Энэ удаагийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудал тун цөөн байгаа учир хэд хэдэн удаа чуулганы хуралдаан хугацаандаа товлогдсонгүй.
2025 оны хаврын ээлжит чуулганы хуралдаан гуравдугаар сарын 17-нд нээлтээ хийсэн. Хуульд тусгаснаар тухайн долоо хоногийн пүрэв, баасан гараг буюу гуравдугаар сарын 20, 21-нд хуралдах ёстой байсан боловч хуралдаан товлоогүй. Харин өчигдрийн чуулганы хуралдаан 15-хан минут үргэлжилсэн бол өнөөдөр мөн товлосон хуралдаангүй байна.
Гишүүдийг байнгын хорооны хуралдаандаа идэвхтэй оролцохгүй бол Их хурлын үйл ажиллагаа сааталд орох эрсдэлтэй байгааг УИХ-ындарга Д.Амарбаясгалан ч өчигдрийн хуралдаан дээр анхааруулж харагдсан.
Хавар, намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тогтоолыг өмнөх чуулган хаахаас өмнө баталдаг. Үүнд хуулийн хугацаатай, хэлэлцэх ёстой асуудлуудыг тусгадаг. Улмаар чуулганы хугацаанд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газраас өргөн барьсан хууль, тогтоолын төслүүдийг нэмж хэлэлцдэг. Харин энэ удаагийн хаврын чуулганы хуралдаанаар зургаан асуудал хэлэлцүүлэхээр 2025оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн УИХ-ын 15 дугаар тогтоолын төсөлд тусгасан байх юм. Хэлэлцэх асуудал анхнаасаа л бага байжээ гэсэн үг.
Өмнөх тогтоолуудаас харахад 76 гишүүнтэй байсан УИХ-аар багадаа 44 асуудал хэлэлцүүлэхээр тусгасан байсан бол 126 гишүүнтэй болж өргөжсөн энэ парламент зургаахан асуудал төлөвлөчихсөн суухад ингэж “хийцгүйрэхээс” ч өөр яах билээ.
Хаврын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлуудын тогтоолыг сүүлийн таван жилээр харахад 2021 онд 50, 2022 он 53, 2023 он 58, 2024он 44 асуудал хэлэлцэхээр тусгажээ. Харин энэ удаагийн 2025 оны хаврын ээлжит чуулганы хэлэлцэх асуудалд 6 асуудал тусгасан байна.
Иргэдийнхээ амьдралд тулгамдсан асуудлыг илүү олон өнцгөөс, том цар хүрээнд харах боломжийг олгохоор гишүүдийнхээ тоог нэмсэн ч бодлогын шийдвэрүүд нь ийнхүү хумигджээ.