Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 2025 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд Үндэсний аудитын газраас аудит хийж, “хязгаарлалттай” дүгнэлт гаргажээ. Нийт 733.1 сая төгрөгийн алдаа, зөрчил илэрсэн нь ийм дүгнэлт гаргахад хүргэсэн байна. Үүнээс 619.7 сая төгрөгөөр коронавирусийн оношлуур буюу тест авахаар гэрээ байгуулан мөнгийг нь шилжүүлсэн ч тестээ нийлүүлэгчээс хүлээн аваагүй нь анхаарал татаж байгаа юм. Үүнээс гадна нэг тэрбум 128.3 сая төгрөгийн үнэ бүхий оношлуурын хугацаа нь дууссан байж. Зөвхөн оношлуур гэхэд л ийнхүү 1.7 тэрбумыг хийсгэснийг эндээс харж болох нь.

Үүнтэй холбоотойгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 2025 оны шилэн данстай танилцвал, оношлуур худалдан авахаар долоон тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ. Ингэхдээ 85 удаагийн гүйлгээгээр 12 компаниас оношлуур худалдан авсан байх агаад хамгийн өндөр дүнтэйгээс нь дурдвал, “Антиген” 815, “Илдэнгүн хошуу” компани руу нэг удаадаа 365.8 сая төгрөг шилжүүлжээ.