“Эрдэнэс Алт ресурс” компани БНСУ-ын "Самсунг" групптэй бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгууллаа. Уг гэрээний дагуу "Самсунг" группт нийт 17 сая ам.долларын үнэ бүхий мөнгөний баяжмал нийлүүлэхээр болж байна.

БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан “Монгол Солонгосын чухал ашигт малтмал-Уул уурхайн хөрөнгө оруулалт 2025” чуулга уулзалтад “Эрдэнэс Монгол” нэгдэл болон нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд оролцож хэд хэдэн чухал санамж бичиг, гэрээнд гарын үсэг зурсны нэг нь энэхүү гэрээ юм. “Эрдэнэс Алт ресурс” компани  "Самсунг" группт мөнгөний баяжмал нийлүүлэх гэрээ байгуулснаар Монгол Улс байгалийн баялгаа илүү үр ашигтайгаар боловсруулах, уул уурхайн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах зэрэг үйл ажиллагаа эрчимжих боломж бүрдэж байна.

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас санаачлан Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн яам, "Эрдэнэс Монгол” нэгдэл болон БНСУ-ын холбогдох байгууллагууд хамтран уг чуулга уулзалтыг зохион байгуулсан юм.

Энэ үеэр “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд хэрэгжүүлж буй аж үйлдвэр, технологийн паркийн бүтээн байгуулалт болон чухал ашигт малтмалын хайгуул, олборлолтын төслүүдийн талаар танилцуулга хийлээ. Чуулга уулзалтад хоёр улсын Засгийн газрын төлөөлөл, “Эрдэнэс Монгол” нэгдэл болон нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд, БНСУ-ын томоохон аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдын төлөөлөл оролцов.