“Арай ч дээ” хэмээн чанга дуугаар ярих охиныг багш, үйлчлэгчгүй өхөөрдөнө. Ажвал сургуулийн хүлээлгийн хэсэгт дунд ангийн бололтой нэгэн охин ундууцан сууж байх нь тэр. “Үгүй ээ, нээрээ тийн шүү. Арай ч дээ. Манай Мишкаг ирж авахгүй арай л удаад байна уу даа” гэх багштай зэрэгцээд “Гэрийнхэн нь огт оройтдоггүй болохоор манай Мишка гомдоллох нь аргагүй, аргагүй” гэж жижүүр багш нь өгүүлнэ. Ангийнхан нь бүгд тарчхаад ганцаараа хүлээлгийн хэсэгт үлдсэн дээ Мишээл охин түвдэн суугаа нь энэ аж. Охин удалгүй охин уйлж эхлэв. Ангийн багш, жижүүр багш нар нь ээлжлэн “За тайвшраарай. Гэрийнхэн нь одоохон ирнэ” гэж охиныг тайвшрууллаа. Охин гэмшсэн үү “Уучлаарай” гэх нь дуулдав. Төд удалгүй гэрийнхэн нь ирсэн бололтой хамт хүлээж суусан ангийн багш нь охиныг дагуулан үүд рүү зүглэлээ.

Аав, ээжийгээ арай дэндүү удаан хүлээлгэж байгааг ухамсарлан, нөхцөл байдал үнэлэлт дүгнэлт хийн “Арай ч дээ” гэж гомдоллоход нь багш нар нь баярлаж буй нь илт. Нийслэлийн тусгай хэрэгцээт боловсролын 55 дугаар сургуулийн багш нарын урам, урагшлах хүч нь ердөө л энэ.

Хүүхдүүдээ илүү сайжирч, бүхнийг ойлгож, мэддэг болоосой гэх хүсэл нь л тэдний гол зорилго. Сургуулийн коридороор алхахад “За тайвшраарай” гэх үгийг олонтоо сонсоно. Багш нар хүүхдүүдийн сэтгэл хөдлөлийг хамгийн ихээр ойлгож, ямар үед нь юу гэж хэлж тайвшруулахаа ч андахгүй.

Сургууль хоёр ээлжээр хичээллэнэ. Эхний ээлжийн сурагчид тарж дуусахад дараагийн ээлж орно. Хичээл тармагц багш нар хүүхдүүдээ үүдэнд авчран нэг нэгээр нь гараас гарт эцэг, эхэд нь хүлээлгэн өгдөг. Үүдэнд ангийн багшаас гадна жижүүр, жижүүр багш нар зогсоно. Тэдний анхаарал 100 хувь хүүхэд дээр төвлөрнө. Үгүй бол хүүхдүүд ийш тийш гүйх, алга болох эрсдэлтэй.

Үүдний хүлээлгийн хэсэгт телевиз, буйдан, сандал, кофе шоп гээд дутуу зүйл үгүй. Сурагчид тарах үед өнөөх телевизээр сүүлийн үед хит болж буй дуунууд тоглогдох аж. Биднийг байх үед дуучин Гангаа болон "Харанга" хамтлагийн дуучин, Монгол Улсын Гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн нарын хамтран дуулсан “Братан” эгшиглэв. Эцэг, эхээ хүлээн суугаа хүүхдүүд энэ дууг өөр өөрсдийнхөөрөө жарган сонсож байгаа нь харагдав. Нэг хэсэг нь даган дуулж, бүжиглэж, зарим нь өөрийнхөө хэлээр сэтгэл хөдлөлөө илэрхийлж байлаа. Ингээд бодохоор дуу хөгжим гэдэг хүн бүрд аз жаргал бэлэглэх шидтэй гэлтэй.

Ингээд бид 3-а ангиар зочиллоо. Анги удирдсан багшийг Мөнхбаярын Долгион гэдэг. 10 гаруй жилийн туршлагатай түүний хувьд ажилдаа гаршсан нэгэн гэдэг нь илт. Сурагчдаасаа урьтаж ирэн туслах багшийн хамт хичээлийн бэлтгэлээ хийн, хичээлийн эрхлэгчээрээ батлуулснаар түүний ажлын нэг өдөр эхэлдэг байна.

Анги нь 13 сурагчтай. Нэг дауны синдром, нэг тулгуур эрхтний бэрхшээлтэй, 11 аутизмтай хүүхдүүдтэй энэ ангид зургаан түвшний хичээл ордог.

Хоёр хүүхэд нь сайн ярина. Илүү сайн бичнэ. Зарим хүүхэд нь эгшиг үзэж эхэлсэн бол зарим нь зурлагаа зурж буй. Өөр, өөр түвшний хүүхдүүд хичээллэдэг учир багш хүүхэд бүрт зориулж хичээл бэлтгэнэ, тухай бүрд тулж ажиллах шаардлагатай. Хамтдаа уншина, бичнэ, будна, зурна. Сонсоход 13 хүүхэд цөөн мэт боловч, Долгион багш туслах багштайгаа хоёул хүрэлцэхгүй үе ч олонтоо.

Бусад сургуулиудтай харьцуулахад энд өдөр бүр өөр өөр өнгөтэй. Зарим өдөр хэн нэгний гунигтай, бие зовуурьтай өдөр таарна. Тэр үедээ зүгээр л унтаад өгнө. Эсвэл хашхирна, уйлна, уурлана, цохино, хазна. Хичээл хийхийг эсэргүүцнэ. Тэр үед нь багш яг л тухайн хүүхдийн “жор”-оор харьцана. Илүүг хүсэхгүй, гомдол нэхэхгүй. Аргадна, хайрлана, тэвэрнэ. Зарим өдөр тэр гойд сайн хичээлдээ анхаарна. Тэр үед нь урмаар шагнана, улам дайчилна. Хэдий өвлийн амралтын хэдхэн хоногт намаржин үзсэн хичээлээ мартаад ирдэг ч багш дахиад бүхнийг эхнээс нь эхэлнэ. Шантрах эрх түүнд үгүй. Заримдаа хүүхдүүдээ илүү сайжирсныг ч анзаараагүй байх нь бий.

Эцэг эх нь, хичээлийн эрхлэгч нь “Танай ангийн тэр ийм юм чаддаг болжээ”, “Охиныгоо уншдаг болсонд итгэж ч чадахгүй нь” гэх үгс багшийг сэрээнэ. Нээрээ тийм байна шүү дээ, үр дүн гарчээ гэж урамшина. Одоо тэрийгээ тийм амжилтад хүргэчихвэл гэж улам мэрийнэ.

Энэ л сүлэлдсэн өдрүүд багш, шавийн амьдралыг хамтад нь зурсаар хөвөрнө. Үгүй ээ ер нь бидний өдөр тутам тулгардаг аар саархан саад бэрхшээл яг юу юм бэ. Энд хүүхдүүд өөрийнхөө сайн хувилбарыг бүтээх гэж, багш нар нь ганцхан хувь өөрчлөлтийн төлөө ингэтлээ мэрийж байхад гэж бодогдсоныг нуух юун.

Хүүхдүүд багш нараа аав, ээж шигээ л төлөөлүүлэн боддог. Зарим нь аав аа, ээж ээ, настай багш нараа өвөө, эмээ гэж дуудах нь ч энүүхэнд. Өөрийг нь үнэнчээр хайрласан л бол тэр түүний хувьд багш биш. Аав, ээж, эмээ, өвөө нь аж. Хайрлаж, энэрч буй нэгнийг тэд ийн мэдэрч, таньж буй нь гайхалтай.

Үүнийг багш нар нь сайн мэднэ. “Дүрэм, журмаас илүүтэй сэтгэл л шаарддаг ажилдаа. Хүүхдүүд ярьж чадахгүй байлаа ч биднийг, бусдыг маш сайн ойлгодог” гэх яриа үүнийг нотлох шиг. Багш нар шавь нараа өөрийн хүүхэд мэт хөтөлж, тэвэрч, өргөж тээн гүйх нь энд энгийн үзэгдэл.

Бидний төсөөлж ч чадамгүй энэрэнгүй, гэгээлэг ертөнц энд зэрэгцэн оршиж байна уу гэлтэй. Ингээд харахад энэ бяцхан зүрхнүүд бидэнд үнэнээр оршиж, үнэнчээр хайрлахыг заах гэж ирсэн мэт.

“Хүүхэд нийгмийн харилцаанд орж, найзуудтай болдог учир сургуульд суралцуулах нь хамгийн зөв сонголт. Би эцэг, эхчүүдийг хичээлийн нэг өдөр ч болов хүүхдүүдээ автобусаар авчраарай. Олон нийтийн дунд явуулж дасгаарай гэж хэлдэг юм” хэмээн Б.Долгион багш хэлж байлаа. Хүүхдүүдэд ерөнхий эрдмийн хичээл орохын сацуу Хэл засал, Хөдөлгөөн засал, Айзамт хөдөлгөөний хичээл, Ахуй заслын хичээлүүд ордог юм байна. Айзам засал нь хөгжмийн аянд бүжиглэдэг бол, ахуй заслаар хүүхдүүд хувцасаа эвхэх зэрэг өдөр тутмын үйлдлүүдийг бие даан хийх чадварт суралцдаг байна.

Тус сургууль сурагчдад суурь боловсрол олгохоос гадна тогооч, цэцэрлэгч, зочид буудлын үйлчлэгч гэх зэрэг нарийн мэргэжлээр давхар бэлтгэдэг. Мэргэжлийн ур чадварт суралцуулж буй гол зорилго нь төгсөөд бие даан хөдөлмөр эрхэлж, өөрсдийн гэсэн орлоготой болох боломжийг бүрдүүлэх. Төгссөн хойно оо ч хэн нэгний гар харалгүй бие даасан хүн болоосой, санхүүгийн хараат бус байгаасай гэж хүсэж, зорьж буй нь сайхан. Энэ жил анхны Талх нарийн боов, баристагаар суралцагчид төгсөх юм билээ. “Нийт 11 сурагч суралцаж төгсөж байгаа. Хүүхдүүд маань их сайн суралцсан” хэмээн багш нь онцолсон. Тэд хүүхдүүддээ мэргэжлийн ур чадвар олгоод зогсохгүй ажил олгогчдодоо ч сургалт орж, хүүхдүүдийнхээ давуу тал, онцлогийг ойлгуулдаг юм байна.

Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн онцлог нь аливаа ажлыг чин сэтгэлээсээ хийдэг. Дутуу дулимаг хийх, оромдох гэдэг ойлголт тэдэнд үгүй. Тиймдээ ч тэд ажил олгогчдын хүсэн хүлээдэг сайн ажилтан болж чаддаг байна.

Гагцхүү ажил олгогчдын хувьд тэдний сэтгэл хөдлөлийг сайтар ойлгож мэддэг байх нь л чухал аж.  Жилээс жилд тусгай хэрэгцээт сургуулийн сурагчид нэмэгдсээр, багш нарын хүрэлцээ багассаар байгаа талаар 55 дугаар сургуулийн захирал, Монгол Улсын гавьяат багш Ч.Ганбилэг хэлж байв. Шүдний өвчин болсон асуудал нь ажиллах хүч л гэнэ. Багш олдлоо ч эхнээс нь бүгдийг зааж, сургах шаардлага тулгардаг нь цаг, хүч их шаарддаг юм байна.

‍