Өнөөдрөөс яг 24 хоногийн өмнө буюу есдүгээр сарын 30-нд Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарыг чөлөөлж буйгаа зарлав. Тэрбээр ард түмэндээ хандаж байна хэмээхдээ, нүүрсний хулгайн тэмцлийг үргэлжлүүлэхийн тулд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байна гэснээс биш өнөөгийн сайд Л.Мөнхбаатарыг ямар үндэслэлээр чөлөөлж эсвэл хариуцлага тооцож буйгаа хэлээгүй өдий хүрлээ.
Гэвч өнөөгийн байдлаар Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд өмнөх сайдыг чөлөөлсөн ч оронд нь томилсон танхимын гишүүнээ УИХ-д танилцуулж чадсангүй.
Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд томилгоогоо Ерөнхийлөгчид уламжилж, парламентад танилцуулах процесстой. Харин одоогоор ХЗДХ-ийн сайдаар томилсон Б.Энхбаярыг УИХ-ын чуулганд танилцуулах товыг тогтоогоогүй байна.
Ийн нөгөө талд өмнөх сайд Л.Мөнхбаатар нэгэнт чөлөөлөгдсөн болохоор тэр үү Засгийн газрын хуралдаан болон салбарын арга хэмжээндээ төдийлөн харагдсангүй. Өнгөрсөн 20 гаруй хоногийн хугацаанд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар энд тэнд арга хэмжээг нээж үг хэлж сайдаа төлөөлж явна.
Түүнчлэн уржигдарын буюу лхагва гарагийн Засгийн газрын хуралд Л.Мөнхбаатар сайд оролцоогүйг дараах зурагнаас харж болно. Түүнээс өмнө ч засгийн танхимд түүний суудал эзгүй байв.

Ийн цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр, улсын бүртгэл, архив, шүүх шинжилгээ, гадаадын иргэн харьяат, ДХИС, хууль зүйн хүрээлэн, ТТАХНЭ зэрэг Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа 11 агентлаг нэгдсэн удирдлагагүй, тарамдсан, хүлээлтийн байдалтай тодорхойгүй нөхцөлд бүтэн сар болох нь.
Энэ долоо хоногийн Их хурлын чуулганаар дараагийн сайдын томилгоог лав хэлэлцэхээргүй боллоо. Ирэх долоо хоногт хэрхэхийг таашгүй. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл даваа гарагт хэлэлцэх асуудлын товыг зарладаг. Эндээс харвал, ирэх долоо хоногт товлоод пүрэв, баасан гарагийн чуулганаар хэлэлцлээ гэхэд хуулийн салбар сайдгүй, “тамгагүй”, хүлээлтийн байдалтай 30 хонох нь тодорхой боллоо.

Дашрамд дурьдахад, Л.Мөнхбаатар сайд хэвлэлд ярихдаа “Би Г.Занданшатар даргатай олон жил хамтран ажилласан. Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг би тэр мэдэгдлээс л мэдсэн. Өглөө нь Ерөнхий сайд бид хоёр таарсан. Тухайн өдөр Хууль зүйн байнгын хороогоор манай салбарын төсөв орж, дэмжигдсэн. Ерөнхий сайд намайг маш сайн байна гээд бид хоёр гар бариад салсан. Тэгээд өдөр нь тийм мэдэгдэл хийсэн. Танхимын гишүүнээ томилж, чөлөөлөх нь Ерөнхий сайдын бүрэн эрх. Гэхдээ энэ шийдвэрийг гаргахдаа надтай яриад хэлэх ёстой. Энэ бол хувь хүний биш төрийн харилцаа. Тиймээс Засгийн газрын гишүүнтэй холбоотой асуудлыг өөрт нь танилцуулаад шийддэг байх нь зөв. Хувь хүнийхээ хувьд ч бид гэмгүй явж ирсэн. Эр хүмүүс эргээд уулзах нүүртэй, дахиад давах даваатай л явж байвал зүгээр гэж боддог. Тиймээс хүнийхээ хувьд ч хударгагүй зүйл боллоо гэж үзэж байгаа.
Нүүрсний хэргийг шалгуулах зорилгоор энэ томилгоог хийж байна гэж хэлсэн. Би Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй, хэрэг ярихгүй гэдэг зарчмын байр сууриа хэлсэн. Хууль нь ч ийм юм.
Миний энэ зарчим Ерөнхий сайд Г.Занданшатарын улс төрийн үйл ажиллагаанд саад болсон юм байна гэж ойлгож байгаа. Тиймээс ч намайг чөлөөлсөн гэж үзэж байна.
Ерөнхий сайд шударга ёсыг хүсэж байгаа бол хуулийн байгууллагуудыг хараат бус ажиллах нөхцөлөөр хангах ёстой. Популизм бол шийдэл биш. Хууль л шийдэл юм. Ер нь намын даргын өрсөлдөөнөөс болоод ийм асуудал үүссэн. Улстөрчид улс төрийн зодооны талбараа хуулийн байгууллагуудыг болгож болохгүй. Хуулийн байгууллагууд улстөрчдийн зодооны талбар болбол шударга ёс үгүй болно” гэсэн байр суурийг илэрхийлсэн.















