ЕТГ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан нар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдож хууль шүүхийн өмнө дуудагдаад байв. Хамгийн эхний шүүх хурал өнгөрсөн жилийн өдийд болж Б.Энх-Амгалан гэм буруутайд тооцож 40 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жилээр хасах шийдвэр гаргасан юм. Тэгвэл удаах нь гурван сарын өмнө буюу энэ оны хоёрдугаар сард болж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн ШЦТ/400 дүгээр шийтгэх тогтоолоор З.Энхболдод холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Харин  Б.Энх-Амгаланг улс төрд нөлөө бүхий этгээд бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгээд байв. Тухайн үед З.Энхболд цагаатгасан тухайгаа олон нийтэд зарлаж, Б.Энх-Амгалан хорих ангийн хаалга татсан юм. Тэрбээр “Би гэм буруугүй учраас давж заалдана. Хүн өөрийгөө мэддэг. Би гэм буруугүй гэдгээ хэлье. Цаг нь болохоор баримттай нотолгоотой мэдээлэх болно. Юмны үнэн мөн нь олдоно. Үүнийг улс төрийн захиалгатай гэж хардаж байна" гэсэн тайлбарыг хийгээд байсан юм.

Тэгвэл өчигдөр давж заалдах шатны шүүх хурал болж Б.Энх-Амгалангийн өмгөөлөгч Д.Батсүхийн гаргасан гомдолд үндэслэн хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Ийн шүүхийн албан ёсны мэдээлэлд тогтоолыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон буюу З.Энхболдын хэрэгт тусгайлан тайлбар бичээгүйгээс харвал З.Энхболдын цагаадсан, Б.Энх-Амгалангийн ял авсан шүүхийн тогтоол хүчингүй болж байна.

Тодруулбал, прокурорын яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй, хэргийн үйл баримтыг хэт ерөнхийлөн тодорхойлсон байна. Яллах дүгнэлтэд авто замын ангилал шилжүүлэх болон эзэмшүүлэх шийдвэр гаргаснаараа ямар эрх зүйн үр дагавар үүсгэж, энэ нь нийгэмд аюултай, гэм буруутай ямар үйлдэл эс үйлдэхүй болохыг тодорхой дүгнээгүй байгаагаас гадна Б.Энх-Амгаланг нийтийн, эсхүл улс төрд нөлөө бүхий гэсэн гэмт хэргийн шинжийг тодорхойлоогүй атал анхан шатны шүүх яллаагүй үндэслэлээр Б.Энх-Амгаланг улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэсэн нь анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчжээ.

Түүнчлэн, тус шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1096 дугаар магадлалд заасан үндэслэлийг биелүүлээгүй, өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлж болох гэрч нарын мэдүүлэг харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн шүүгдэгч тус бүрийн хамтран оролцсон хэлбэрт зөрүүтэй дүгнэлт хийсэн байна.

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байгаа болно гэжээ.