УИХ-ын сонгуулиар ХҮН-ын Хариуцлагын ерөнхий хорооны даргаар ажилласан А.Дөлгөөн намаас гаргах өргөдлөө өгчээ. Тэрбээр Зөв хүн электрот эвслээс Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн юм.
Намаас гарах болсон шалтгаанаа “ХҮН намын удирдлагын өнөөгийн байр суурь, хандлага, ажиллаж буй арга барил, гаргаж буй шийдвэрүүдийг цаашид хүлээн зөвшөөрөх боломжгүй тул миний бие ХҮН намаас гарч байгаагаа үүгээр мэдэгдэж байна. Улс төрийн намд элсэх, намаас гарах гэдэг бол миний хувьд маш хариуцлагатай шийдвэр байв.
Улс орныг үзэл санаатай, зарчимтай, үнэт зүйлсээ хамгаалдаг, чигч, тулхтай, хоёр нүүргүй лидерүүд удирдсан цагт улс орон өөдөлнө гэдэгт би хатуу итгэдэг. Ийм шинж чанартай лидерүүдийг төрүүлэх хөрс ХҮН намд байхгүй, байлгах ч үгүй гэдгийг арван жил явсны эцэст мэдэрлээ. Учир нь нэг хүний компани шиг нам хэзээ ч дотоод ардчилалтай байж, мерит зарчимтай инстүүц болж ажиллах боломжгүй юм байна.
Ийм нам нь намын даргад ихээхэн эрх мэдлийг төвлөрүүлсэн дүрэм батлуулдаг учраас нэг хүний дарангуйлал тогтох нөхцлийг бүрдүүлдэг ажээ. Дотоод ардчилалгүй нам яван явсаар дарангуйлагчид төрүүлдэг нь зүй тогтол юм. ХҮН намын өнөөгийн энэ байдал, дээрх алдаа дутагдалд хувьдаа хариуцлага хүлээн, цаашид хариуцлага тооцох чадамжгүй Хариуцлагын ерөнхий хорооны даргаар ажиллах шаардлагагүй гэж өөрийгөө үзлээ.
ХҮН намын удирдлагын сүүлийн үеийн мэдэгдлүүд намын олон зуун гишүүд дэмжигчдийн хүсэл зориг байж чадахгүй гэдэгт эргэлзэхгүй байна. Намын дарга нь хамтарсан засагт заавал орох ёстой хэмээн амь тэмцэн хашгирах нь нийт гишүүд дэмжигчдээ эвгүй байдалд оруулж байгааг харах ичгүүртэй байна.
Түүнчлэн ХҮН намд эрүүл шүүмжлэл хэлсэн хүнийг намын дайсан мэт хүлээж авах, хувь хүмүүс хоорондын асуудал мэт харах, сүүлдээ бүр гүтгэн доромжлох гэхчлэн эрүүл бус соёл тогтсон зэрэг нь цаашид энэ намын гишүүн байх хүсэл зоригийг үгүй хийж байна. Энд хүрээд итгэл бөхөв.
Эцэст нь хамт зүтгэж асан намын журмын нөхөддөө хандан хэлэхэд үнэхээр төр түшилцэх гэж буй бол зөвхөн хувийн эрх ашгийн үүднээс асуудалд хандаж даргад зусардах бус, алив манипуляцид авталгүй үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, үнэт зүйлстэй, зарчимтай байж, намаа аврахыг захья! Чингэж гэмээ нь энэ хүртэл зүтгэж ирсэн замналын минь үнэ цэн тэр болог!
Бүгдэд улс төрийн карьерт нь амжилт хүсье!
Жич: Намын Их хуралд өргөдөл гаргаж, тамгаа гардуулан өгөх хүсэлтэй байсан хэдий ч өвөл хуралдах Их хурлыг хүлээж эс чадахын учир даруй өөрийн биеэр очиж, хүлээлгэн өгнө” гэжээ.
