Монголчууд түүхэндээ анх удаа нэгэн зэрэг Төрийн дууллаа эгшиглүүлнэ. Зүрхэн тушаа гараа тавьж эх орондоо хүндэтгэл үзүүлэн Төрийн дууллаа дуулна. Юутай сайхан.
Шинжлэх ухаан, танин мэдэхүйн “Одмөндөр” сувгийн ерөнхий найруулагч А.Гансүхийн санаачилгаар аравдугаар сарын 20-ныг Төрийн дууллын өдөр болгон тогтсон. Иймд өнөөдөр 11.40 цагт буюу морин цагт нийслэлийн төв талбай болон 21 аймгийн төв талбайд, сурагчид сургууль дээрээ Төрийн дууллаа бахдал дүүрэн эгшиглүүлэхээр болсон нь энэ юм.
Энэ талаар "Одмөндөр” сувгийн ерөнхий найруулагч А.Гансүх "Монгол төрийн таван бэлгэдлийн нэг бол Төрийн дуулал юм. Төрийн дууллынхаа талаар хүн бүр нэгдсэн нэг ойлголттой болох хэрэгтэй. Тэгвэл үүнийг хэн дуртай нь хөндөхөө болино. Төрийн дууллаа ард түмэн нь бүгд мэддэг, утга учрыг нь ойлгодог сэтгэл зүрхнээсээ хамгаалдаг байгаасай. Тиймдээ ч Төрийн дууллын албан ёсны өдөртэй болж ач холбогдлынх нь талаар үеийн үед залуучууддаа таниулдаг байгаасай гэж хүссэн" гэжээ.
Тусгаар улсын минь бэлгэ тэмдэг, нэрийн хуудас болсон Монгол Улсын төрийн дууллыг 1950 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр баталж, 1950 оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн орон даяар цацаж байжээ.
1940-өөд оны сүүлээр Улс төрийн товчоо театр, чуулгын уран бүтээлчдийн дунд Төрийн дууллын үг, ая зохиох уралдаан зарласнаар өнөөгийн Төрийн дуулал биелэлээ олох эхний алхам болсон байдаг. Энэ хүртэл Монгол Улс албан ёсны Төрийн дуулалтай байгаагүй. Харин ижил үүрэг бүхий хэд хэдэн дуутай байсан нь бий.
Төрийн дууллын шүлгийн уралдаанд Ч.Лодойдамба, Д.Сэнгээ зэрэг тухайн үеийн сор болсон 10 гаруй том зохиолчид оролцсоноос эрдэмтэн, зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн шүлэг шалгарчээ.
Ая дангийн тухайд тухайн үед хөгжмийн зохиолчид бүтээлээ нууц нэрээр ирүүлэхээр тогтож. Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж “Бор шувуу”, Б.Дамдинсүрэн “Хэрээ” нэрээр бүтээлээ ирүүлсэн гэдэг. Төрийн дууллыг сонгох шүүгчид нь маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын төр, засгийн удирдагчид байж. Маршал Х.Чойбалсан “Тэр Бор шувуу, Хэрээ хоёрынх зүгээр юм. Нийлүүлбэл ямар вэ” гэсэн санаа гаргажээ. Удирдагчийн саналын дагуу хоёр хөгжмийн зохиолч уулзаж, бүтээлүүдээ нэгтгэн өөрчилснөөр өнөөгийн сүр жавхлант аялгуу бүтсэн түүхтэй аж.
Ийнхүү шүлгийг Монгол Улсын анхны Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн бичиж, аяыг Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч, удирдаач, Монголын дуурийн урлагийг үндэслэгчдийн нэг Билэгийн Дамдинсүрэн, XX зууны манлай хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин Лувсанжамбын Мөрдорж нар зохиосноор Монгол Улсын Төрийн дуулал бүтсэн байна.
Сонирхуулахад, шинэ Төрийн дууллын үг, утга агуулгыг Төв хороо, Засгийн газраар хэлэлцэж байх үед "Халх монголчууд хамаг дэлхийн улс орнуудтай..." гэсэн мөр байжээ. Үүнийг сонсоод Б.Ринчен Ю.Цэдэнбал даргад хандан “Цэдэнбал даргаа, хоёулаа гарах уу даа. Энэ дуунд чинь дөрвөд, буриад гэсэн үг алга” хэмээснээр "Даяар Монголын..." гэж зассан гэх яриа байдаг.
Б.Ринчен гуай буриад, Ю.Цэдэнбал дарга дөрвөд хүн учир ийнхүү ёжлон хэлсэн биз ээ.
Шүлэг эцэслэн батлагдсанаас хойш цаг үе, улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж дөрвөн удаа шинэчилжээ. Тухайлбал, 1961 онд Иосиф Сталин, Х.Чойбалсан нарыг магтсан хэсгийг хасаж, Ленин, Сүхбаатар нарыг болон Коммунист намыг магтсан үг оруулан өөрчилжээ. Харин 1990 оны ардчилсан хувьсгалын дараа нам магтсан бадгуудыг хасаж, улмаар 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Ц.Дамдинсүрэнгийн анхны шүлэгт суурилсан хувилбарыг шинэчлэн баталснаар өнөөдөр дуулж байна.
Хэлмэгдүүлэлтийн хар шуурга намжаагүй, эх орон, эрх чөлөөний үнэ цэнийг яс махаараа мэдэрсэн тэр цаг үед Монголын сор болсон суутнууд туурвисан учир Монгол Улсын Төрийн дуулал хамгийн төгс төгөлдөрөөр бүтсэн нь дамжиггүй.
Тиймдээ ч экспертүүд Монгол Улсын Төрийн дууллыг "Дэлхийн хамгийн эрч хүчтэй, сүр жавхлантай, сонсоход шууд омогшил төрүүлдэг хөгжимтэй орнуудын нэг. Европ болон Азийн хөгжмийн элементүүдийг маш чадварлаг хослуулсан нь үүнд нөлөөлсөн” гэж дүгнэдэг байна. Зөвхөн гадныхан төдийгүй тив дэлхийд данстай тамирчид, алдартнууд, олон улсын арга хэмжээнд эгшиглүүлсэн хөгжимчид ч Төрийн дууллынхаа сүр жавхлантай, омог төгөлдөр болохыг дуу нэгтэй хэлдэг. Ая дан нь яруу төдийгүй шүлгийнх нь мөр шад бүр түүх, эв нэгдлийн үнэ цэн, тэмүүллийг шингээсэн өвгөдийн захиас болон үлдсэн нь гайхамшигтай.
Энэ цаг мөчид оршин буй бидэнд төрөлх хэлээрээ Төрийн дууллаа бахдан дуулах зол заяаг халуун амь, бүлээн цусаараа олгосон өвөг дээдэстээ талархаад баршгүй. Тийм их үнээр олгосон эрх чөлөөгөө атгахан зүрх шигээ хайрлаж, эх орноо мандан бадрахыг ерөөж Төрийн дууллаа дуулцгаая.
Монгол Улсын Төрийн дуулал
Үг Ц.Дамдинсүрэн, Ая Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж
Дархан манай тусгаар улс
Даяар даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжин, үүрд мөнхөжнө
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя
Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл, соёлоо
Үрийн үрд өвлөн бадраая
Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай
















