Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэхээ мэдэгдээд буй.
Тэгвэл УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хоёр ч хуулийн төслийг нэр бүхий гишүүд боловсруулж, санал авч эхэлжээ.

Эхнийх нь гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатарынх бөгөөд УИХ-д суудал авсан намын төлөөллийн төв байгууллагаас хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгогдсон гишүүнийг эргүүлэн татах шийдвэр гаргасан тохиолдолд тухайн гишүүний бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгохоор УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай тус төсөлд тусгажээ. Энэ нь жагсаалтаар сонгогдсон гишүүдэд хамаатай гэсэн үг. Жишээ нь, ИЗНН-аас Б.Батбаатар, М.Нарантуяа-Нара, Р.Батболд, С.Замира нарын дөрвөн гишүүн УИХ-д сонгогдсон бөгөөд тэд бүгд жагсаалтынх.
Удаах төслийг мөн тус намын гишүүн М.Нарантуяа-Нара санаачилж.
Тодруулбал, гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгохтой холбоотой хэд хэдэн заалтыг хасаж, хүчингүй болгохоор УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлдөө тусгажээ.
Тухайлбал, УИХ-ын тухай хуулийн 9.3-т “Үндсэн хуулийн цэц гишүүнийг тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн бол түүнийг эгүүлэн татах, эсэх асуудлыг УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ” хэмээн заасныг хүчингүй болгохоор санаачилсан байна. Гишүүн М.Нарантуяа-Нараг удаа дараа ёс зүйгүй үйлдэл гаргаж буйнх нь төлөө эгүүлэн татах ёстой гэсэн байр суурийг олон нийтийн төлөөлөл илэрхийлж ирсэн. Тиймээс ч Төрийн тэргүүний санаачилсан дээрх хуулийн төслийг “М.Нарантуяа-Нара гишүүнд зориулсан” гэж тодотгож буй. Харин тэрбээр өөрийгөө буруугүй, бүдүүлэг үйлдэлдээ уучлалт гуйхгүй хэмээн мэдэгддэгээс гадна гишүүнийг эгүүлэн татах, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгохтой холбоотой зарим зохицуулалтыг УИХ-ын тухай хуулиас хасах, хүчингүй болгохоор төсөл санаачилсан нь энэ аж.
Мөн тэрбээр УИХ-ын гишүүний тангарагт нэмэлт оруулахаар тусгажээ.
"Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээх тангаргийн “тангараглая” гэсний өмнө “хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулахгүй байхаа” гэж нэмэхээр төсөлдөө оруулсан байна. УИХ-ын гишүүн тангараагаасаа няцах гэдэг нь ямар үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэхийг органик хуулиар зохицуулаагүй буюу тангаргаасаа няцсан гэж үзэх тодорхой шалгуур байхгүй гэж үзэн дээрх нэмэлтийг санаачилсан гэнэ.















