АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп үүрэгт ажилдаа орсныхоо дараа Гренланд арлыг худалдаж авах тухай хэлсэн нь шуугиан дэгдээж, Дани болон Гренландын эрх баригчид энэ санаачилгыг эрс эсэргүүцсэн билээ. Д.Трамп Гренландыг авах санаачилгаа, чөлөөт ертөнцийг хамгаалах нийтлэг зорилт болон АНУ-ын үндэсний аюулгүй байдалд уг арал амин чухал хэмээн үзэж байгаагаар тайлбарласан юм. Хариуд нь арлын эрх баригчид “Гренланд бол нэг нь зарж, нөгөө нь авч байдаг эд биш” хэмээн мэдэгдсэн билээ. Саяхнаас Гренланд дэлхий нийтийн анхаарлын төвд дахин орж ирлээ. АНУ-ын "нэгтгэх" талаарх хэлэлцүүлэг Европын орнуудад ихээхэн хурцадмал байдал үүсгэсэн. Хэрэв АНУ Гренландыг "эзэмшихгүй" бол Орос эсвэл Хятад үүнийг хийх болно гэж Трамп мэдэгдэв. Дэлхийн эдийн засгийн форумын үед талуудын хэлэлцээрүүд явагдсаар Гренланд аралд АНУ өөрийн нөлөөллөө нэмэгдүүлж өнөөгийн Туле дахь агаарын цэргийн баазаа өргөжүүлж, эрдэс баялгийн нөөцийг ашиглах, томоохон стратегийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх тохиролцоонд хүрч байгаа бололтой. Харин Дани улсын тус арал дахь эзэмшил бүрэн эрхт байдлыг хөндөлгүй үлдээх бололтой байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын ноцтой хэмжээнд гэж хэлээд буй Хятад-Гренландын харилцаа хамтын ажиллагаа ямар түвшинд буйг судлан үзэхийг хичээв.
Хятад-Гренландын албан ёсны харилцааны түүх тийм ч эртнийх биш бололтой. Харин Хятадын эртний сурвалж болох *Ёнле нэвтэрхий толь бичиг*-ын "Гаднын хүмүүсийн тэмдэглэл: "Цуйшань арал нь Хойд тэнгисийн төгсгөлд, Ляодунгаас 42 хоногийн далайн аялал" гэж тэмдэглэсэн бүдэг газрын зураг багтсан бөгөөд түүний тойм нь орчин үеийн Гренландынхтай гайхалтай төстэй юм. Газрын зургийн хажуу талд жижиг тэмдэглэл дээр: " Тэндхийн газар нутаг нь "зуны улиралд нар жаргадаггүй, өвлийн улиралд шөнө хэзээ ч үүрлэдэггүй" газар бөгөөд үнэхээр тэнгэр, газрын гайхалтай газар юм." гэж бичсэн байдаг.
Гэхдээ 20-р зууны сүүлч хүртэл Хятадад Гренланд ардын тухай мэдээлэл маш хомс байв.
Хятад-Гренландын хоорондох албан ёсны, шинжлэх ухаан, худалдааны харилцаа харьцангуй шинэ түүхтэй боловч иргэд хувийн шугамаар харилцан зорчсон, бие даасан хайгуул эсвэл загасчлалын үйл ажиллагаа үүнээс өмнө болсон байж магадгүй юм. Гренланд (Дани улсын өөртөө засах нутаг) нь 2009 оноос өөртөө засах эрхтэй нээлттэй байдлыг олж аван ялангуяа Арктикийн зөвлөлийн хөгжлийн хүрээнд олон улсын анхааралд орж эдийн засаг нь идэвхжиж иржээ.
Сүүлийн жилүүдэд Хятадын Арктикийн судалгааны үйл ажиллагаа нэмэгдэж, Гренландын ашигт малтмалын нөөцөд сонирхол нэмэгдэж байгаатай холбогдуулан хятадын эрдэмтэд, судлаачид, сэтгүүлчид, бизнес эрхлэгчид Гренландад цөөнгүй ажиллаж амьдрах болжээ.
2012 оны 4-р сард тухайн үеийн БНХАУ-ын Газар, баялгийн яамны сайд Шюй Шаоши Гренландад зочилсон нь Хятад болон Данийн өөртөө засах нутаг дэвсгэрийн хоорондын хоёр талын харилцааны хөгжилд чухал үйл явдал болсон юм. 2018 онд БНХАУ-аас Данийн Вант улсад суугаа Элчин сайд Дэн Ин Гренланд аралд айлчилж, Гренландын Өөртөө Засах Засгийн газрын албан тушаалтнуудтай уулзан хоёр тал хамтын ажиллагааг бэхжүүлэх, бодит харилцаагаа гүнзгийрүүлэх боломжийг ашиглах талаар найрсаг яриа хэлэлцээ хийсэн. 2017 оны 10-р сарын 31-нд Хятад дахь Данийн Элчин сайдын яаманд "Гренландын өдөр" арга хэмжээ болов. Хятад дахь Данийн Элчин сайд Георг Сторе, Гренландын Ерөнхий сайд Гейрсен болон бусад албан ёсны төлөөлөгчид, мөн Гренландын бизнесийн олон төлөөлөгчид уг арга хэмжээнд оролцжээ. Арга хэмжээний үеэр оролцогчдын тэрээр Global Times-ийн сурвалжлагчид "Бид Хятадын компаниудыг Гренландад хөрөнгө оруулахыг халуун дотноор хүлээн авч байна" болон "Бид мөн Хятадын жуулчдыг Гренландад зочлохыг урьж байна" гэж мэдэгдэж байжээ.
ХЯТАДЫН КОМПАНИУД ГРЕНЛАНДАД ХЭР ИХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙСЭН БЭ?
Гренландад Хятадын хөрөнгө оруулалтын тодорхой хэмжээний талаар албан ёсоор гаргасан, нарийн статистик мэдээлэл одоогоор алга байна. Энэ нь голчлон хөрөнгө оруулалтын хэмжээ хязгаарлагдмал, төслүүдийн тасалдал, худалдааны нууц эсвэл геополитикийн хямралтай холбоотой бөгөөд холбогдох мэдээллийг нууцалдагтай холбоотой юм. Гэсэн хэдий ч олон нийтэд нээлттэй мэдээлэл,судлаачдын дүгнэлтэд үндэслэн дараах зүйлийг нэгтгэн дүгнэж болно.
Хятадын компаниуд Гренландын төмрийн хүдэр болон ховор металлын нөөцөд сонирхолтой байгаагаа илэрхийлсээр ирсэн. Жишээлбэл, General Nice Group 2010-аад оны эхээр Исуа төмрийн хүдрийн төсөлд хөрөнгө оруулахаар төлөвлөж байсан бөгөөд анхны хөрөнгө оруулалт нь ойролцоогоор 2 тэрбум ам.доллар байхаар тооцоолсон. Гэсэн хэдий ч төмрийн хүдрийн үнэ буурсан, байгаль орчны зөвшөөрөл, санхүүжилтийн асуудлаас болж төсөл урагшилж чадаагүй бөгөөд татан буугдсан.
Хятадын Shenghe Resources компани нь ховор металл, ураны төслийг хөгжүүлэхийн тулд "Greenland Minerals and Energy" компанитай хамтран ажиллаж эхэлсэн. Jiangxi Copper, Jiangxi Mining Union, China Nordic Mining болон China Nonferrous Metal Co. Ltd зэрэг Хятадын компаниуд хамаарал бүхий салбаруудаараа дамжуулан Иллокортормиутад алтны хайгуулын салбарт хөрөнгө оруулалт хийжээ.
Бусад ховор металлын хайгуулын төслүүд (жишээлбэл, Коване булан) урьдчилсан судалгаанд Хятадын хөрөнгө оруулалт оролцсон боловч томоохон хэмжээний хөрөнгө оруулалтын шатанд хүрээгүй байна.
ДЭД БҮТЭЦ БА ЭРЧИМ ХҮЧ
Хятадын компаниуд Гренландын дэд бүтэц (боомт, нисэх онгоцны буудал) болон эрчим хүчний төслүүдэд тендерт оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн боловч орон нутгийн бодлого (ЕХ/Нордын нийлүүлэгчдэд тэргүүлэх ач холбогдол өгдөг) болон геополитикийн дарамт шахалт (АНУ, Данийн оролцоо)-аас шалтгаалан маш цөөхөн төсөл бодитоор хэрэгжиж, хөрөнгө оруулалтын хэмжээ маш бага байна.
ШИНЖЛЭХ УХААНЫ СУДАЛГАА БА АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
Хятадын туйлын судалгааны байгууллагууд Гренландад хамтран ажиглалтын станцуудтай бөгөөд эдгээр нь арилжааны хөрөнгө оруулалт биш, судалгааны хөрөнгө оруулалт юм. Аялал жуулчлалтай холбоотой хөрөнгө оруулалт нь хааяа хийгддэг бөгөөд жижиг хэмжээний (жишээлбэл, аялал жуулчлалын агентлагуудтай хамтран ажиллах) бөгөөд олон нийтэд нээлттэй мэдээлэл ховор байна.
ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ
2024 оны байдлаар Хятад, Гренландын худалдааны эргэлт 383 сая ам.доллар болжээ. Хятад улс Гренландаас 377 сая ам.доллар импортолж, Гренланд руу 6.2258 сая ам.доллар экспортолсноор худалдааны алдагдал ойролцоогоор 371 сая ам.доллар болжээ. Ерөнхийдөө Хятадын Гренландаас импортолсон бараа нь экспортоосоо хамаагүй давсан бөгөөд худалдаа нь голчлон ашигт малтмалын бүтээгдэхүүн зэрэг салбарт төвлөрсөн байна.
ГОЛ ХЯЗГААРЛАЛТУУД
Гренландын бодлогын хязгаарлалт: Орон нутгийн хуулиар байгалийн нөөцийн төслүүдийг Гренландын компаниудтай заавал хамтран хэрэгжүүлэхийг шаарддаг бөгөөд байгаль орчны стандартууд маш өндөр мөн уран олборлохыг хориглодог.
Геополитикийн хязгаарлалт: 2019 онд Арктикийн стратегийг хэрэгжүүлж эхэлсний дараа АНУ-ын зүгээс Хятадын Гренланд дахь "стратегийн хөрөнгө оруулалт"-ыг илт эсэргүүцсэн бөгөөд Данийн засгийн газар Гренланд дахь гадаадын хөрөнгө оруулалтыг хянах ажлаа чангатгаж эхэлсэн.
Бусад нөхцөл: Гренланд нь сул дэд бүтэцтэй, байгаль цаг уурын онцгой хүндрэлтэй, үйл ажиллагааны зардал маш өндөр, бизнесийн эрсдэл ихтэй гэж үздэг
ТӨСЛҮҮД
General Nice Groupийн Жун Ан төмрийн уурхайн төсөл: Уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөл авч, төмрийн хүдрийн уурхай хөгжүүлэхээр төлөвлөж байсан ч Гренландын засгийн газар идэвхгүй байдал, барьцаа төлбөрөө төлөөгүй зэргийн улмаас 2021 онд тусгай зөвшөөрлийг нь цуцалсан.
Нисэх онгоцны буудлын төсөл: 2018 онд Хятадын төрийн өмчит банк, барилгын компани нисэх онгоцны буудал барих, санхүүжилт олгох төлөвлөгөөг санал болгосон боловч Данийн засгийн газар уг саналыг зөвшөөрөөгүй.
Ховор металлын уурхай: Хятадын хэсэгчлэн хөрөнгө оруулалттай Куаннерсуит ховор металлын уурхайн төсөл нь Гренландын засгийн газрын уран олборлохыг хориглох бодлогын улмаас хөгжлийн саад бэрхшээлтэй тулгарч байна.
Хятадын төрийн газрын тос, уул уурхайн компаниуд хайгуул, нөөцийн урьдчилсан судалгаа хийж байсан.
Huawei харилцаа холбооны тоног төхөөрөмж нийлүүлж, харилцаа холбооны холбогдолтой үйл ажиллагаанд оролцсон.
China Communications Construction Company болон бусад гүйцэтгэгчид дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх санаачилга гаргаж байсан.
Одоогоор Гренландын гадаадын оршин суугчдын дунд цөөн тооны Хятад иргэд байдаг. Сүүлийн жилүүдэд Гренландад 80 орчим Хятад иргэн амьдарч байгаа нь бүртгэгдсэн байна.
Гренландад олон гадаадын иргэд загасчлах, далайн хоол боловсруулах болон үүнтэй төстэй салбарт ажилладаг бөгөөд зарим Хятад оршин суугчид цагаач ажилчид байжээ.Филиппин эсвэл Тайландаас ирсэн цагаачидтай харьцуулахад Гренландад амьдардаг Хятадын хүн ам харьцангуй цөөн байна.
ХЯТАДААС ГРЕНЛАНДАД ЗОЧЛОХ
БНХАУ-ын иргэд Гренландад (аялал жуулчлал эсвэл богино хугацааны аялал жуулчлалын зорилгоор) зочлохыг хүсвэл Данийн элчин сайдын яамнаас виз авах шаардлагатай.
2021 онд Гренланд улс Бээжинд төлөөлөгчийн газраа нээсэн нь хоёр талын эдийн засаг худалдаа, аялал жуулчлал, соёлын харилцааг өргөжүүлэх зорилготой юм.
ДИПЛОМАТ БАЙР СУУРЬ
БНХАУ нь Гренланд дахь Дани улсын бүрэн өмчлөл Данн улсын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэдэг гэдгээ үргэлж албан ёсоор нотолсоор ирсэн. Бээжин хоёр талын харилцан хүндэтгэл, олон улсын эрх зүйн тогтвортой байдалд суурилсан Арктикийн асуудлаарх хамтын ажиллагааг онцлон анхаарсаар ирсэн.
ЭДИЙН ЗАСАГ, ХУДАЛДААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГАА
Хятад улс бол Гренландын далайн гаралтай бүтээгдэхүүн, ялангуяа загас, сам хорхойн гол зах зээл бөгөөд энэ нь Гренландын гол экспортын нэг юм. Гренландын засгийн газар зах зээл, хөрөнгө оруулалтыг төрөлжүүлэхийн тулд Хятадтай эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэхийг дэмжиж байна.
АРКТИКИЙН ГЕОПОЛИТИК БА ХЯТАД
Хятад улс Арктикийн зөвлөлийн ажиглагч бөгөөд үүнийгээ "Арктикийн асуудалд чухал оролцогч тал" гэж тодорхойлдог. БНХАУ-ын Арктикийн өргөн хүрээтэй ашиг сонирхол нь Арктикийн шинэ тээврийн зам, эдийн засгийн холбоог хөгжүүлэх зорилготой "Хойд туйлын торгоны зам" концепцтой холбоотой юм. Мөн Гренландын газар зүйн байршил, байгалийн асар их нөөц зэрэг нь стратегийн хувьд анхаарал татсан бүс нутаг болоод байна.
СҮҮЛИЙН ҮЕИЙН ГЕОПОЛИТИКИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ
Сүүлийн үед Гренландын талаарх олон улсын анхаарлыг АНУ-ын улс төрийн мэдэгдлүүд өдөөж, энэ нь Орос болон Хятадын Арктикийн үүргийн талаар дэлхий нийтийн шүүмжлэлд хүргэсэн. Хятадын албан тушаалтнууд сүүлийн жилүүдэд, ялангуяа Хятад-Гренланд болон Хятад-Дани улсуудын өргөн хүрээтэй хамтын ажиллагааны хүрээнд Гренландад айлчилсан.
Хятадын Европын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгчийн айлчлал
2024 оны 10-р сард БНХАУ-ын Европын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Ү Хунбо Гренландад (Дани улсын Вант улсын нэг хэсэг) айлчилсан. Энэхүү айлчлалын үеэр тэрээр Гренландын Ерөнхий сайд Муте Б.Эгедетэй уулзаж, эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, соёлын хамтын ажиллагааны талаар ярилцаж мөн Гренландын далайн гаралтай бүтээгдэхүүний компаниудаар зочилсон нь Гренландын хувьд Хятад нь экспортын гол зах зээл болсныг харуулж байна.
Гадаад хэргийн дэд сайд нарын уулзалт
2023 оны 10-р сард Хятадын Гадаад хэргийн дэд сайд Дэн Ли Гренландын ГХ-ны сайд Вивиан Мотцфельдттэй Хятадад хийсэн айлчлалынх нь үед уулзсан. Тэд худалдаа, аялал жуулчлал, Арктикийн асуудлаар хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцээ хийсэн. Эдгээр уулзалтууд нь Хятад, Гренландын эрх баригчдын хооронд албан ёсны яриа хэлэлцээ үргэлжилж байгааг харуулж байна.
Хятадын дипломат байр суурь ба стратегийн үр ашиг
Хятад улс Гренландын талаарх Данийн бүрэн эрхийг хүндэтгэж байгаагаа үргэлж нотолсоор ирсэн бөгөөд Арктикийн бүс нутагт өрсөлдөөний оронд хамтын ажиллагааг онцолдог .
Байгалийн нөөцийг хамтран ашиглах боломж
Гренланд нь орчин үеийн технологи, үйлдвэрлэлийн стратегийн ач холбогдолтой ашигт малтмалаар баялаг газрын ховор элементүүд болон чухал ашигт малтмал (ухаалаг утас, батарей, салхин турбин, батлан хамгаалах технологид ашигладаг) арал дээр элбэг байдаг. Хятад улс өндөр технологи, цэргийн салбарт чухал ач холбогдолтой эдгээр нөөцийг хамтран ашиглах уул уурхайн төслүүдэд хөрөнгө оруулалт хийж, түншлэх сонирхолтой байгаа. Хятадын компаниуд Гренландын уул уурхайн салбарт хөрөнгө оруулж эхэлсэн боловч эрх зүйн зохицуулалт, аюулгүй байдлын хориг саад нь тэдний урт хугацааны хөрөнгө оруулалтыг хязгаарласан хэвээр байна.
Арктикийн тээврийн маршрут ба худалдаа
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Арктикийн мөс хайлж байгаа тул шинэ далайн маршрутууд нээгдэж байна. Умард тэнгисийн маршрут гэх мэт маршрутууд нь Суэцийн суваг зэрэг уламжлалт гарцуудтай харьцуулахад Хятад, Европын хоорондох дамжин өнгөрөх хугацааг 40 хувь хүртэл бууруулж чадна. Гренландын байршил нь түүнийг Арктикийн шинээр гарч ирж буй тээврийн сүлжээнд байгалийн зогсоол эсвэл логистикийн цэг болдог бөгөөд Хятад улс үүнийг "Хойд туйлын торгоны замын" нэг хэсэг гэж нэрлэдэг.
Богино тээврийн зам нь зардлыг бууруулж, худалдааны замыг төрөлжүүлж, Малакагийн хоолой зэрэг боомт цэгүүдийг тойрч гарах нь бусад бүс нутгийн геополитикийн хурцадмал байдалд өртөмтгий байдлыг бууруулдаг.
Арктикийн стратегийн байршил
Хятад улс Арктикийн эргийн улс биш ч гэсэн Арктикийн асуудалд оролцогч тал гэж харагдахыг хүсдэг. Бээжин өөрийгөө "Арктикийн ойролцоох улс" гэж нэрлэдэг бөгөөд Арктикийн засаглал, шинжлэх ухаан, дэд бүтцийн салбарт үүрэг гүйцэтгэхийг эрмэлздэг.
Гренланд зэрэг нутаг дэвсгэрүүдтэй дипломат болон эдийн засгийн харилцаагаа хадгалах нь Бээжинд Арктикийн олон талт, хэлэлцээрт дуу хоолой, нөлөөгөө бэхжүүлэхэд тусалдаг.
Дэлхийн бусад гүрнүүдийн эсрэг тэнцвэр ба Геополитикийн үнэ цэнэ:
Хятад улс Арктикийн бүс дэх стратегийн хатуу өрсөлдөөнд оролцсоноор АНУ, НАТО-гийн орнууд болон Арктикийн бусад улсууд Хятадын ашиг сонирхлыг анхааралтай ажиглаж бас Гренланд дээр АНУ, Орос, Европын Холбоо, Хятадын хооронд илүү өргөн хүрээтэй геополитикийн тэнцвэрт байдалд байгааг харуулж байна. Хятадын оролцоо нь Арктик, Гренландад эдийн засаг худалдааны болон шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлэх нь нэг улсын ноёрхлыг олон тулгуурт болгон тэнцвэржүүлж байна.
ДҮГНЭЛТ
Одоогийн байдлаар Хятадын Гренланд дахь хөрөнгө оруулалтын нийт хэмжээний талаар тодорхой тоо баримт байхгүй ч судалгааны түвшинд, жижиг хэмжээний хөрөнгө оруулалт байгаа, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдээгүй байна гэж үзэж болно. Олон талын хүчин зүйлээс шалтгаалан ирээдүйд томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийх боломж бага байна.
Гренландад зарим Хятадын хувийн компаниуд (Жүн Ан гэх мэт) эрх зүйн нөхцөлийг хангагдаагүй, засгийн газрын бодлогын өөрчлөлт зэрэг янз бүрийн шалтгааны улмаас уул уурхайн тусгай зөвшөөрөл худалдан авч хөрөнгө оруулахыг оролдсон ч харин Хятадын төрийн өмчийн тэргүүлэх аж ахуйн нэгжүүд Гренландад том хэмжээний уул уурхайн төслүүд болон томоохон арилжааны үйл ажиллагаанд оролцохгүй байгаа бөгөөд Данийн болон орон нутгийн засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтад улам бүр болгоомжтой хандаж байгаа нь ч нөлөөлж байна.
Хөрөнгө оруулалтын тооцоолсон хэмжээ
Нийт хуримтлагдсан хөрөнгө оруулалт нь 500 сая ам.доллар орчим, түүнээс бага байх магадлалтай бөгөөд ихэнх нь бүрэн хэрэгжээгүй урьдчилсан хайгуул, техник эдийн засгийн үндэслэлийн судалгаанаас бүрддэг.
Бусад орнуудын (Дани, АНУ, Канад, Австрали гэх мэт) Гренландад оруулсан хөрөнгө оруулалттай харьцуулахад Хятадын компаниудын бодит хөрөнгө оруулалтын хэмжээ маш хязгаарлагдмал байна.















