Намрын улс төрийн халуун өдгөө хэд хүрч, цаашид хэдэн хэм хүрч “буцлах”-ыг таашгүй. Эрх баригч намын даргын төлөөх тэмцлээс үүдэлтэй эрх ашиг нэгэнт ханцуйнаасаа хальж төрийн хямрал руу түлхлээ. УИХ-ын дарга, Ерөнхий сайдаасаа эхлээд төрийн өндөрлөгүүд нь ээлж дараалан мэдэгдэл хийж улмаар хууль тогтоох дээд байгууллага болоод гүйцэтгэх засаглал нь ажлаа хийж чадахгүйд хүрч байна. Өдөрт хэн нэгнийх нь “төлөөний хүн” гэнэт гарч ирж мэдэгдэл хийж тэр дунд нь олон нийт төөрөлдөж гүйцлээ. Хамгийн гол нь нэг нь нөгөөгөө нүүрсний хулгай, хүн амины хэрэгтэй холбогдуулсан нь үнэн эсэх, төрийн түшээд нь “Аятайхан байгаарай” гэж дарамталдаг уу, Гүйцэтгэх засаглалын тэргүүн нь Үндсэн хууль зөрчсөн үү, зөрчөөгүй юу. Улстөрчдийн булхайг уудалсан төрийн албан хаагчийг ажлаас нь халж, төрийн сайд нь том компанид давуу байдал олгодог нь үнэн үү гэдгийг ч мухарлаж ойлгох боломжгүй болж байна. Нэг гишүүн нь гарч ирээд төрийн данс улайлаа, Монгол Улсын эдийн засаг дампуурлаа зарлаж ОУВС-гаас дэмжлэг авахдаа туллаа гэж хэлээд шүлс нь хатаагүй байхад Сангийн сайд нь “Энэ мэдээлэл худал” гэж мэдэгдэх жишээтэй. Чухам хэнд нь итгэх вэ.

Бүгд төрийн хариуцлагатай алба хашдаг хүмүүс атал яг хэн нь үнэн хэлж, хэн нь худалч вэ гэдгийг ялгах аргагүй болж байна. Нэг нь нөгөөгөө үгүйсгэсээр. Эцсийн мөчид хэн нь үнэн хэлснийг яаж батлах вэ. Тиймээс төрийн өндөр сэнтийд хариуцлагатай алба хашдаг хүмүүс хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэг байхсан.

Энд зөвхөн сүүлийн өдрүүдэд нэгнээ үгүйсгэж эсрэгцсэн мэдээллийг тоймлолоо.

Их хурлын даргын дэлгэсэн баримт ба нүүрсний хулгай, хүн амины хэрэгт холбоотой юу

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг “Админерал” гэх компанитай холбоотой. Сүүлийн гурван жилийн хугацаанд түүнийг “орд эзэмшиж, нүүрс хулгайлсан”. Мөн түүнийг Бортээгийн ордыг эзэмшдэг, ХБНГУ-ын иргэн Н.Хасбатарын амь насанд халдсан гэдэг мэдээллийг телевизээр ярьсан юм.

Тэгвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үүнийх нь хариуд удаа дараа тайлбар мэдэгдэл гаргаж хууль хяналтын байгууллагын зарим баримтыг дэлгэлээ. Тэрбээр " Төрийн өндөр албан тушаалтнууд удаа дараа гүжир гүтгэлэгийн шинжтэй зүйл мэдэгдлээ. Гэтэл өнөөдрийн байдлаар намайг хууль шүүхийн байгууллагаас нэг ч удаа дуудаж шалгаагүй. Гэрчийн мэдүүлэг ч өгч байгаагүй болно. Намайг хүн амины онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн учраас ЦЕГ, гомдол ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатарт хүсэлт өгсөн. ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очирын ирүүлсэн бичигт ХБНГУ-ын иргэн Н.Хасбатар нас барсан мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулаад, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн болохыг үүгээр мэдэгдье” гэсэн юм. Мөн Бортээгийн орд “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн мэдэлд хэвээр байгаа бөгөөд нэг ч тонн нүүрс олборлоогүйг нотолсон баримт болон УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг шүүхэд өгч буйгаа зарлав. Энэ талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн өмгөөлөгч З.Буяндаваа “Миний үйлчлүүлэгч Д.Амарбаясгалан нь өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Б. Энхбаярыг шүүхэд өгч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан болно” гэсэн юм.

Б.Энхбаяр гишүүний ярьсан нүүрсний гэх хэрэгтэй холбоотойгоор Ерөнхий сайд Г.Занданшатар ард түмэндээ хандаж Төрийн ордонд мэдэгдэл хийв. Тэрбээр “Эдийн засгаа сэргээнэ гэдэг нүүрсний хулгайтай тэмцэнэ гэсэн үг. Нүүрсний хулгайтай тэмцэнэ гэдэг бол эдийн засгаа сэргээнэ гэсэн үг. Эрдэнэс Тавантолгойд нүүрсний хулгайн маш олон арга хэлбэрүүд ил болсон. Бүгдийг нотолгоо баримттайгаар АТГ-т шилжүүлсэн. Нийт нэг их наяд төгрөгөөр барьж байгуулсан үйлдвэрийг 18 км цаана яагаад байгуулав. Энэ хооронд 1.5 сая төгрөгөөр тээвэр хийдэг байсныг онцгой дэглэм тогтоосноор 400 мянган төгрөг болгож буулгасан. Ийм хол газар нүүрс баяжуулах үйлдвэрээ барьчхаад Бортээг гэдэг уурхайн аман дээр баяжуулах үйлдвэр барьчхаад ашиглалтад оруулдаггүй. Тээвэрлэлт нь асар өндөр өртөгтэй буюу 280 тэрбум төгрөгөөр конверын шугам барьж дуустал нь нэг их наяд төгрөгийн үйлдвэр үр ашиггүй байсан. Хэрвээ энэ үйлдвэр ашиглалтад орсон бол 44 их наядаас их орлогыг Монгол Улсад оруулах байлаа. Гэвч энэ үйлдвэр бараг ажиллахгүй сул зогсож байна. Ийм үрэлгэн замбараагүй байдал үүсгэсэн. Ийм учраас бидний зүгээс нүүрсний хулгайтай тэмцэж, улсын төсөвтэй хамт Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах УИХ-ын тогтоолын төслийг төсөвтэй хамт УИХ-д өргөн барьсан. Бортээгийн ордыг ашиглах тогтоол өргөн баримагц гурван сарын өмнө нэр дэвшихгүй гэж байсан УИХ-ын дарга яаран сандран нэр дэвшихээ илэрхийлж мэдэгдэл хийж эхэлсэн. Би УИХ-ын даргыг нүүрсний хулгайн эсрэг хамтран ажиллана гэж итгэж байсан. Нүүрсний хулгайд холбогдсон гэдэгт нь итгэхийг хүсээгүй. Харамсалтай нь УИХ-ын дарга Б.Амарбаясгалан нэр холбогдсон байсан. Өнөөдөр эвлэлдэн нэгдэх тухай ярьж байна. Эв нэгдэл шударга ёсонд тулгуурлах ёстой учраас Монгол Улсын Ерөнхий сайд би онцгой бүрэн эрхийнхээ дагуу Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байна” гэсэн юм.

Б.Энхбаярын БЗС-г ярьснаар О.Сийлэгмааг ажлаас чөлөөлөхөөр болсон уу

- БЗС-гийн гүйцэтгэх захирал О.Сийлэгмаа:

-Гадаадад сурсан хүмүүс зээлээ төлөхгүй, элдэвээр дарамт шахалт үзүүлж байгаа. Гадаадад сурсан ч зээлээ төлөөгүй, төлөхгүй хүмүүс нэрлэж яриа өглөө гээд ажлаас чөлөөлнө гэх дарамт сүүлийн хэдэн өдөр нэмэгдсээр байна. Б.Энхбаяр гишүүнийг боловсролын зээлээ төлөөгүй, чөлөөлөгдсөн гэдэг мэдээллийг сэтгүүлчдэд өгсний төлөө ажлаа хүлээлгэж өгөхийг өчигдөр П.Наранбаяр сайд танилцуулсан.

-Боловсролын сайд П.Наранбаяр:

- БЗС-ийн ажлын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Сийлэгмааг ажлаас чөлөөлөх асуудлыг төрийн албаны зарчмын дагуу тавьсан. УИХ гишүүн Энхбаяртай холбоотой мэдэгдлийг төрийн албан хаагч улс төрийн үйл ажиллагаанд нэг талыг барьж оролцсон гэх шүүмжлэл гарсан нь үнэн. Ерөнхий сайд Г.Занданшатар О.Сийлэгмааг чөлөөл гэсэн чиглэл өгөөгүй. Уг асуудлыг төрийн албаны зарчмын дагуу тавьсан.

Ерөнхий сайд Үндсэн хууль зөрчсөн, зөрчөөгүй

- УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Монгол Улсын Үндсэн хууль бол ардчилал, хууль ёсны баталгаа. Үүнийг ингэж гажуудуулмааргүй байна.Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр 4-т зааснаар Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулдаг. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөдөг байхаар хуульчилсан.

Өнөөдөр Ерөнхий сайдын мэдэгдэл дээрх Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг зөрчлөө дөө. Тэгэхээр Б.Энхбаяр гишүүн ХЗДХ-н сайдаар томилогдож бүрэн эрх үүсээгүй тул Л.Мөнхбаатар сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй.  Засгийн газар 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор АМНАТ холбоотой журам баталж бас Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн. Монгол Улсын Үндсэн хуулийг ягштал мөрдөж, төрийн албан тушаалтны үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуульд бүрнээ нийцсэн байх ёстой. Монгол Улсын Үндсэн хууль бол ардчилал, хууль ёсны баталгаа. Үүнийг ингэж гажуудуулмааргүй байна. Харамсалтай.

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ:

- Монгол Улсын Үндсэн хуулиар Ерөнхий сайдад олгосон онцгой бүрэн эрх. Үндсэн хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлтийн нэгэн амин сүнсний нэг нь Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг. Энэ шийдвэрээ гаргахдаа Монгол Улсын төрийн тэргүүнд танилцуулдаг. Мөн УИХ-д танилцуулдаг. Харин зөвшилцдөг гэдгийг тодотгоё. УИХ-ын хууль тогтоомжтой ижил зөвшилцөж эцсийн шийдвэр гаргадаггүй гэсэн үг. Энэ чуулганы хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг танилцуулах үед гишүүд асуулт асууж, үг хэлж болно. Гэхдээ гаргасан шийдвэрт нөлөөлөхгүй.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Д.Ганмааг дарамталсан нь үнэн үү

-УИХ-ын гишүүн Д.Ганмаа:

-УИХ-ын гишүүн Д.Ганмаа Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн айлган сүрдүүлсэн үйлдэл гарсан талаар хэвлэлд мэдээлэл өгсөн. Тэрбээр "Ж.Чинбүрэн сайд бодлогын асуулт асуусны төлөө намайг "Аятайхан байгаарай" гэж дарамталлаа. Г.Лувсанжамц гишүүн босож ирж болиулсны дараа хурлыг орхиод гарч явсан" хэмээсэн. Тэгвэл  /2025-10-02/ УИХ-ын Ёс зүйн дэд хороонд өргөдөл гаргажээ.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:

- Ер нь бол парламент өөрөө мэтгэлцээний талбар. Гишүүд хоорондоо мэтгэлцэх, санал бодол зөрчилдөх зүйл байна шүү дээ. Би эрүүл мэндийн даатгалын сангийн хулгайг эхэлж цэгцлээд, цоорхой нүхийг нь бөглөсний дараа хэрэгжүүлэх найман зорилго, 30 ажлыг өргөн барьсан байгаа гэдгээ жаахан чанга дуугаар Д.Ганмаа гишүүнд ярьсан зүйл байгаа байх. Харин “Аятайхан байгаарай, хохино шүү” гэж хэлээгүй.

-АМНАТ-ын ашиг, 200 тэрбум: Хэнийх нь зөв бэ

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

- 2016 оны 465 дугаар тогтоолд 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нэмэлт оруулж жонш, төмөр, нүүрсний АМНАТ-ыг энэ Засгийн газар үндэслэлгүйгээр аргачлалыг өөрчлөх замаар бууруулж Үндсэн хууль болон бусад олон хуулийг зөрчсөн. Нүүрснээс л гэхэд улсын төсөвт орох 200 тэрбум төгрөг хаачсан бэ,

Оруулсан заалтыг харна уу

-3.11.Ашигт малтмал экспортлогч аж ахуйн нэгж нь тухайн төрлийн экспортын бүтээгдэхүүний дөрөвний нэг, түүнээс дээш хувийг Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалсан тохиолдолд нийт экспортод гаргасан тухайн төрлийн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтад заасан Уул уурхайн бүтээгдэхүүний бирж (Монголын хөрөнгийн бирж)-ийн арилжааны үнээр тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулна. (Энэ заалтыг Засгийн газрын 2025 оны 55 дугаар тогтоолоор нэмсэн бөгөөд үүнийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө)

-3.12.Энэ журмын 3.11 дэх заалтыг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө. (Энэ заалтыг Засгийн газрын 2025 оны 55 дугаар тогтоолоор нэмсэн)

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:

- Нэгдүгээрт, энэ оны наймдугаар сард гаргасан 55 дугаар тогтоол бол хууль зөрчөөгүй. Үүнтэй ижил утгатай тогтоол өмнө нь арван удаа гарч байсан.

Нэгдүгээрт, бид биржээр арилжаалсан нүүрсийг шахаж, том хэмжээний гэрээнүүдээр нүүрс хилээр гаргаж байсан үйл явдлыг зогсоож, 50 хувь амны гэрээ буюу урт хугацааны гэрээнүүд, 50 хувь биржийн арилжаагаар нүүрснүүдийг экспортлох шийдвэр гаргасан. Үүний үр дүнд биржийн экспорт нэмэгдсэн.

Ашигт малтмал экспортлогч аж ахуйн нэгж нь тухайн төрлийн экспортын бүтээгдэхүүнийхээ ¼-ийг биржээр арилжаалсан тохиолдолд АМНАТ-ийг биржийн арилжааны үнээр тооцож ногдуулах тухай Засгийн газрын шийдвэрийг зориуд мушгин гуйвуулж буй нь улс төрийн зорилготой гэдэг нь илэрхий байна.

Энэ шийдвэр гурван ач холбогдолтой.

-Нэгдүгээрт, биржийн арилжааг дэмжсэн шийдвэр. Биржийн арилжаа гэдэг бол хэн хамгийн өндөр үнэ санал болгосонд нь бүтээгдэхүүнээ худалдана гэсэн үг. Улсыг 200 тэрбум төгрөгөөр хохироосон гэх гүтгэлэг тарааж буй. Харин ч ил тод, өрсөлдөөнтэй арилжаанаас 120 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт орлого олно.

-Хоёрдугаарт, энэ шийдвэрийн үр дүнд ард түмэнд очих 1072 хувьцааны ногдол ашгийн хэмжээ өснө.

-Гуравдугаарт, хүнд нөхцөлд байгаа аж ахуйн нэгжүүдэд бодит дэмжлэг болно. Мөн татвар төлөгчдийн тоо нэмэгдэнэ.

Ер нь яагаад биржийн арилжааг дэмжих ёстой вэ. Хэн нэг нь дур мэдэж, ам нөхцлөөр байгуулсан гэрээнүүдийн үнэ биржийн үнээс 10-20 хувь бага байдаг гэдгийг мэргэжлийн хүмүүсийн дүгнэлт баталдаг.

Борлуулалтыг ил тод, нээлттэй болгохыг хэн хүсэхгүй байна вэ. Үүнийг бүр нарийвчилж асуувал хариулт маш тодорхой болно. Эрдэнэс Тавантолгойн борлуулалтыг ил тод, нээлттэй болгохыг хэн хүсэхгүй байна вэ. Нүүрсний хулгайчид.

Засгийн газар хууль зөрчөөгүй. Бас давуу байдал хэнд ч олгоогүй. Зөвхөн нүүрс биш төмрийн хүдэр, жонш экспортлогч 400 гаруй аж ахуйн нэгжид хамааралтай шийдвэр юм.

Биржийн экспорт яагаад чухал вэ гэхээр АМНАТ буюу улсын төсөвт орж ирдэг орлого нь шууд орж ирдэг учир чухал.

Хоёрдугаарт, 55 дугаар тогтоолтой ижил Ашигт малтмалын тухай хууль, биржийн тухай хуулиудад заасан засгийн газрын бүрэн эрхийнхээ хүрээнд өмнө нь гарч байсан есөн тогтоолтой ижилхэн арав дахь тогтоолыг Монгол Усын Засгийн газар гаргасан. Сонирхолтой нь энэ арван тогтоолд янз бүрийн хувилбарууд явсан байдаг. Асуудал яриад байгаа гишүүн маань өөрөө Хууль зүй, дотоод хэргийн яаманд 2013 оноос хойш ажиллах хугацаандаа уул уурхайн бодлогыг хариуцсан мэргэжилтэн, Хууль зүйн бодлогын газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга хүртэл есөн жил ажиллаад энэ арван тогтоолын тавд нь оролцсон байдаг.

Тэр таван тогтоолын зарим нь гэрээний үнээр хийх буюу татвараас зугтах боломж олгосон тогтоолуудыг ч гаргасан. Тэр үед яагаад Засгийн газрыг огцруулах тухай ярьж байгаагүй юм. Шудрага л байх хэрэгтэй шүү дээ. Гадна дотны нөлөөллөөр биржийн тухай хуулийг болиулъя гэж байнга шахдаг. Үүнийг би нуухгүй. Биржийг болиулах юм бол оффтейк, нууц гэрээнүүд явна. Бирж бол бидний ил тод байдлыг нэмэгдүүлсэн, бодит үнийг тодорхойлж, татварын сууриа нэмэгдүүлэх бодлого.

Үүнээс ч долоон дор шийдвэрүүдэд оролцож явсан хүн байж 55 дугаар тогтоолыг Засгийн газрыг огцруулах үндэслэл болгож оруулж ирж байгаа нь өөрөө улс төрийн зорилготой. Түүнээс биш улс орноо бодож байгаа зорилго энд байхгүй.

Монгол Улс дефолт зарлаж, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нь үнэн үү

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

- УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж, парламентын засаглалд халдаж, эдийн засгийг доройтуулж байгаа, мөн ард иргэдийг төөрөгдүүлж нийгмийн эмх замбараагүй байдал руу түлхэж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хөндөж гарын үсэг цуглуулж байна. Төрийн тендер худалдан авалт бүгд зогссон. Цалин тэтгэврээ тавьж чадахгүйд хүрч төрийн данс улайсан учраас Монгол Улсыг ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах эсэхээ шийд гэсэн мэдэгдэл өгсөн.

2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд Аудитын ерөнхий газраас өгсөн дүгнэлт байгаа. Энэхүү дүгнэлт дээр төлбөрийн тэнцэл 462.4 сая ам.доллар, урсгал данс нэг тэрбум 662.1 сая ам.доллараар алдагдалтай, шууд хөрөнгө оруулалт 945 сая ам.доллар болж 40.6 хувь буурсан үзүүлэлтэй байгаа нь эдийн засгийн өрсөлдөх чадавх суларч, гадаад өрхийн үйлчилгээний эргэн төлөлтөд хүндрэл үүсэх, эрсдэлийн алдагдлыг гадаад өрөөр санхүүжүүлэх эрсдэл үүсэхээр байна гэх Аудитын ерөнхий газрын дүгнэлт гарсан.

Ерөнхий сайд Г.Занданшатар валютын ханш зургаан тэрбум ам.доллар хүрэх гэж байна гэж мэдээлсэн. Энэ нь гадаадаас босгож ирсэн бондуудын төлөлт болон арилжааны банкуудын валютын нийлбэрийг нийлүүлж хэлсэн. Эдийн засаг ямар байгаа нь харагдаж байна. Гэтэл экспортын гол орлого огцом унаж, валютын цэвэр нөөц хасах дүн рүү орсон. Нэг тэрбум ам.долларын оффтейк гэрээг "Эрдэнэс Тавантолгой" ХК-г түшиглэж дахин байгуулна. Ингэж байж гадаад өр болон ханшийн алдагдалгүй байдалд хүргэнэ гэж мэдэгдэж байгаа. Энэхүү оффтейк гэрээ улсын төсөвт ороод ирсэн. Өмнөх нууцалсан оффтейк гэрээнүүдийн асуудлаа шийдэж чадаагүй байхад дахин оруулж ирлээ. Энэ дээр миний бие санал огт нийлэхгүй байгаа.

Эдийн засгийн өсөлт 5.6 хувьтай гарсан. Мөн 3.6 хувийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлж буйг ҮСХ-ноос мэдээлсэн. Гэхдээ энэ өсөлт нь ерөөсөө өмнөх жилүүдийн зудад алдсан малуудыг эдийн засгийн алдагдал гэж тооцохгүй байсан хэрнээ энэ жил шинээр төл авч байгаа зүйлийг эдийн засгийн баялаг юм гэж авч байна. Нөгөөтэйгүүр, эдийн засгийн өсөлтийг хоёр хувиар тэлсэн гэж мэдэгдсэн. Үүн дотор уул уурхай нэг хувь өссөн. Уул уурхайн салбарт ноцтой байдал үүссэн ч худал мэдээллээр төөрөгдүүлээд байгаа юм.

Сангийн сайд Б.Жавхлан:

- Төрийн сангийн үйл ажиллагаа хэвийн явж байна. Өнгөрсөн долдугаар сард төсөвт  тодотгол хийсэн. Батлагдсан төсвийнхөө дагуу, батлагдсан хуваарийнхаа дагуу Монголын төрийн бүх санхүүжилт хэвийн явж байгаа гэдгийг албан ёсоор хэлье. Хаана ч, ямар ч байдлаар саатсан зүйл байхгүй. Энэ жилийн хувьд төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 50 гаруй хувьтай байна. Гуравдугаар улиралд олон жилийнхээ дунджаар энэ орчимд байдаг. Мөн Монголбанкнаас болон Үндэсний Статистикийн газраас сүүлийн үеийн тоонуудыг авлаа. Монголбанкны албан ёсны веб сайт дээр гуравдугаар улирлын буюу есдүгээр сарын 30-ны байдлаар Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум 874 сая төгрөг байна. Өөрөөр хэлбэл, 4-5 сарын импортын хэрэгцээг хангах хэмжээний үлдэгдэлтэй байна.

Жилдээ хоёр удаа ОУВС-гаас улс орнууд дээр очиж ажилладаг. Өнгөрсөн долоо хоногт ОУВС-ийн баг Монголд ирээд явлаа.  Энэ багийн дүгнэлтээр ямар нэгэн эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан зүйлгүй, төлбөр тооцоо, гадаад зээлийн өр төлбөртэй холбоотой ямар ч эрсдэлтэй зүйл байхгүй. Мөн П.Сайнзориг гишүүнийг "цуг яваасай" гэж бодож байна. Тэнд очоод Монгол Улсыг олон улсад яаж харж байна вэ гэдгийг өөрөө харах хэрэгтэй. АНУ-ын зээлжих зэрэглэл мөн унасан. Манайтай ижил төстэй жижиг одоо эдийн засагтай улсуудын зээлжих зэрэглэлүүд нь мөн унасан үзүүлэлттэй байна. Харин манайх тогтвортой байж чадсан. Эдгээр үзүүлэлтүүдийг бид өөрсдөө гаргаж ирчихээд хэлээд байгаа юм биш. Олон улс Монгол Улсыг ингэж дүгнэж байна.

Хэн нь жинхэнэ ХУДАЛЧ вэ