийг бий болгохын төлөө хамтран ажиллахыг уриалсан билээ. Үүнээс өмнө Хятад улс Даян дэлхийн хөгжлийн санаачилга, Даян дэлхийн аюулгүй байдлын санаачилга, Даян дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг тус тус дэвшүүлсэн байсан юм. Эдгээр дөрвөн санаачилга нь тус бүр өөрийн гэсэн чиглэлтэй, харилцан уялдаатай бөгөөд хамтын хөгжил, аюулгүй байдал, соёл иргэншил, засаглал гэсэн дөрвөн хэмжээст цогц үйл ажиллагааны хүрээг тогтоосон юм.
Америкийн болон олон улсын нэртэй эрдэмтэд судлаачид уг цагаан номын агуулгад харьцангуй эерэг үнэлгээ өгчээ.

Бостоны Их Сургуулийн Паддигийн олон улс судлалын сургууль (Pardee School of Global Studies)-ийн профессор Жорж Хайне (Jorge Heine) уг дэлхийн засаглалын санаачилгыг үнэлэхдээ: дэлхий ертөнц үймээн самуун, тодорхойгүй байдлын үеийг туулж байгаа үед Хятадын санаачилгууд нь олон улсын дэг журамд "тогтвортой байдал, тасралтгүй хөгжлийн боломжийг" өгч байгааг онцолсон. Энэ нь Америкийн эрдэмтэн судлаачид Хятадын дэвшүүлсэн санаачилгыг олон улсын тогтворгүй цаг үед маш хэрэгтэй санаачилга гэж үзэж байгааг харуулж байна.
Брюссельд төвтэй Хятад-Европын харилцааны төвийн шинжээч Бараш (Daniel Barash) “Хятадын дэвшүүлсэн даян дэлхийн засаглалын санаачилга нь нэг талт байдлаас үүдэлтэй дэлхийн системийн хуваагдлаас сэргийлсэн, "олон улсын системийн урьдчилан таамаглах боломжийг олгосон, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх чадвартай" гэж дүгнэжээ.
Америкийн олон улсын харилцааны нэртэй судлаач, Цагаан ордны сурвалжлагч асан Уильям Жонс (William Jones) “даян дэлхийн засаглалын санаачилга нь чухал ач холбогдолтой юм Хятадын бусад санаачилгууд нь "эв найртай, энх тайван дэлхий ертөнц рүү чиглүүлж" байгаа бөгөөд ихэнх улс орнууд ойлгож, хангалттай улс төрийн хүсэл зоригоор хэрэгжүүлж чадна байх" гэж мэдэгджээ.
Уг санаачилга гарсан цагаасаа хойш 160 орчим улс орон, олон улсын байгууллагуудын дэмжлэг авч, 60 гаруй улс орон "Дэлхийн засаглалын санаачилгын дэмжигчдийн бүлэг"-т идэвхтэй нэгджээ.
I. Таван үндсэн үзэл баримтлал
Цагаан номд дэлхийн засаглалын үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд суурилсан дэлхийн засаглалын санаачилгын таван үндсэн үзэл баримтлалыг системтэйгээр дэлгэрэнгүй тайлбарласан болно:
(I) Бүрэн эрхт тэгш байдлыг баримтлах
Бүрэн эрхт тэгш байдал нь НҮБ-ын дүрмэнд тодорхой заасан үндсэн зарчим бөгөөд улс орнуудын харилцааг зохицуулах хамгийн чухал шалгуур юм. Улс орнууд хэмжээ, хүч чадал, хөгжлийн хувьд харилцан адилгүй байдаг ч тэд бүгд олон улсын хамтын нийгэмлэгийн тэгш эрхтэй гишүүд юм. Тэдний бүрэн эрх, нэр төрийг хүндэтгэх ёстой бөгөөд тэд бүгд дэлхийн засаглалын үйл явцад оролцох, шийдвэр гаргах, эрх тэгш ашиг хүртэх эрхтэй.
(II) Хууль дээдлэх ёсыг баримтлах
Хуулийн дээдлэх ёсыг баримтлах нь дэлхийн засаглалын үндсэн баталгаа юм. Зөвхөн хууль дээдлэх ёсонд суурилсан дэлхийн засаглалын систем л бүх улс оронд шударга ёс, шударга хөгжлийн орчныг үнэхээр бүрдүүлж, эрх, үүргийн тэнцвэрийг хангаж, олон улсын дэг журмыг илүү шударга чиглэлд хөгжүүлэхэд түлхэц өгч чадна.
(III) Олон тулгаарт харилцааг хөгжүүлэх
Олон тулгуурт харилцаа бол дэлхийн засаглалийн ирээдүйн нэн боломжит зам юм. Дэлхийн засаглалын тогтолцооноос гадуур, олон улсын хамтын ажиллагаагүйгээр ямар ч улс ирээдүйд хөгжих боломжгүй.
Ирээдүйд блокийн улс төр биш харин харилцан зөвлөлдөх, хамтран ажиллах байр суурийг баримталж, илүү зохицуулалттай, үр ашигтай дэлхийн засаглал хэрэгтэй.
(IV) Хүн төвтэй хандлагыг дэмжих
Хүний сайн сайхан байдал бол дэлхийн засаглалын гол зорилго асуудал бөгөөд бүх улс орны ард түмэн дэлхийн засаглалын үндсэн оролцогчид юм. Хүмүүсийн ашиг тусыг зорилго болгон авч, олон нийтийн итгэл үнэмшил, тогтвортой хүлээлтийг тасралтгүй биелүүлж чадвал дэлхийн засаглалын систем өргөн хүрээний дэмжлэг авч, үр дүнтэй ажиллаж чадна.
(V) Бодид үйл ажиллагааг дэмжин хэрэгжүүлэх
Цагаан номд дэлхийн засаглалын санаачилгын томоохон төлөвлөгөөг практик туршлагаар дамжуулан замын зураг, хэрэгжүүлэх төлөвлөгөө болгон бодитоор хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон.
Эдгээр таван үзэл баримтлал нь дэлхийн засаглалыг шинэчлэх, сайжруулахад баримтлах голлох зарчим, замын зураг хэмээн дурджээ.
II. Дөрвөн гол анхаарах санал
Цагаан ном нь дэлхийн засаглалын санаачилгыг хэрхэн хэрэгжүүлэх талаар дөрвөн гол саналд төвлөрөн тодорхой хариулт өгөхийг эрмэлзжээ.
(I) Нэгдсэн Үндэстний Байгууллагын эрх мэдэл, статусыг тууштай дэмжих явдал юм. Цагаан номд Нэгдсэн Үндэстний Байгууллага бол олон тулгуурт байдлыг хэрэгжүүлэх, дэлхийн засаглалыг урагшлуулах үндсэн механизм бөгөөд түүний үүргийг сулруулах биш харин ч бэхжүүлэх хэрэгтэй. "Нэгдсэн Үндэстний Байгууллагын 80 жилийн ойн үед зарласан шинэчлэлийн санаачилга"-ыг үр дүнтэй хэрэгжүүлэх ёстой.
(II) Томоохон улс гүрнүүд энх тайвныг тогтооход хариуцлагатай манлайлал үзүүлэх
Цагаан номд томоохон гүрнүүд эрх тэгш байдал, шударга байдал, хамтын ажиллагааны үлгэр дуурайл үзүүлэх ёстой гэж онцолжээ. Томоохон гүрнүүд олон улсын эрх зүйг дээдлэх, олон улсын дүрэм журмыг дагаж мөрдөхөд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх ёстой гэж үзжээ.
(III) Хамгийн их хэрэгтэй зүйл бол олон улсын эв нэгдэл, хамтын ажиллагаа юм. Дэлхийн хэмжээний нарийн төвөгтэй сорилтуудтай тулгарч буй өнөө үед энх тайван зөвшилцөлд хүрч, зөвлөлдөх замаар санал зөрөлдөөнийг шийдвэрлэж, харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжиж, бүх талуудын нийтлэг ашиг сонирхлын нэгдлийг өргөжүүлэхийг эрмэлзэх ёстой.
(IV) Цагаан номд бүх улс орнууд энх тайван, хөгжлийн зөрөөг арилгахад анхаарч, хөгжиж буй орнуудад бие даасан хөгжлийн чадавхыг нэмэгдүүлэхэд нь харилцан туслах ёстой гэж онцолжээ. Улс орнууд нийтлэг, цогц, хамтын ажиллагаатай, тогтвортой аюулгүй байдлын үзэл баримтлалыг бий болгож, уламжлалт болон уламжлалт бус аюулгүй байдлын аюул заналыг зохицуулалттайгаар шийдвэрлэх ёстой.
III. Дэлхийн засаглалын хөгжилд Хятад улсын оруулж буй хувь нэмэр
2026 он бол БНХАУ нь НҮБ-д хууль ёсны байр сууриа сэргээсний 55 жилийн ой юм. Цагаан номд дэлхийн засаглалын тогтолцоог шинэчлэх, бүтээн байгуулахад оролцох хариуцлагатай томоохон гүрний хувьд Хятадын туршлагыг танилцуулсан байна.
(I) Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах
Хятад улс НҮБ-ын 29 удаагийн энхийг сахиулах ажиллагаанд оролцож, геополитикийн хурцадмал асуудлуудын шийдлүүдийг идэвхтэй судалж, энхийн хэлэлцээрийг тууштай дэмжиж, олон улсын маргааныг энх тайвнаар шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулсаар байна.
(II) Дэлхийн нээлттэй байдал, хамтын ажиллагааг дэмжих
Хятад улс ДХБ-ын гол цөм болсон олон талт худалдааны системийг тууштай дэмжиж, 160 гаруй улс орон, бүс нутгийн худалдааны хамгийн гол түнш болсон билээ. Хятад улс харилцан зөвшилцөх, хамтран бүтээн байгуулалт хийх, хөгжлийн үр дүнгээ хуваалцах, зарчмууд дээр үндэслэн "Бүс ба Зам" санаачилгын хүрээнд харилцан ашигтай олон улсын хамтын ажиллагааны платформ бий болгож, Африк болон буурай хөгжилтэй орнуудад импортын гаалийн тэг тарифын бодлого хэрэгжүүлж, олон оронд худалдааны ашиг, хөгжлийн боломжийг авчирч байна. Энэ жил Хятадын XV таван жилийн төлөвлөгөөний эхлэл бөгөөд мөн АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт Хятадад зохион байгуулагдана.
(III) Дэлхийн өмнөд-өмнөдийн хамтын ажиллагааг дэмжих нь: Хятад улс БРИКС-ийн түүхэн тэлэлт болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хөгжил, Африкийн холбоог G20-д элсүүлэхийг дэмжиж, Дэлхийн өмнөд-өмнөдийн хэсгийн нээлттэй, хүртээмжтэй хамтын ажиллагааны санаачилгыг санал болгож, Дэлхийн өмнөд хэсгийн хамтын ажиллагааг дэмжих 8 арга хэмжээгээ зарлаж, Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг байгууллагуудын шинэчлэлийг хийж, хөгжиж буй орнуудын олон улсын харилцаанд дуу хоолой, төлөөллийг тасралтгүй нэмэгдүүлэхийг уриалж байгаа билээ.
IV. Хятадын дэвшүүлж буй ирээдүйн хөгжлийн саналууд

Дэлхий дахинд шинэ үймээн самуун, өөрчлөлтийн үетэй тулгарч байгаа тул олон тулгуурт харилцааг идэвхжүүлэх, олон улсын эрх зүйг баримтлах, засаглалын үр нөлөөг сайжруулах нь урьд өмнөхөөсөө илүү чухал болохыг онцолсон байна.
Цагаан номонд Хятадын санал болгож буй дэлхийн засаглалийн шинэчлэл, хөгжүүлэлт нь одоо байгаа системийн хэрэгжилт, үр нөлөөг сайжруулах, асар өөрчлөгдөж буй нөхцөл байдалд илүү дасан зохицох чадвартай болгох, дэлхийн өнцөг булан бүрт байгаа улс орнуудын онцлогт тохирсон илүү хурдан, үр дүнтэй хариу үйлдэл үзүүлэх тухай онцолсон байна.
Цагаан номд Хятад улс нь бүх улс оронтой хамтран ажиллаж, олон тулгуурт байдлыг дэмжиж, хүчирхэг синерги бий болгох хүрээнд өргөн хүрээтэй зөвшилцөлд хүрч, нягт хамтын ажиллагаагаар дамжуулан дэлхийн өмнө тулгараад буй сорилтуудыг шийдвэрлэх, дэлхийн засаглалын санаачилгыг хамтран хэрэгжүүлэх, илүү шударга, эрх тэгш дэлхийн засаглалын системийг бий болгохыг дэмжихийг уриалжээ.





.jpg)









.jpg)
