УИХ-ын дарга С.Бямбацогтод өнөөдөр  гишүүн М.Нарантуяа-Нара УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилснаа өргөн мэдүүлэв. Уг төсөлд гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгохтой холбоотой хэд хэдэн заалтыг УИХ-ын тухай хуулиас хасаж, хүчингүй болгохоор тусгасан юм.

Тухайлбал, УИХ-ын тухай хуулийн 9.3-т “Үндсэн хуулийн цэц гишүүнийг тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн бол түүнийг эгүүлэн татах, эсэх асуудлыг УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ” хэмээн заасныг хүчингүй болгохоор оруулсан байна.

Гишүүн М.Нарантуяа-Нараг удаа дараа ёс зүйгүй үйлдэл гаргаж буйнх нь төлөө эгүүлэн татах ёстой гэсэн байр суурийг олон нийтийн төлөөлөл илэрхийлж ирсэн. Тиймээс ч Төрийн тэргүүн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл санаачлан, гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой зохицуулалт хөндсөнийг “М.Нарантуяа-Нара гишүүнд зориулсан” гэж тодотгож буй. Харин тэрбээр өөрийгөө буруугүй, бүдүүлэг үйлдэлдээ уучлалт гуйхгүй хэмээн мэдэгддэгээс гадна гишүүнийг эгүүлэн татах, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгохтой холбоотой зарим зохицуулалтыг УИХ-ын тухай хуулиас хасах, хүчингүй болгохоор төсөл санаачилсан нь энэ.

Түүнчлэн УИХ-ын тухай хуулийн 9.4-т гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд гишүүнийг эгүүлэн татах асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэхээр заасан байгаа нь Үндсэн хуульд нийцээгүй байна гэдгийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа онцолжээ.

М.Нарантуяа-Нара гишүүн мөн төсөлдөө УИХ-ын гишүүний тангарагт нэмэлт оруулахаар тусгаж.

“Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээх тангаргийн “тангараглая” гэсний өмнө “хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулахгүй байхаа” гэж нэмэхээр төсөлдөө оруулсан байна. УИХ-ын гишүүн тангараагаасаа няцах гэдэг нь ямар үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэхийг органик хуулиар зохицуулаагүй буюу тангаргаасаа няцсан гэж үзэх тодорхой шалгуур байхгүй гэж үзэн дээрх нэмэлтийг оруулсан гэнэ.