Х.Золжаргал

Отгонтэнгэр их сургуулийн Сэтгүүл зүй, олон улсын харилцааны тэнхимийн багш, олон улсын харилцааны докторант

Газрын ховор элемент (Critical minerals) нь аливаа улс орны үндэсний аюулгүй байдал, өндөр технологийн өрсөлдөөнд тэргүүлэх байр сууриа бататгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Харин АНУ-ын хувьд газрын ховор элементийг БНХАУ-д болон ашигт малтмалын нөөцөөр баялаг дэлхийн бусад улс орнуудаас импортлон нийлүүлэлтийг тогтвортой, удаан хугацаанд хангах боломжтойг уул уурхайн салбарын судлаачид нотолдог. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа тус улсын газрын ховор элементийн нөөцийг бүрдүүлэх асуудалд баримталж буй бодлого, байр сууриа хэрхэн өөрчилж буй тухай тус нийтлэлд өгүүлэх болно.

2022 онд АНУ-ын Засгийн газар эдийн засгийн өсөлт, үндэсний аюулгүй байдалд нь чухал ач холбогдолтой гэж үзэж буй 50 ашигт малтмалыг тодорхойлсон байдаг. Эдгээр стратегийн ач холбогдолтой ашигт малтмалууд болох кобальт, лити нь тус улсын эрчим хүч, батлан хамгаалах, эрүүл мэнд, тээвэр гэх мэт дэд бүтцийн салбаруудын тогтвортой хөгжилд чухал үүргийг гүйцэтгэнэ. Газрын ховор элементүүд нь АНУ-ын хувьд сратегийн чухал ач холбогдолтой ч тус улс тэдгээр ашигт малтмалуудын нөөцийг бүрдүүлэхэд дэлхийн бусад улс орнуудаас бүрэн хамааралтай хэвээр байна. Ялангуяа БНХАУ нь кобальт, бал чулуу, газрын ховор элементүүдийг боловсруулах хүчин чадлаараа дэлхийд ноёрхож чухал ашигт малтмалын нөөцөөрөө тэргүүлж буй улсуудын нэг болжээ.

Чили улсын Атакама Солт Флат дахь литийн уурхай

БНХАУ-ын газрын ховор элементүүдийг боловсруулах хүчин чадал, нөөцийн хяналт, төвлөрөл нь Вашингтоны эрх баригчдад түгшүүрийн дохио өгсөн. Ийнхүү Дональд Трампын засаг захиргаа АНУ-ыг ашигт малтмал, газрын ховор элементийн гадаад нийлүүлэлтийн сүлжээнээс хэт хамааралтай байдлыг багасгах арга замыг эрэлхийлж эхэлжээ. Түүнчлэн АНУ-ын Засгийн газар дотоодын газрын ховор элементийн олборлолтыг дэмжих бодлогыг баримталж буй бөгөөд тус улсын газрын ховор элементийн нөөц, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд ашигт малтмалын нөөцөөр баялаг улс орнуудад дипломат болон эдийн засгийн шахалтуудыг үзүүлж эхэлсэн.

ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТ ГЭЖ ЮУ ВЭ?

АНУ-ын Засгийн газар газрын ховор элементийг тус улсын эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд зайлшгүй шаардлагатай шатах түлшний бус ашигт малтмал гэж тодорхойлсон.

Газрын ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээ нь тасалдах өндөр магадлалтай, эмзэг байдаг. Учир нь хязгаарлагдмал нөөц, дотоодын олборлолт, үйлдвэрлэлийн хомсдол болон геополитикийн эрсдлүүдэд өртөмтгий байдалтай шууд холбоотой.

Эдгээр газрын ховор элементүүдийг цахилгаан автомашины үйлдвэрлэл, сансар судлал, өндөр технологи гэх мэт олон төрлийн аж үйлдвэрийн салбарууд, түүнчлэн батлан хамгаалах салбар, цэргийн зэвсэглэлд ашигладаг. Тэдгээр чухал ашигт малтмалуудын хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох газрын ховор элементүүдэд (Rare earth elements) 17 төрлийн метал багтдаг. Газрын ховор элементүүд нь дэлхийн царцдас дээр элбэг байдаг ч төвлөрсөн ордуудад байдаггүй тул олборлолтод ихээхэн хүндрэл учруулдаг.        

АНУ ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТҮҮДИЙГ ХААНААС ИМПОРТОЛДОГ ВЭ?

АНУ-ын Геологийн судалгааны 2025 оны тайланд дурдсанаар БНХАУ зэс, төмөр гэх мэт уул уурхайгаас олборлодог байгалийн гаралтай 21 төрлийн түлшний бус ашигт малтмалаар тус улсын нийт хэрэгцээний 50 гаруй хувийг хангадаг. Харин Канад улс 21 төрлийн газрын ховор элементийг, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ) 11 төрлийн газрын ховор элемент, Бразил улс 10 төрлийн газрын ховор элемент, Япон, Мексик, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс тус бүр 7 нэр төрлийн газрын ховор элементийг АНУ-д нийлүүлдэг. Түүнчлэн судалгааны тоон баримтад дурдсанаар АНУ Засгийн газраас нь нэн чухал ач холбогдолтой хэмээх ангилалд оруулсан 12 ашигт малтмалын импортоос 100 хувь, бусад төрлийн 28 ашигт малтмалын 50 гаруй хувь нь гадаадын импортоос бүрэн хамааралтай байна.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баотоу хот дахь дэлхийн хамгийн том газрын ховор элементийн ил уурхай

Дэлхий нийтийн хэмжээнд БНХАУ газрын ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээнд ноёрхож байна. БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Оронд (ӨМӨЗО) байрлах Баян Овоогийн уурхай нь дэлхийн хамгийн том газрын ховор элементийн орд гэж тооцогддог бөгөөд тус орд нь БНХАУ-ын газрын ховор элементийн олборлолт, аж үйлдвэрийн салбарын тулгын чулуу юм. Уул уурхай, ашигт малтмалын салбарын шинжээчдийн үзэж буйгаар Бээжингийн эрх баригчид олон арван жилийн турш төрийн бодлогоор дамжуулан тус улсын газрын ховор элементийн олборлолт, боловсруулалт, баяжуулах үйлдвэрлэлийн чадавхийг хөгжүүлэхэд Засгийн газрын дэмжлэг үзүүлж ирсэн нь БНХАУ чухал ашигт малтмалын салбарт ноёрхох үндсэн шалтгаан болжээ.

ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН НӨӨЦӨӨР БАЯЛАГ УЛС ОРНУУД

БНХАУ-аас гадна хэд хэдэн улс газрын ховор элементийн ордуудтай. Өмнөд Америкийн Литийн гурвалжин гэж нэрлэгддэг Аргентин, Болив, Чили улсууд нийлээд цахилгаан машин, зай хураагуурын чухал түүхий эд болох литийн 50-60 орчим хувийг эзэмшдэг. Харин Африк тивд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс (БНАКУ) нь кобальт, колтаны нөөцөөр дэлхийд тэргүүлдэг, алт, зэсний томоохон ордуудтай. Түүнчлэн Украин улс ашигт малтмал, байгалийн баялгаар баялаг нөөцтэй.

Украин улс дэлхийн нийт нэн чухал ашигт малтмалын ордуудын 5 орчим хувийг, Европын хамгийн том литийн нөөцийн нэгийг эзэмшдэг. Харин ашигт малтмалын нөөцөөр баялаг улс, бүс нутгуудад Бразил, Канад, Гренланд, Энэтхэг, Индонез, ОХУ, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс болон Замби улс багтдаг. Украин улс ойрын ирээдүйд титан, лити, берилли, манган, галли, уран, циркони, бал чулуу, апатит, флюорит, никель зэрэг газрын ховор металлын гол нийлүүлэгч болох нь тун тодорхой байна. Тус улс нь Европ дахь титаны нөөцөөрөө тэргүүлэгч буюу (дэлхийн нийт нөөцийн 7%)-ийг эзэмшдэг.

Украины төв хэсгийн Кировоград муж дахь ильменитийн ил уурхай

УКРАИН УЛСЫН АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН НӨӨЦ, ОЛБОРЛОЛТЫН ТАЛААР БИД ЮУГ МЭДЭХ ШААРДЛАГАТАЙ ВЭ?

Украины газрын ховор элементүүдийн стратегийн ач холбогдол үнэлж баршгүй өндөр. Эдгээр байгалийн нөөц, баялаг нь тус улсын батлан хамгаалах, өндөр технологи, сансар судлал, ногоон эрчим хүч гэх мэт аж үйлдвэрийн салбарын чухал эх үүсвэр болдог. Украины газрын ховор элементийн нөөц нь ногоон хөгжлийг дэмжин хөгжүүлж буй улс орнуудын анхаарлыг зүй ёсоор татаж байна. Ялангуяа Оросын Холбооны Улс (ОХУ), Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас (БНХАУ) газрын ховор элемент, түүхий эд импортлогч улс орнуудын хувьд хараат байдлаа багасгах зорилготойгоор Украин улстай хамтран ажиллах хүсэл эрмэлзлэлээ илэрхийлж байна.

ОХУ Украин улс руу халдан довтолсон үйл явдал, БНХАУ-АНУ-ын хоорондох стратегийн өрсөлдөөн, Ойрхи Дорнод дахь хурцадмал байдлаас үүдэн дэлхийн газрын ховор элементийн ханган нийлүүлэлтийн сүлжээ эрсдэлд орсон.

Хөгжиж буй ардчилсан улсуудын аж үйлдвэрийн салбарт никель, лити, хөнгөн цагаан гэх мэт түүхий эд нэн чухал шаардлагатай байна. Байгалийн чухал ашигт малтмал, газрын ховор элементийн зах зээл сүүлийн 5 жилд 2 дахин нэмэгдэж 320 гаруй тэрбум доллар болсон. Хэдийгээр ОХУ Украины хоорондох дайн үргэлжилж буй хэдий ч тус улсын байгалийн чухал ашигт малтмал, газрын ховор элементийн олборлолтын хэмжээ өсөн нэмэгдэх магадлалтай байна. Европын Холбооны гишүүн улсуудын хувьд өсөн нэмэгдэж буй өндөр технологийн хөгжил, ногоон эрчим хүчний хөгжилд Украины байгалийн чухал ашигт малтмал, газрын ховор элементийн нөөцийг ашиглах сонирхол буй нь тун тодорхой байна. Тус улсын хувьд 116 төрлийн 20.000 орчим ашигт малтмалын орд газартай. ОХУ Украин руу бүрэн хэмжээний довтолгоог эхлүүлэхээс өмнө тэдгээр ордын 15%, түүний дотор металлын 147, металл бус хүдрийн 4676 ордод олборлолт хийж байсныг онцлох нь зүйтэй.

Эх сурвалж: https://www.cfr.org/article/us-critical-minerals-dilemma-what-know

Үргэлжлэл бий...