Улаанбаатарын 2026-2027 оны халаалтын улирал эхлэхтэй зэрэгцээд нийслэлийн дулаан хангамжийн бодит нөхцөл байдлын талаарх аудитын тайлан ил боллоо. Аудитын дүгнэлтээс харахад бид энэ өвөл ч, ирээдүйд ч гал алдах нь тов тодорхой ажээ.
Улаанбаатар хотод 2025 онд 1,6 сая гаруй хүн ам оршин сууж байгаа. Хэтийн тооцооллоор Улаанбаатар хотын хүн ам тогтвортой өсөж, 2045 он гэхэд 2,7 саяд хүрнэ. Тэр үед хэрхэх вэ гэдэг нь өнөөдөр тодорхойгүй байна. Товчхондоо тэр талаар бодож, төлөвлөсөн зүйл алга аж. Тэр бүү хэл энэ өвлийг яаж давах вэ гэдэг нь ч асуултын тэмдэг хэвээр байгаа юм байна.
Үндэсний аудитын газраас дүгнэлтдээ дулааны эрчим хүчний салбарын санхүүгийн тогтвортой байдал алдагдаж, өр төлбөр болон хүчин чадлын дутагдал нэмэгдэж байгааг онцолжээ. Ялангуяа дулааны эрчим хүчний шинэ эх үүсвэр нэмэгдээгүй байхад хүчин чадлаас давсан хэрэглээнд техникийн нөхцөл олгосоор байгаа нь төвлөрсөн дулаан хангамжийн систем доголдох эрсдэлийг нэмэгдүүлж байна гэжээ. Тиймдээ ч өвлийн оргил ачааллын үед хэрэглэгч шаардлагатай хэмийн дулаанаа авч чадахгүй болох эрсдэл хэдийн нүүрлэсэн болохыг онцолсон байна.
Товчхондоо, Улаанбаатарын дулаан хангамжийн амь тавьж буй шалтгаан нь зуух, шугам засах хэмжээний богино хугацааны асуудлаас давсан. Бүр цогц системийн асуудал болсон гэдгийг аудитын тайлангаас харж болохоор байна.
Дулааны систем хүчин чадлынхаа хязгаарт хүрчээ
Аудитын тайланд төвлөрсөн дулаан хангамжийн үйл ажиллагаанд хүний болон санхүүгийн нөөцийн хомсдол, техник технологийн хоцрогдол, үндсэн тоноглолын ашиглалтын нөөц дуусах, суурилагдсан хүчин чадлаас давсан ачаалал үүрэх зэрэг асуудал байгааг дурдсан байна. Өөрөөр хэлбэл, эх үүсвэрээс эхлээд дамжуулах, түгээх шугам сүлжээ хүртэлх бүх системийн хүчин чадал, шинэчлэлийн асуудал болжээ. Гэтэл ийм нөхцөлд хүчин чадлаас давсан техникийн нөхцөл олгосон нь системийн эрсдэлийг нэмэгдүүлсэн гэж аудит дүгнэсэн байна.
Техникийн нөхцөл гэдэг нь тухайн барилга, байгууламжийг дулааны сүлжээнд ямар нөхцөлөөр холбохыг тодорхойлдог чухал баримт бичиг. Харин эх үүсвэр, шугам сүлжээний бодит боломжийг давсан нөхцөл олгосноор цаашид хэрэглээ нэмэгдэх тусам системийн ачаалал өсөх эрсдэлтэй. Иймээс аудитын байгууллага хүчин чадал хүрэлцэхгүй нөхцөлд техникийн нөхцөл олгохгүй байх, өмнө олгосон нөхцөлүүдийг дахин тооцож шинэчлэх шаардлагатай гэж үзжээ.
2.1 их наяд төгрөгийг гэр хорооллын дулаанд зарцуулсан ч үр дүн гарсангүй
2018-2025 онд нийслэлийн төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй айл өрхийг дулаалах, дулааны дэд төв байгуулах, сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх, нийлүүлэх, худалдан авахад нийт 2.1 их наяд төгрөг зарцуулсан байна. Гэвч энэ хэмжээний хөрөнгө зарцуулсан ч төлөвлөсөн үр дүнд хүрээгүй, гэр хорооллын дулаан хангамжийн найдвартай байдал хангагдаагүй гэж аудит дүгнэжээ. Энэ нь нийслэлийн гэр хорооллын дулаан хангамжийн бодлогын үр дүнг дахин авч үзэх шаардлагатайг харуулах гол үзүүлэлт юм.
399.2 тэрбум төгрөгийн гурван үйлдвэрийн нэг нь ашиглалтад ороогүй
Гэр хорооллыг сайжруулсан шахмал түлшээр хангах зорилгоор байгуулсан үйлдвэрүүдийн ашиглалт ч аудитын анхаарлыг татжээ. Тайлангийн мэдээллээр нийт 399.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий гурван үйлдвэрээс нэг нь ашиглагдахгүй байгаа. Бусад хоёрыг анх төлөвлөсөн үйлдвэрлэлийн зориулалтаар бус импортын түлш савлах, агуулах байдлаах ашиглаж байгаа аж. Тиймдээ ч аудитаас сайжруулсан түлшний үйлдвэрүүдийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн үр ашиггүй байдлыг тусгайлан дурдсан байна.
59.4 км дулааны шугамын эзэн хэн бэ?
Аудитын тайлангаас анхаарал татах өөр нэг асуудал нь 59.4 км дулааны шугамын өмчлөгч, эзэмшигч тодорхойгүй байгаа явдал юм. Шугамын тодорхой хэсгийг хувийн хэвшлийн хөрөнгөөр барьсан боловч өмчлөл, эзэмшлийн асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа аж. Энэхүү шугамд гэмтэл, саатал гарсан тохиолдолд шуурхай засварлах, ашиглалтыг хариуцах эзэнгүй байгааг тайланд дурджээ. Энэ нь зөвхөн өмчийн бүртгэлийн асуудал гэхээс илүү халаалтын улиралд дулааны шугамд гэмтэл гарвал хэн засвар хийх, хэн зардлыг хариуцах, ямар байгууллага шуурхай шийдвэр гаргах нь тодорхой бус гэсэн үг.
Шинэ эх үүсвэрийн асуудал шийдэгдээгүй хэвээр байна
Улаанбаатарын өсөн нэмэгдэж буй дулааны хэрэгцээг хангахын тулд олон жилийн турш шинэ эх үүсвэрийн төсөл, техник эдийн засгийн үндэслэл боловсруулж иржээ. Гэсэн ч аудитын дүгнэлтээр 2020-2026 онд хотын дулааны эрчим хүчний дутагдлыг бүрэн арилгах шинэ эх үүсвэр бий болоогүй гэдгийг онцолжээ.
Нөгөө талаас, төвлөрсөн дулаан хангамжийн үндсэн тоног төхөөрөмжүүдийн насжилт нэмэгдэж, зарим тоноглолын ашиглалтын хугацаа дууссан байна. Нэг талд нь хуучирсан тоног төхөөрөмж, нөгөө талд нь өсөж буй хэрэглээ, харин дунд нь хүчин чадал нь хүрэлцэхгүй дулааны эх үүсвэр, дамжуулах сүлжээ гэсэн нөхцөл үүссэн байна.
Гадны зээл, хөрөнгө оруулалт бүрэн үр өгөөжөө өгсөнгүй
Тус салбарт харьцангуй зээл, хөрөнгө оруулалт чамлахааргүй их байдаг аж. Арга ч үгүй биз дээ нөхцөл байдал нь улаан гэрэл ассан хэмжээнд байгаа учир. Гэвч хөрөнгө оруулалтын үр өгөөж хангалтгүй байгааг тайланд дурджээ. Нэгдсэн бодлогоор төлөвлөөгүй, эрэмбэ дарааллаар төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаагүйгээр худалдан авах ажиллагааг зохион байгуулж, гэрээ байгуулж байгаа нь холбогдох байгууллагуудын тухайн үеийн удирдах албан тушаалтны ашиг сонирхол нөлөөлсөн байх магадлалтайг онцолжээ.
Хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төсөл, хөтөлбөрийг хэрэгцээ шаардлагаар эрэмбэлж, шат дараалалтайгаар хэрэгжүүлэх талаар сэдэл санаачилгагүй ажиллаж, ажил хийсэн нэр хүлээн ажлын даалгавар баталж, өндөр үнээр дахин дахин ТЭЗҮ, График төсөл хийлгэж байгаа нь хийгдсэн хөрөнгө оруулалт үр нөлөөгүй байх, хүчин чадлын дутагдал хэвээр байх нөхцөл болж, дулаан хангамжийн системийн тогтвортой, найдвартай байдлыг хангахад сөргөөр нөлөөлж байна гэдгийг тайланд дурджээ.
Тарифаа хараат бусаар зохицуулах боломж хангалтгүй байна
Дулааны тарифыг хэрэглэгчийн төлбөрийн чадвар, салбарын санхүүгийн тогтвортой байдал, үйлдвэрлэгч болон түгээгч байгууллагын бодит өртөгтэй хэрхэн уялдуулах вэ гэдэг асуудал аудитын тайланд мөн тусжээ. Аудитын дүгнэлтээр үнэ тарифын бодлого, зохицуулалтыг хараат бусаар хэрэгжүүлэх боломж хангалтгүй байгаа нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд санхүү, эдийн засгийн дарамт үүсгэх шалтгаануудын нэг болсон байна. Үүний үр дагавар нь зөвхөн тухайн компанийн ашиг, алдагдал биш. Салбарын компаниудын санхүүгийн чадавх муудвал тоног төхөөрөмжийн шинэчлэл, шугамын засвар, хүний нөөц, нөөц сэлбэг зэрэгт зарцуулах боломж мөн хумигдана гэдэг тодорхой юм.

.jpg)



.jpg)











