“Оюу толгой” компанийг Монгол Улсын Засгийн газар болон олон нийтэд худал мэдээлэл өгч байна гэдэг асуудлыг холбогдох албаны хүмүүс хөнддөг. Тухайн шүүмжлэлийн араас тус компани алдаагаа засаж, залруулга гаргах нь бий.  Саяхан гэхэд “Оюу толгой” ХХК-ийн Монголыг төлөөлөх ТУЗ-ийн гишүүн асан Э.Баясгалан өөрийн цахим хуудсаараа тус компанийн 2026 оны нэгдүгээр улирлын тайлангийн тоо, дүнгүүд буруу байгааг шүүмжилсэн. Тэрбээр “Энэ тоонууд нь “Рио Тинто”-гийн англи хэл дээр гаргасан тайланд зөв тайлагнасан боловч Монголын хэвлэл мэдээлэлд өгсөн дүнгүүд буруу байгаа нь монголчуудыг басамжилж, үл ойшоож байгаагийн тод жишээ” хэмээсэн юм. Түүний энэ шүүмжийн дараа “Оюу толгой” компани тайландаа алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, залруулсан.

Тэгвэл ЗГХЭГ-ийн дэд дарга асан Б.Солонгоо “Рио тинто” хувьцаа эзэмшигчдэдээ худал мэдээлэл өгсөн үндэслэлээр Нью-Йоркын шүүх дээр ялагдсан гэв. Өөрөөр хэлбэл, “Рио Тинто” компанийг худал мэдээлэл өгсөн үндэслэлээр жижиг хувьцаа эзэмшигчид Нью-Йоркын шүүхэд маргаан үүсгэж, 138 сая ам.долларын нөхөн төлбөр гаргуулахаар болжээ.

Тиймээс жижиг хувьцаа эзэмшигчдээс илүү том хувьцаа эзэмшиж байгаагийн хувьд Монгол Улсын Засгийн газар худал мэдээлэл өгсөн “Рио тинто” компаниас нөхөн төлбөр авч, хариуцлага тооцох боломжтой гэдгийг онцолсон юм.

Тэрбээр өгсөн мэдээлэлдээ “Оюу толгой” компани өөрийнхөө үйл ажиллагааны талаар олон нийтэд хэвлэлээр өгсөн мэдээлэлдээ алдаа гаргасан байна гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ алдаагаа залруулж олон нийтээс уучлалт хүссэн байсан. Гэхдээ энэ “Оюу толгой”, “Рио тинто” компанийн анх удаа гаргаж байгаа алдаа биш.
Өмнө нь бид “Оюу толгой” ХХК-ийг  ноцтой асуудлаар Монгол Улсын Засгийн газар болон олон нийтэд алдаатай худал мэдээлэл өгч байсан гэдгийг нотолж байсан. 2020 онд ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байхад төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 2 тэрбум ам.доллароор буюу анх төлөвлөж байснаас орчим 30 хувиар нэмэгдсэн гэсэн үг. Мөн ашиглалтад орох хугацаа 30 сараар хойшилсон байсан. Энэ нь Монгол Улсын төслөөс хүртэх үр өгөөжид сөргөөр нөлөөлж байна. Өнөөдөр үүсээд байгаа өндөр зээлийн асуудал бол “Рио Тинто” компани гүний уурхайгаа хугацаанд нь ашиглалтад оруулж чадаагүй, анх төсөөлсөн зардалдаа багтааж чадаагүйтэй холбоотой. Энэ асуудлыг “Рио Тинто” компани тухайн үед “Энэ бол бидний хяналтаас гадуур байсан. Геологийн нөхцөл байдлаас болсон” гэж тайлбарлаж байв. Бид үүнийг судалж үзэхэд, олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр үүнээс өөр мэдээлэл гарсан байсан. Шүгэл үлээгч Ричард Боули АНУ, Их Британийн зохицуулагч байгууллагуудад гомдол гаргаад “Рио Тинто компани олон нийтийг төөрөгдүүлсэн, худал мэдээлэл өгөөд байна, энэ геотехникийн нөхцөл байдлаас болсон асуудал биш” гэж байв.

Улмаар манай Засгийн газар тухайн шүгэл үлээгчээс мэдээлэл, зөвлөмж авч ажилласан. Тэгээд олон улсын мэргэшсэн, туршлагатай хөндлөнгийн шинжээчид ажиллаад бидэнд дүгнэлтээ танилцуулсан. 2021 оны наймдугаар сард бидний хүлээж авсан дүгнэлтэд “Оюу толгой төсөл дээр 2 тэрбум ам.доллар буюу 7.5 их наяд төгрөгөөр зардал хэтэрсэн нь “Рио Тинто” компанийн менежментийн алдаанаас болсон. Энэ бол худалдан авах ажиллагааны удирдлагын буруутай шийдвэрээс болсон” гэсэн дүгнэлт гарч байв. Тэгэхээр хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт “Рио Тинто” компанийн бидэнд өгсөн мэдээллийг няцаасан гэсэн үг. Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт дээр үндэслэж, санхүүгийн аудит хийх зөвлөмжийг өгсөн. Гэвч өнөөдрийг болтол энэ санхүүгийн аудитыг хийгээгүй байна.
Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлттэй холбогдуулж тухайн үедээ “Рио Тинто” компани албан ёсны тайлбар өгөөгүй. “Монгол ажилтнууд олноор ажиллаж байгаа учир бидний зардал хэтэрсэн” гэдэг ойлгомжгүй тайлбар өгч байсан.
Тэгвэл бидэнтэй яг адилхан асуудлаар буюу гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн, хугацаа хойшилсон асуудлаар шаардлага тавьж байсан жижиг хувьцаа эзэмшигчид тус компанийг хөрөнгө оруулагчдад худал мэдээлэл өгсөн, төөрөгдүүлсэн гэх асуудлаар Нью-Йоркийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Дөрвөн жилийн хугацаанд шүүхийн маргаан үргэлжилсний эцэст 2025 оны аравдугаар сард “Рио Тинто” компанийг Нью-Йоркын шүүхэд маргаан үүсгэсэн жижиг хувьцаа эзэмшигчдэдээ 138 сая ам.долларын нөхөн төлбөр өгөхөөр тохирсон.

Нэг үгээр “Рио Тинто” компани худал мэдээлэл өгсөн, төөрөгдүүлсэн үндэслэлээр 138 сая ам.доллар төлөхийг зөвшөөрчээ. Үүнийг Нью-Йоркын шүүх баталгаажуулсан байна.


Бидний хувьд жижиг хувьцаа эзэмшигчдийн адилаар нөхөн төлбөр авах шаардлагыг “Рио Тинто” компанид тавих хэрэгтэй. Үүнээс гадна Засгийн газрын ажлын хэсэг санхүүгийн аудит оруулах шаардлага тавиасай.

Тэгвэл бид жижиг хувьцаа эзэмшигчдээс илүү их хувьцаа эзэмшиж байгаагийн хувьд “Оюу толгой” төслийн үйл ажиллагааг хангалттай сайн удирдаж чадаагүй, Засгийн газарт худал мэдээлэл өгсөн “Рио Тинто” компанид хариуцлага тооцох боломжтой.

Цаашид тус компанийг үнэн зөв, бодит мэдээлэл өгөх шаардлагыг тавих ёстой юм” гэлээ.