Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийж буй. Тэрбээр нөхөр Симеон Бэкэтт нар “Чингис хаан” үндэсний музейд зочилж, Монголын хэвлэл мэдээллийнхэнд товч мэдээлэл өгч, цөөн асуултад хариулсан юм. Амбан захирагч Саманта Мостин мэдээллийнхээ үеэр “Монголчууд эх орноо “мөнх тэнгэрийн орон” гэдэг бол австраличууд “агуу их тэнгэрийн орон” хэмээдэг”. Бидэнд ижил, төстэй олон зүйл бий. Эртний соёлд үндэслэж, орчин үеийн улс үндэстнийг бий болгож буй эрмэлзэл нь ч адилхан байна. Миний өмнөх Амбан захирагч нар “Амбан захирагчийн үүрэг бол австрали хүмүүсийг өөрсдөд нь харуулах тусгал байдаг юм” хэмээн захиж ирсэн. Гадаад улсад айлчилж буй Амбан захирагчийн хувьд Австралийн найз, нөхөр болсон улс орны аж байдлыг тусган очиж иргэддээ дамжуулах үүрэгтэй гэж бодож байна. Энэ удаагийн айлчлалаар харсан, сонссон бүхнээ австраличуудад хүргэх болно” гээд айлчлалын зохион байгуулалттай холбоотойгоор замын хөдөлгөөнийг саатуулж, өдөр тутмын амьдралд саад учруулсандаа хүлцэл өчив.

Мөн эрдэс, баялаг уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтын тогтвортой орчин чухал гэдгийг нэг бус удаа онцолж, “Гэр бүлийнхээ хамт Монгол Улсад дахин ирнэ. “Мянга сонсохоор нэг үз” гэдэг. Монгол Улсад ирээрэй гэж австраличууддаа уриалах болно. Монголын гайхамшигт нутаг, соёлыг нь бахархаж мөнгөө зарцуулаарай гэж иргэддээ хэлмээр байна” гэлээ.  

-Айлчлалынхаа хүрээнд та Австралийн зарим төсөл, хөтөлбөртэй биечлэн танилцсан. Тэдгээрийн үр дүнгийн тухайд та юу хэлэх вэ?

-Хоёр орны хооронд найрсаг, дотно харилцаа байгаа бол тэр нь яах аргагүй түншлэлд хүргэж, сайн үр дүн гаргадаг юм байна. Үүнийг хамгийн тодорхой харуулах жишээ бол ур чадварын хөгжил. Австраличууд монгол ажилтнуудад ур чадвар дамжуулж, тэднийг хөгжүүлснээр монгол залуучууд дэлхийн бусад улс оронд ч ажиллаж чадахаар болсон байна. Хөрөнгө оруулагчийн хувьд үүгээр үнэхээр бахархлаа.

Мөн Австралийн зүгээс цаашид боловсролын салбар, тэр дундаа англи хэлний багш нарын дэмжлэгийг авчирхад анхаарах болно. Бас монгол эмэгтэйчүүдийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, бие даасан байдлыг сайжруулахад анхаарал хандуулдаг нь айлчлалын үеэр анзаарагдлаа. Тухайлбал, “Оюутолгой”-д нийт ажиллагсдын 25 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь Монгол Улс, төдийгүй дэлхийн дахинд маш чухал мэссэж өгөх үзүүлэлт юм. Эмэгтэйчүүд ажиллахад амаргүй гэдэг уул уурхайн салбарт тэд олноороо байгаа нь сайн жишиг гэж бодож байна. Түүнчлэн эмэгтэйчүүд уур амьсгалын өөрчлөлтийг сөрөн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх төсөлтэй танилцсан. Ээж хүн орон нутагтаа манлайлан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг гэртээ нарны хавтан байрлуулан, цэвэр эрчим хүч ашиглаж байгааг харах гайхалтай байлаа. Энэ бүхнийг Австралидаа танилцуулснаар манай хоёр орны харилцааны шинэ хуудсыг нээнэ гэж найдаж байна.

-Эмэгтэйчүүдтэй холбоотой асуулт тавья. Манай улсад сүүлийн жилүүдэд жендерийн эрх тэгш байдлыг хангах, тухайлбал, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар идэвхтэй ярих болсон. Өндөр албан тушаал хашиж буй эмэгтэй хүний хувьд та энэ талаарх байр сууриа хуваалцахгүй юу?

-Монгол Улс Австралитай адил жендерийн эрх тэгш байдалд анхаарч байгааг нь анзаарлаа. Би Австралийн хоёр дахь эмэгтэй Амбан захирагч. Манайд 28 Амбан захирагч байсан гэвэл хүйсийн харьцаа ямар байгааг тод харж болно. Айлчлалын үеэр Монголын олон эмэгтэй удирдагч, манлайлагч нартай уулзлаа. Манай улс жендерийн эрх тэгш байдлыг хангахын тулд хүйсийн ялгаваргүйгээр ижил цалин олгох, хүндэтгэлтэй харилцах, удирдлагын шатанд ажиллах боломж олгох гэх мэт чиглэлээр ажиллаж байгаа. Эмэгтэй хүнд эрх мэдэл өгч, хөгжүүлнэ гэдэг нь эрчүүдэд халдана гэсэн үг огт биш. Хүйсээр нь ялгаварлалгүй бүгдэд нь ижил, тэгш боломж олгож, бие биенээ хайрлах, эх оронч сэтгэлээр хамтдаа амьдралаа өөд нь татахыг хэлж байгаа юм.