Хайртай хүнтэйгээ үнсэлцэх нь хайр, дотно харилцааны илэрхийлэл төдийгүй эрүүл мэнд, биологийн хувьд ч сонирхолтой үйл явц юм. Үнсэлтийн явцад хоёр хүний амны хөндийн микробиом буюу нянгийн бүрдэл харилцан үйлчилж, олон төрлийн бактер солилцдог. Энэ нь хүний биед ямар нөлөө үзүүлдэг талаар олон судалгаа хийгдэж ирсэн бөгөөд шинжлэх ухааны үүднээс ч сонирхолтой сэдэв болж байна.

2014 онд Нидерландын Микробиологийн хүрээлэнгийн судлаачид хосуудын үнсэлтийн үеэр бактери солилцох үйл явцыг судалсан байна. Судалгааны үр дүнгээс харахад, 10 секунд үргэлжилсэн гүн үнсэлтээр ойролцоогоор 80 сая бактер нэг хүнээс нөгөөд дамждаг аж. Ингэснээр хосуудын амны хөндийн микробиомын бүрдэл илүү төстэй болох хандлагатай байдаг. Энэхүү судалгааг хийхийн тулд эрдэмтэд 21 хосыг оролцуулж, үнсэлтийн өмнө ба дараах шүлсний дээжийг шинжилжээ. Туршилтын явцад нэг хүнд тусгай бактери агуулсан шингэн уулгаж, үнсэлтийн дараа хосынх нь аманд хэрхэн тархаж байгааг судалсан байна. Үр дүнд нь үнсэлцэх нь бактерийн солилцоонд маш хүчтэй нөлөө үзүүлдгийг тогтоожээ.

Амны хөндийд 700 гаруй төрлийн бактери оршдог бөгөөд үнсэлтийн явцад Streptococcus, Neisseria, Actinomyces, Porphyromonas gingivalis зэрэг бактериуд хамгийн түгээмэл дамждаг байна.

Эдгээр бактериуд нь хүний амны хөндийн эрүүл мэндэд тодорхой нөлөө үзүүлж болох бөгөөд зарим нь ашигтай, зарим нь өвчлөл үүсгэх магадлалтай байдаг. Жишээлбэл, Streptococcus төрлийн бактери нь шүдний паалан задлах, шүд цоорол үүсгэх гол хүчин зүйл болдог бол Neisseria төрлийн бактери нь дархлааны системийг бэхжүүлэхэд тусалдаг. Actinomyces бактери нь буйлны эрүүл мэндэд сайн боловч их хэмжээгээр байх нь буйлны үрэвсэл үүсгэх эрсдэлтэй. Харин Porphyromonas gingivalis нь буйлны өвчин, амны хөндийн үрэвсэлтэй холбоотой аюултай бактери юм.

Үнсэлтийн явцад зөвхөн бактери төдийгүй, шүлсний найрлага дахь фермент, уураг, дархлааны эсүүд ч солилцогддог. Энэ нь хосуудын дархлааны системийг бэхжүүлэх, шүлсний ферментүүдийг идэвхжүүлэх, хоёр биедээ дасан зохицох үйл явцад эерэгээр нөлөөлдөг. Судалгаанаас харахад, удаан хугацаанд хамт байдаг хосуудын амны хөндийн микробиомын бүрдэл илүү төстэй болдог нь батлагдсан. Энэ нь үнсэлтийн давтамж болон харилцан нөлөөллөөс хамаардаг гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, үнсэлт нь зөвхөн сэтгэл зүйн хувьд ойртон дотносох үйл явц биш, мөн бие махбодын түвшинд тодорхой нөлөө үзүүлдэг байна.

Гэхдээ үнсэлт нь эерэг нөлөөтэй хэдий ч, зарим халдварт өвчнүүд мөн энэ замаар дамжих боломжтой.

Тухайлбал, ханиад, томуу, амны хөндийн герпес вирус (HSV-1) нь үнсэлтээр дамждаг нийтлэг вирусуудын нэг юм. Мөн хүний хөхөнцөр вирус (HPV) нь зарим тохиолдолд үнсэлтээр дамжиж, амны хөндийн хорт хавдар үүсгэх эрсдэлтэй байдаг.

Энэ нь үнсэлтийн үед дамждаг бактери, вирус, бусад бичил биетүүд хүний биеийн нөхцөл байдлаас шалтгаалан эерэг болон сөрөг үр дагавар авчирч болохыг харуулж байна.

Хайрттайгаа үнсэлцэх нь зөвхөн романтик үйлдэл төдийгүй, биологийн олон сонирхолтой процессуудыг дагуулдаг байна. Үнсэлтийн үед 80 сая орчим бактери дамжиж, хосуудын амны хөндийн нянгийн бүтэц харилцан нөлөөлдөг. Үүний зэрэгцээ, дархлааг бэхжүүлэх, шүлсний найрлагыг өөрчлөх, эрүүл мэндэд нөлөөлөх олон хүчин зүйлс байдаг. Гэхдээ халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд амны хөндийн ариун цэвэр болон эрүүл мэнддээ анхаарах нь чухал юм. Судлаачид энэ сэдвээр цаашид илүү гүнзгий судалгаа хийх шаардлагатай гэж үзэж байгаа бөгөөд үнсэлт нь зөвхөн хайр сэтгэлийн илэрхийлэл төдийгүй, бие махбодын харилцан үйлчлэлийн маш чухал хэсэг болохыг тогтоож байна.

Эшлэл:

1. Remco Kort et al. (2014). "Shaping the Oral Microbiota Through Intimate Kissing." Microbiome Journal.

2. Jakubovics, N. S., & Kolenbrander, P. E. (2010). "The Oral Microbiome: Genetic Diversity, Biotic Interactions, and Pathogenicity." Advances in Applied Microbiology.

3. Fox, C. (2014). "Kissing Can Transfer 80 Million Bacteria, Dutch Scientists Say." BBC News.