Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн XIX Их хурал зургаадугаар сарын 21-нд болж, эвлэлийн Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Энэ удаагийн сонгууль жирийн нэг мэргэжлийн байгууллагын удирдлагын өрсөлдөөн биш, харин Монголын сэтгүүл зүй улс төрөөс хараат бус үлдэх үү гэсэн том асуултын өмнө ирээд байна.

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн танилцуулгыг харахад сонирхолтой дүр зураг ажиглагдав.

Тэд нэр дэвшиж буйгаа хэрхэн зарлав....

• Нэр дэвшигч, сэтгүүлч Э.Дагиймаа “Сэтгүүл зүй хэмээх энэ их айлд жирийн сурвалжлагчаас өгсүүлээд мэрит зарчмаар ажиллаж, 30 жилийн хугацаанд сурвалжлагч, редактор, ахлах редактор, тоймч, ерөнхий редактор, гүйцэтгэх захирлын албыг хашиж иржээ” салбартаа 30 жил ажилласан тухайгаа товч дурджээ.

• Нэр дэвшигч, сэтгүүлч Н.Нинжжамц “Хэвлэлийн салбарт 30 жил хамт байсан ахмад үе, дунд үе, залуучууддаа талархаж явдаг” хэмээн маш товчоор нэр дэвшиж буйгаа зарласан.

• Нэр дэвшигч, сэтгүүлч З.Боргилмаа “БИ СЭТГҮҮЛЧ Сэтгүүлчийн өмнө хэний ч хаалга нээгддэг. Яагаад гэвэл үг хүчтэй, үнэн хүчтэй учраас тэр юм. Харин хэний хаалгыг татаж орох вэ, тэр хаалганы дотор үлдэх үү, гадна үлдэх үү гэдэг сайн сэтгүүлчийн өмнө хэзээ нэг өдөр тулж ирдэг сорилт юм. Энэ сорилт мэргэжлийн үнэ цэнээ авч үлдэх эсэхийг шийддэг. Би мэргэжлийн үнэ цэнээ авч үлдэж чадсан гэдэгтээ өөртөө итгэдэг. Улстөрд үйлчилсэнгүй. Улстөрчтэй найзалсангүй

Ажлын туршлага;

1997-1999 он. Монголын үндэсний радиод Хүүхэд залуучуудын нэвтрүүлгийн редакцад сурвалжлагч, Улстөрийн мэдээллийн албанд парламентын тоймч.

1999-2000 он. Mongolia This Week англи хэлээрх анхны сайт, долоо хоног тутмын сонинд сурвалжлагч.

2001-2004 он. Өнөөдөр сонинд сурвалжлагч, тоймч,

2004-2013 он. Ардын эрх сонин, News.mn, News agency агентлагт албаны дарга, тоймч.

2009 оноос Шилдэг нийтлэлчийн baabar.mn клубийн нийтлэлч.

2013-2015 он. Монгол Улсын Гадаад харилцааны яам. Сайдын хэвлэлийн төлөөлөгч.

2016-2018 он. Өглөөний сонины Ерөнхий эрхлэгч.

2019-2020 он. МСНЭ-ийн Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч, 2020-2022 он. МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч.

2022 оноос МСНЭ-ийн Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна” хэмээн мэргэжлээ онцлон CV-гээ дэлгэрэнгүй тайлагнажээ.

Э.Дагиймаа, Л.Нинжжамц нар зөвхөн сэтгүүл зүйн замналаа товч дурдсан бол З.Боргилмаа нь мэргэжлийн үнэт зүйл, хараат бус байдлынхаа талаар илүү тодорхой байр суурь илэрхийлжээ

ТЭД ЗОРИЛГОО ЮУ ГЭЖ ХАРАВ...

Нэр дэвшигч, сэтгүүлч Э.Дагиймаа “Монголын сэтгүүлчдийн эвлэлийн үйл ажиллагааг шинэчлэх, сэтгүүл зүйгээ орчин үеийн дэвшилтэт технологийн эрин үед нэр хүнд, хариуцлага ёс зүй, мэргэжлийн чадавхыг дээшлүүлэх, бүхий л мэргэжлийн төвийн оролцоог нэмэгдүүлэх, сургалт судалгаа, арга зүйгээр ханган ажиллаж, хууль эрх зүйн орчныг сайжруулахад манлайлан ажиллах зорилт тавьж, нэр дэвших шийдвэрт хүрсэн билээ”

Нэр дэвшигч Н.Нинжжамц нэр дэвшиж буйгаа зарлахдаа зорилгоо огт дурдаагүй.

Нэр дэвшигч З.Боргилмаа “Сэтгүүл зүйн хараат бус байдал, хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн мэргэжлийн эрх ашгийг хамгаалан бэхжүүлэхийн төлөө Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгчөөр ажиллаж, сэтгүүл зүйг улс төр, эрх мэдлийн хараат байдлаас хамгаалахын төлөө ажиллана”

Ил гаргаж тавиагүй ч салбарынхан нь мэдэх тэдний ажлын туршлага юу билээ...

Э.Дагиймаа олон жил хэвлэл мэдээллийн салбарт ажилласан туршлагатай. Гэхдээ түүний ажиллаж байсан байгууллагууд, ойрын хүрээллийн улс төрийн нөлөө бүхий холбоосуудын талаар асуулт хөндөгдөж байна. Хамгийн ойрын жишээнээс дурдахад л Э.Дагиймаа Ерөнхий сайд Н.Учралын хэмээн тодотгодог “Малчин” ТВ-ийн захирал байсан. Одоо ч “Малчин” телевиздээ ажилладаг. Түүний хүү Б.Төгсбаяр Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газрын мэдээллийн албаны дарга. МАН МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн сонгууль болохын өмнөх өдрүүдэд Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас хэвлэлийнхэнтэй гэрээнүүдээ хийж эхэлж байгаа нь хүү нь ээжийгээ илт дэмжиж буйг илтгэнэ.

Нөгөө талаас Л.Нинжжамц нь одоо ч төрийн ордонд ажилладаг. Түүнийгээ ч өөрийнхөө фейсбүүк хуудсаар байнга л тайлагнадаг. УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газарт ажилладаг. Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн ерөнхий захирал байсан, 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Л.Нинжжамц нэр дэвшсэн гээд төрийн болон улс төрийн нөлөө бүхий орчинд удирдах алба хашиж ирсэн нь ч нууц биш.

Тиймээс сэтгүүлчдийн дунд “МАН МСНЭ-ийн сонгуульд хоёр морь сойж байна уу?” гэсэн хардлага гарах нь аргагүй юм. Энэ нь зөвхөн хоёр нэр дэвшигчийн асуудал биш. Харин МСНЭ цаашид сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалдаг хараат бус байгууллага хэвээр үлдэх үү, эсвэл төр, эрх баригчдын нөлөө улам гүнзгийрэх үү гэсэн асуудал юм.

Харин энэ дунд З.Боргилмаагийн байр суурь гэвэл нэр дэвшихдээ мэргэжлийн үнэ цэнээ хамгаалж ирснээ онцолж, улс төрчдөд үйлчилж байгаагүй гэдгээ ил тод мэдэгдсэн. Үүнээс гадна тэрээр МСНЭ-ийн удирдлагад ажиллах хугацаандаа сэтгүүлчдийн эрх ашиг, аюулгүй байдал, мэргэжлийн ёс зүйн асуудлаар тууштай дуугарч ирсэн хүмүүсийн нэг.

Өнөөдөр МСНЭ-д хамгийн хэрэгтэй зүйл бол эрх баригчдад ойр хүн биш. Харин сэтгүүлчдийнхээ дуу хоолой болж чаддаг хүн. Төрийн ордны коридороос томилогдсон удирдагч биш. Харин редакцын халуун амьдралаас гарч ирсэн төлөөлөл.

МСНЭ-ийн энэ удаагийн сонгууль нэг хүнийг сонгох асуудал биш болжээ. Энэ бол Монголын сэтгүүл зүй улс төрийн нөлөөнд улам ойртох уу, эсвэл мэргэжлийн хараат бус байдлаа хамгаалж үлдэх үү гэсэн сонголт юм.