Боловсролын зээлийн сангийн "хулгай" нийгэмд дуулиан тариад 3-4 жил өнгөрлөө. Тухайн үед өнөөгийн УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, БЗС-гийн Ажлын албаны дарга О.Сийлэгмаа нар олны анхааралд оруулж шүгэл үлээж байв. Гэвч татвар төлөгчдийн мөнгийг боловсролдоо зарцуулсан хүмүүсийн төрийн дансанд тушаах ёстой 360 гаруй тэрбум төгрөгийн асуудал сөхөгдсөн ч өнөө хэр нь хангалттай төлөгдөөгүй байна. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн хэдэн зуун саяар гадаадын өндөр төлбөртэй сургуульд суралцаад түүнийгээ буцааж төлөөгүй эсвэл тэглүүлчихдэг хүмүүсийн дунд төрийн өндөр албан тушаалтан, тэдний хамаарал бүхий хүмүүс, олны танил эрхмүүд цөөнгүй байгаа юм.
Боловсролын зээлийн сангийн булхай дэгдээд гурван жил болж байгаа ч өнөөг хүртэл зээлээ төлөөгүй, хууль бусаар тэглүүлсэн, эсвэл хэдэн арван сая төгрөгийн хүүгээ төлөөгүй хүмүүс олон бий. Бид эхний ээлжинд Боловсролын зээлээ огт төлөөгүй байгаа улстөрчид болон тэдний хамаарал бүхий хүмүүсийн мэдээллийг хүргэж байна.
Өнөөг хүртэл боловсролын зээлээ төлөөгүй улстөрчид дунд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин бий. Түүний дүү Х.Хулан 2014-2017 оны хооронд суралцсан 172 сая төгрөгийн зээлээ төлөөгүй байна. Мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн Д.Долзодмаа 2012-2016 онд суралцсан 686 сая төгрөг, УИХ-ын гишүүн Б.Хэрлэн 2008-2011 оны хооронд суралцсан 172 сая, УИХ-ын гишүүн Б.Жангабылын Ж.Жамбол 2014-2018 онд суралцсан 354 сая, УИХ-ын гишүүн Д.Энхтуяагийн охин Э.Биндэрьяа 2018-2022 оны хооронд суралцсан 251 сая төгрөгийн зээлээ төлөөгүй байгаа юм.
Харин өмнөх жилүүдэд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүмүүсээс Г.Ганболдын Г.Уянга 2017-2021 оны хооронд суралцсан 282 сая, Б.Ундармаагийн хүүхэд А.Чинсанаа 2017-2021 оны хооронд суралцсан 498 сая, Ш.Раднаасэдийн Р.Сийлэн 2014-2018 оны хооронд суралцсан 594 сая, Д.Муратын М.Мунара 2006-2008 онд, мөн Термилан нар нийлээд 306 сая, О.Батнасангийн Б.Буянжаргал 2017-2020 онд суралцсан 413 сая, Ш.Адьшаагийн А.Биндэрьяа 2016-2020 онд суралцсан 365 сая төгрөгөө төлөөгүй байна. Эдгээр хүмүүс өөрөө болон хамаарал бүхий хүмүүсээрэ зээлээ төлүүлчих юм бол БЗС, улсын төсөвт дөрвөн тэрбум төгрөг төвлөрч тэр хэрээр дараа дараагийн суралцагчдын боловсролд зарцуулах боломж нээгдэх юм.
Бид цувралаар үргэлжлүүлэн хөндөх болно.















